Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Олон улсын стандарт, аргачлал ашиглан Монгол Улс анх удаа өнгөрсөн жил ойгоо тооллоо. Өмнө нь 1957, 1974 онуудад ойн тооллого хийж байсан ч тухайн үеийн ойг тоолох арга, ажиллагаа өөр байсан гэж салбарынхан нь тодотголоо. Зургаан сар үргэлжилсэн энэ удаагийн ой тооллогыг 4189 цэгийн 11 мянга 933 дээж талбайг хамруулж, хэмжиж шинжилсэн байна. Байгалийн ургалт буюу зөнгөөрөө ургаж буй сэргэг мод хангай бүсэд нэг га-д 4000 орчим, улсын дунжаар 3500 орчим мод тоологджээ. Байгалиасаа сэргэн ургадаг өсвөр модны дунджийг зориудаар тарьсан нэг га талбайтай харьцуулахад нэг мянгаар илүү байсан байна. Энэ бол өсвөр модын сэргэн ургалт хэвийн үргэлжилж буйн илрэл гэнэ. Цаашид нэг га-д буй 3500 залуу модоо тууштайгаар буюу сэргэн ургалтыг тасалдуулахгүйгээр арчилж, хамгаалах шаардлагатай болжээ. Энэ нь эргээд ойн бүсээ монголчууд эдийн засгийн эргэлтэд оруулж, ашигтай ажиллах боломжтой юм. Монгол Улсын нийт ойн 13.6 хувь нь түймрийн улмаас эргэж, сэргэхгүйгээр доройтжээ. Ялангуяа төвийн бүсийн ой доройтолд орж эхэлсэн байна. Харин хүн зориудаар ойн бүсийг устгаж, суурин хот байгуулах, тариалалтын талбай бий болгох зэрэг үйлдэл цөөн илэрчээ. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотыг тойрсон ногоон бүсийг хууль бусаар эзэмшлээ болгож, байшин барилга барих явдал нэмэгдсэнийг ойн газрын мэргэжилтэн Б.Отгонсүрэн тодотголоо. Үүнээс болж хот тойрсон ой хомсдолд орох эрсдэлтэй болжээ.

Монгол, Герман улсын Засгийн газрууд хамтарсан “Монгол Улсын ойн тооллого” төслийн судалгаанд Хөвсгөл аймгийг хөрсний бүтэц, агаарын чийгшлээрээ мод ургах, ойг бэхжүүлэхэд хамгийн тохиромжтой газар гэж тодорхойлжээ. Эсрэгээрээ Алтайн уулс орчим мод ургах хэцүү гэсэн байна. Харин Хэнтий аймгийн ойн бүс ургасан мод, ургамлын төрлөөрөө хамгийн баялаг нь байжээ. Монгол Улсын ойн дундаж насжилт 100-200 жил. 200 жилээс дээш насжилттай ой модны 40 хувь нь Алтайд бүртгэгдсэн байх юм.

Монгол Улсын их хурлаас баталсан мөнгөн дүнгээр нэг га доройтсон буюу устах аюултай ойг цэвэрлэхэд 120 мянган төгрөг шаардагддаг. Гэвч өнөөгийн нэг га ойг цэвэрлэх бодит үнэлгээ 285 мянга болдог аж. Харин шинээр мод тарих, суулгах одоогийн ханш нэг га-д 685 мянгаас хоёр сая хүртэл төгрөг байна.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж