Булган аймагт АН тахимаа өгч, МАН тодрох уу?

Хуучирсан мэдээ: 2020.05.28-нд нийтлэгдсэн

Булган аймагт АН тахимаа өгч, МАН тодрох уу?

Булган аймагт АН тахимаа өгч, МАН тодрох уу?

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид албан ёсоор тодорсон учраас NEWS агентлаг энэ удаад нэр дэвшигчдийг тойрог тус бүрээр нь сонгогчийн боловсролд мэдлэг нэмж, хэн нь хэн бэ гэдгийг танилцуулан хүргэж байгаа билээ. Бид энэ удаад Булган аймагт нэр дэвшигчдийг онцолж байна.

Энэ удаагийн сонгуульд нам, эвслээс долоон хүн хоёр мандатын төлөө өрсөлдөхөөр СЕХ-нд бүртгүүлээд буй. МАН, АН гээд нам, эвслээс нэр дэвшигчид нь ерөнхийдөө сэлгээ орж, өөрчлөгдсөн тойрог. Мандатын хувьд ч нэг байсныг энэ удаад хоёр болгож нэмэгдүүлсэн. Нэр дэвшигчид дунд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг эс тооцвол бусад нь бүгд шинэ, залуучууд учраас хүч тэнцвэргүй тулаан болно гэж харах хүмүүс бий. Гэхдээ Булганчууд шинэ залуучуудад итгэл үзүүлэхийг үгүйсгэхгүй.

МАН УЛСТӨРЧ, БИЗНЕСМЕН ХОЁР ГАНЗАГА НИЙЛНЭ

МАН-аас энэ удаад Булган аймагт УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, “Сод Монгол” группийн эзэн Ц.Анандбазар нарыг нэр дэвшүүлж буй. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн хувьд Булганчуудад шинэ хүн биш. 2016 оны сонгуульд ганц мандат дээр өрсөлдөн ялалт байгуулж, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Булганчуудыг УИХ-д төлөөлсөн. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдаар түр хугацаанд ажилласныг нь эс тооцвол шинэ гишүүдээс тодрох зүйл тун ховор. Түүний хувьд угаас зам, тээврийн салбартай холбоотой байсаар ирсэн бөгөөд өмнө нь Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан туршлагыг нь бодож МАН Засгийн газар байгуулахдаа түүнийг сайд болгосон. Гэхдээ түүний сайдынх нь алба нас богинотой байв.

Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарч, тэрбээр өөрөө ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаа өгсөн. Мэдээж салбар яам бүрт олон асуудал байдаг ч түүнийг Зам, тээврийн хөгжлийн яамыг удирдах хугацаанд хоёр газрын дарга нь муудалцаж, нэг нь шороонд, нэг нь шоронд орсон гэх гашуун хар толботой үлдсэн. Мэдээж сайд нь ажлаа өглөө гээд үхсэн хүн босч ирэхгүй, хүний амь бүрэлгэсэн нь худал болчихгүй ч ёс зүйн хувьд хариуцлагаа хүлээсэн Ж.Бат-Эрдэнээс төрийн албанд байх ёстой чанар, зарчимч чанар “үнэртдэг” гэдгийг улс төрийн хүрээнийхэн дүгнэдэг.

МАН түүнтэй дөрөө харшуулж “Сод Монгол” группийн эзэн Ц.Анандбазарыг нэр дэвшүүлж буй. Үнэндээ нэг мандаттай байсан тойргийг Ц.Анандбазарт “зориулж” хоёр болгосон гэх яриа улс төрийн хүрээнд яригддаг. Стратегийн ач холбогдолтой шатахууны салбарт монополь компаниудыг удирддаг Ц.Анандбазарын хувьд бизнесмен хүн. Нэгэн цагт экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын  туслахаар ажиллаж явсан Ц.Анандбазарын талаар хэвлэлийн хуудаснаа бараан мэдээлэл олон бий. Бизнесийн салбарт яваа хүн бүрийг дагадаг хуулийн байгууллагын шалгалт, залилан, авлига гээд Ц.Анандбазарыг ч дагадаг. Түүнээс гадна тэрбээр улс төрд шинэ хүн биш. Өмнө нь хэд хэдэн удаа Булган, Дорноговь аймагт нэр дэвшиж байсан түүхтэй. Тиймээс ч энэ удаад МАН түүнд “зориулж” нэг мандат бий болгосон гэх яриа гарсан биз ээ.

АН ШИНЭ ХҮМҮҮС ДЭВШҮҮЛЭВ

Олон удаагийн сонгуулиар улаантаж байсан Булганчуудад энэ удаад Ардчилсан нам шинэ, залуучуудаа илгээв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Өсөхбаяр, Хангай констракшн ХХК-ийн захирал С.Гал-Эрдэнэ нарыг нэр дэвшүүлж буй. С.Гал-Эрдэнийн хувьд Булган аймгийн Ардчилсан намын Дэд дарга, Булган аймгийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнээр ажилладаг. Харин Д.Өсөхбаярын хувьд Монголын жүдо бөхийн холбооны дэд тэргүүн, Орхон аймгийн МоАХ-ын дарга, “Орхон чандмань” компанийн захирал, Ерөнхийлөгчийн зөвлөх. Өөрөөр бол АН-аас нэр дэвшигчид олны “танил” биш. Тэд УИХ-ын гишүүн болон Монголын толгой бизнесментэй өрсөлдөх учраас хүч тэнцвэргүй тулаан болно хэмээн улс төрийн хүрээнд яригдаж эхэлжээ.

ГУРАВДАГЧ ХҮЧНИЙ ГОЛ ХҮЧ Б.ГҮНБИЛЭГ 

УИХ-ын дарга М.Энхболдын хуулийн зөвлөх асан Б.Гүнбилэг энэ удаад“Зөв Хүн-Электорат” эвслээс нэр дэвшиж буй. Хуулийн салбарынхан, хуульчид дундаа тэрбээр багагүй нэр хүндтэй нэгэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Булган аймгаас нэр дэвшихээр бэлтгэлээ базааж, МАН-аас нэр дэвших байсан ч нам нь итгэл үзүүлээгүй учир ийн өөр эвслээс нэр дэвшиж байгаа. Түүний хувьд Ардчилсан намаас илүү МАН-ын нэр дэвшигчдэд “гай” болно хэмээн тооцож, яригдаж буй.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж