БНХАУ-ын Дарга Ши Жиньпин цар тахлаас болж Вашингтон, Бээжингийн хооронд үүссэн үл ойлголцол хурцдаж байгаа болон Хонгконгийн байдлаас шалтгаалан улсынхаа цэргийн хүчийг чангатгаж, тулааны бэлэн байдлыг сайжруулна хэмээн өчигдөр/2020.05.26/ мэдэгджээ.
Ши энэхүү мэдэгдлээ БНХАУ-ын эрх баригч намаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бүх Хятадын ардын их хуралд оролцож байхдаа хэлжээ. БНХАУ өнгөрсөн долоо хоногт 2020 оны армийн төсвөө 6.6 хувь буюу 178 тэрбум ам.доллараар нэмэгдүүлснээ зарласан билээ. Гэвч энэ нь цар тахал дэгдэхээс өмнө армийн шинжээчдийн тооцоолж байснаас бага зэрэг доогуур нэмэлт болжээ.
Харин АНУ дэлхийн хамгийн өндөр армийн төсөвтэй орон билээ. Тухайлбал 2020 онд АНУ армидаа 738 тэрбум ам.доллар төсөвлөсөн нь дэлхийн нийт армийн төсвийн 40 хувийг дангаараа эзэлж байгаа юм. АНУ дэлхий даяар ХБНГУ, БНСУ тэргүүтэй олон оронд хэдэн зуун цэргийн бааз эзэмшдэг бол БНХАУ зүүн Африкийн Жибутид ганц баазтай аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ыг цар тахлын тухай мэдсэн ч нууцалж, улмаар АНУ болон бусад орнуудыг төөрөгдүүлсэн хэмээн буруутгаж байгаа билээ. Улмаар тэрбээр Бээжингийн Хонгконгод нэвтрүүлэх гэж буй шинэ хуульд боломжит хоригуудыг тавьж, хагас автономит эрхтэй Хонгконгийн хууль ёсны болоод эдийн засгийн бие даасан байдлыг дэмжих болно хэмээн заналхийлж байгаа юм.
Харин Бээжингийн зүгээс цар тахлын мэдээллийг ил тод зарлаагүй гэсэн шүүмжлэлийг эсэргүүцэж байгаа юм. Мөн Хятадыг дэмжигч Хонгконгийн удирдагч Керри Лэм өчигдөр/2020.05.26/ хонгконгчуудын үг хэлэх, цуглах эрх чөлөөг боосон хэмээн шүүмжлэл дагуулж буй Бээжингийн нэвтрүүлж буй шинэ хууль иргэний эрхийг огт зөрчихгүй хэмээн мэдэгджээ. Тэрбээр “БНХАУ-ын хэлэлцэж буй энэ асуудалд хонгконгчууд санаа зовох ямар ч шаардлагагүй” хэмээсэн байна.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Еи олон улсын цар тахалтай тэмцэх үйлст Хятад саад болж байна гэх Трампын мэдэгдлийг няцаан “АНУ-ын зарим улс төрийн хүчин хоёр орны найрсаг харилцааг дэнчин тавьж Вашингтон, Бээжингийн хооронд шинэ хүйтэн дайн эхлүүлэхэд ойрхон байгаад бид санаа зовж, анхаарлаа хандуулж байна” хэмээн мэдэгджээ.
Ши цэргийн хүчээ чангатгах талаар илүү нарийн мэдээлэл болон зогсонги байдалд орсон гэгдэх АНУ, БНХАУ-ын худалдааны гэрээний талаар мэдээлэл өгөөгүй бөгөөд цар тахлыг тогтоон барих үр дүнтэй аргын талаар үргэлжлүүлэн ярьжээ.
Мөн Японы хэвлэлүүдийн мэдээлснээр Бээжин энэ зун Хятадын өмнөх тэнгисд том хэмжээний цэргийн сургуулилт хийхээр зорьж байгаа гэнэ. Тус тэнгисийн зарим хэсэг Тайванд хамаарагддаг гэх бөгөөд БНХАУ салан тусгаарлаж буй тус улсыг дахин өөрийн улсын нэг хэсэг болгохыг санаархсандаа дээрх сургуулилтыг зохион байгуулж байгаа хэмээн зарим ажиглагч хардаж байгаа аж.
Вашингтонд төвтэй гадаад харилцааны зөвлөл тавдугаар сарын 21-нд гаргасан дүгнэлтээрээ “БНХАУ болон АНУ хоорондын худалдааны гэрээ, цар тахалтай холбоотой үл ойлголцол энэ хэвээрээ үргэлжилсээр байвал өмнөд Хятадын тэнгист цэргийн мөргөлдөөн үүсгэх эрсдэл ирэх 18 сарын хугацаанд арилахгүй” хэмээн анхааруулсан байна.
Эх сурвалж: USA TODAY