Английн хөлбөмбөгийн Премьер лигийн Манчестер Сити багийн домог Глин Пардое өнгөрөгч Мягмар гаригт 73 насандаа харамсалтайгаар таалан төгссөн тухай тус багийн зүгээс мэдээллээ. Глин Пардое 1962 онд 15 нас 314 хоногтойдоо Манчестер Сити багийн төлөө талбайд гарч, тус багийн түүхэн дэх хамгийн залуудаа нэгдүгээр багт дэвшин тоглосон тамирчин болжээ.
Пардое тамирчны замналаа довтлогчоор эхлүүлсэн боловч хамгаалагчаар тоглож, 1968 онд лигт, 1969 онд ФА цомд түрүүлэхэд нь багтаа туслан 1970 оны лигийн цомын шигшээ тоглолтод Вест Бромвич Албион багийн эсрэг хожлын гоол оруулсан домогт нэгэн.
Мөн тэрээр 1970 онд Манчестер Сити баг Европын "Цомтой багуудын цомын тэмцээн"-д түрүүлэхэд багийн бүрэлдэхүүнд нь багтаж байжээ.
1970 онд тэрээр Манчестер Юнайтед багийн довтлогч Жорж Бесттэй бөмбөгний төлөө тэмцэлдэж байгаад харамсалтайгаар хөлөө хугалан хоёр жилийн турш эмчилгээ хийлгэжээ. Пардое бүхий л амьдралаа Манчестер Сити багийн төлөө зориулж, нийт 380 тоглолтод оролцон 22 гоол оруулж 1976 онд их спортоосоо зодог тайлсан аж.
Холбоотой мэдээ