Хөхүүрийн айраг исгэх уламжлалыг ЮНЕСКО-д бүртгэсэн батламжийг гардууллаа

Хуучирсан мэдээ: 2020.05.27-нд нийтлэгдсэн

Хөхүүрийн айраг исгэх уламжлалыг ЮНЕСКО-д бүртгэсэн батламжийг гардууллаа

Хөхүүрийн айраг исгэх уламжлалыг ЮНЕСКО-д бүртгэсэн батламжийг гардууллаа

ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийн батламж гардуулах ёслол өнөөдөр/2020.05.27/ ГХЯ-нд боллоо.

Тус арга хэмжээний үеэр Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Д.Цогтбаатар ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл өвийн батламжийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг болон холбогдох байгууллагуудын төлөөлөл болох Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат, “Айргийн нутгаар” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Тайванжаргал, Байгаль соёлын өвийг хамгаалах сангийн тэргүүн Н.Уртнасан нарт хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.

ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцын Засгийн газар хоорондын хорооны 14 дүгээр ээлжит чуулган Бүгд Найрамдах Колумби Улсын нийслэл Богота хотноо 2019 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр хуралдаж, Монгол улсаас нэр дэвшүүлсэн ‘Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг авч хэлэлцэн ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэх шийдвэрийг гаргасан билээ.

Арга хэмжээний нээлтийн үеэр Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Д.Цогтбаатар: Covid-19 цар тахал дэлхий нийтийг аймшигт автуулаад буй цаг үеийн онцгой нөхцөл байдалд байгаа хэдий ч Хүн төрөлхтний соёлын биет бус өв болохыг баталсан батламжийг гардуулах ёслолын арга хэмжээг хойшлуулах нь тухайн өв, түүний үнэ цэнийг ард иргэд, олон нийтэд таниулан сурталчлах үйл явцыг алдагдуулна хэмээн үзэж энэхүү ёслолын арга хэмжээг цаг үеийн нөхцөл байдалд тохируулан зохион байгуулж буйг онцлов.

Мөн тэрбээр “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхтэй холбоотой бүртгэл судалгаа, нэр дэвшүүлэх баримт бичгийг боловсруулан хүргүүлэх ажлыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага сүүлийн таван жилийн туршид тууштай хийж гүйцэтгэсний үр дүнд ийнхүү бүртгэгдсэнийг тодотгоод бүх оролцсон хүнд баяр хүргэв.

"Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өв нь Монгол Улсаас ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 15 дахь өв юм. Монгол Улс ЮНЕСКО-гийн 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцид нэгдэн орсноос хойш 2008-2020 онд нийт 15 өв бүртгүүлээд байна. Үүнд:

Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн жагсаалтад:

  • Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008)
  • Монгол ардын уртын дуу (2008)
  • Монгол наадам (2010)
  • Монгол ардын Хөөмэйн урлаг (2010)
  • Шувуулахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл (12 улстай хамтран бүртгүүлсэн ) (2010)
  • Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013)
  • Шагайн харваа (2014)
  • Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл (2020)

ЮНЕСКО-гийн Яаралтай хамгаалах шаардлагатай СББӨ-ийн жагсаалтад:

  • Монгол тууль (2009)
  • Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг (2009)
  • Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009)
  • Монгол Лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил –битүү амьсгаа (2011)
  • Монгол уран бичлэг (2013)
  • Ингэ хөөслөх буюу ботго авахуулах зан үйл (2015)
  • Уул овоо тахих зан үйл (2017) тус тус бүртгэгдээд байна.

Үндэснийхээ соёлын биет бус өвийг ЮНЕСКО-д бүртгүүлж батал­гаа­жуулна гэдэг нь тухайн улс үндэст­­ний нэр төрийн хэрэг бөгөөд дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн хүндтэй үүрэг хариуцлага гэж үздэг. ЮНЕСКО-д бүртгүүлснээр тухайн өвийг орон нутаг, улс үндэстэн, олон улсын төвшинд танин мэ­дүүлж, хадгалж хамгаалах, сэргээн ами­луулах, түгээн дэлгэрүүлэх явдал хам­гийн чухал юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж