ШХАБ-ын гишүүн орнуудын тэргүүн нарын дээд хэмжээний жил тутмын уулзалт энэ жил ОХУ-д болох товтой. Уламжлал ёсоор уулзалт зургадугаар сарын сүүл, долдугаар сарын эхээр явагддаг. ОХУ-д болох уулзалт долдугаар сарын 22-наас 23-нд Санкт-Петербург хотод болох ёстой байсан ч коронавирусийн цар тахлын улмаас хугацааг нь хойшлуулж байгаа ажээ. Хэдийгээр албан ёсны мэдээлэл гараагүй байгаа ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ойрын эх сурвалжийн хэлснийг РИА Новости мэдээллээ.
Коронавирусийн халдвар дэлхийн олон улс оронд, тэр дундаа ШХАБ-ын гишүүн орнуудад ч өндөр түвшинд тархсан нь уулзалтын товыг хойшлуулах шалтгаан болж байгаа юм. Одоогоор хугацааг тодорхойлоход төвөгтэй байгаа бөгөөд намар хавьцаа байх төлөвтэй байгаа ажээ.
Нөхцөл байдалтай уялдан олон улсыг хамарсан арга хэмжээг онлайнаар хийх хэлбэрийг дэлхийн улс орнууд ашиглаж байгаа. Гэхдээ онлайн хурлын хэлбэрийг ШХАБ-ын хүрээнд хэрэглэх боломж бараг байхгүй хэмээн уг эх сурвалж хэлжээ. “Онлайн хурал хийх асуудлаар хангалттай харилцан ойлголт байхгүй” хэмээн эх сурвалж хэлжээ.
Холбоотой мэдээ