УИХ шантааж хийдэг газар биш болсон!

Хуучирсан мэдээ: 2020.05.27-нд нийтлэгдсэн

УИХ шантааж хийдэг газар биш болсон!

УИХ шантааж хийдэг газар биш болсон!

Шинэ Үндсэн хуулийг орон даяар дагаж мөрдөөд гурав хонож байна. Өнгөрөгч Даваа гаригаас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн “төр-ард түмний” хоорондын шинэ гэрээний талаар мэдэж байгаа иргэн цөөн. Мэдэж байгаа нэг нь, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмсэн гэх ерөнхий мэдээлэлтэй байна. Нэр дэвшигчид ч шинэ Үндсэн хуулийг “а, б”-гүй уншсан бол дор хаяж 474 сая төгрөгөөр “шатах”-ыг хүсэхгүй байх. Бие дааж болон эрээвэр, хураавар нам, эвсэлээс нэр дэвшиж байгаа хүмүүс ихэнхдээ УИХ-д орчихвол амархан хөлжинө гэсэн хөнгөн бодолтой байх шиг. Аргагүй ч биз, гишүүн болсон найз нөхөд, танил талынх нь амьдрал нүдэн дээр сайжраад, машинаа томруулж, хоёр гүүр даваад явчихдаг болохоор УИХ-ыг олон хүн одоо ч мөнгө хийдэг газар гэж ойлгодог хэвээрээ байх шиг. 2016-2020 онд төр барьсан гишүүдийн орлого жилийн дотор л дөрөв дахин өсч. Т.Аюурсайханы гэр бүлийн орлого 2017 онд 9.9 сая байсан бол 2018 онд 53.1 сая төгрөг болж, тав дахин нэмэгдэж, Х.Нямбаатарын гэр бүлийн орлого 2017 онд 2016 оныхоос дөрөв дахин өсч, жилийн орлого нь 100 сая төгрөг болжээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн жилийн орлого гишүүн болохоосоо өмнө 30 сая төгрөг байсан бол  2018 онд ХОМ-тээ 461 сая төгрөг гэж бичжээ.

Тэгвэл парламентын сонгуулийн санал хураах өдрөөс яг нэг сарын өмнө хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэг дэвшилтэд зүйл нь УИХ-ын гишүүнийг хууль тогтоож, Засгийн газрыг хянахаас өөр эрх мэдэлгүй болгосон.

Өөрөөр хэлбэл, сайд болох, шархаа нөхөх, шантааж хийх гэж УИХ-д орж ирдэг явдал цэгцлэгдэж, шинээр бүрэлдэх парламентаас хууль тогтоогчид гүйцэтгэх засаглалын бодлого, сайд нарын томилгоонд оролцох боломжгүй гэсэн үг.

Парламент бол хууль тогтоох төрийн дээд байгууллага. Бөх барилддаг, шүлэг хэлэлцдэг, дуу дуулдаг, морь уядаг газар биш. Хууль тогтоодог учраас тэнд хуульчид, эдийн засагчид голлох ёстой. Мэргэжлийн хуульч, эдийн засагч олон байж Монголын хөгжлийн бодлогыг зөв тодорхойлно. Зургадугаар сарын 24-нд халаагаа өгөх Г.Занданшатарын парламентын гишүүдийн CV-г харахад 18 нь эдийн засагч, 16 нь инженер, 15 нь хуульч, эрх зүйч, тав нь багш, дөрөв нь бөх, хоёр нь яруу найрагч.

Мэдээж, Ц.Нямдоржийн хэлдэг ТМС-ийн хуульчид энд хамаагүй. Ж.Батзандан гэхэд хуульч мэргэжилтэй гэх ч үнэндээ хууль батлахаасаа илүү энтертаймент үзүүлэх нь элбэг. С.Жавхлан энэ дөрвөн жилд ганц ч хууль санаачлаагүй, Б.Наранхүү зөвхөн сайд огцруулах, чөлөөлөх үеэр үзэгддэг.

Урд өмнө нь УИХ нь Засгийн газрын бүхий л үйл ажиллагаанд оролцдог, бараг 76 гишүүн болгон сайд болчихсон бодлого ярьж, мөнгө хуваарилаад суудаг байв. Сайд огцруулах, чөлөөлөхөд чуулганы хуралдааны ирц зуун хувь, Монголын эдийн засаг, хөгжлийн бодлогыг хэлэлцэхэд 39 хүрэхгүй хүн хууль батлаад, товчлуур тоглоод суудаг байсан. Шинээр бүрэлдэх парламентад 39 дээш хүн хууль батлах заалтыг Үндсэн хуульд суулгаж өгснөөр гишүүд зөвхөн үндсэн ажлаа л хийнэ гэсэн үг.

 Засгийн газрын сайдуудын дөрөв нь давхар дээлтэй, танхимын сайдуудаа Ерөнхий сайд өөрөө томилж, чөлөөлөх эрх мэдэлтэй болсноор бүлэглэлүүдийн шахалт, гишүүдийн барьцаанаас гарч, тэдэнтэй албан тушаал, тендер, концесс наймаалцах шаардлагагүй болсон.

Сайдын суудлаар нь барьцаа хийж, төсөв хэлэлцэх үеэр 76-уулаа мөнгө нэхээд суучихдаг. Эсвэл томоохон төсөл хөтөлбөрүүдийг гацаадаг нь Монголын парламентын ужиг үзэгдэл байсан. Ах дүү хамаатан садныг ажилд авахгүй, тендер өгөхгүй, бизнесийг нь дэмжихгүй бол “огцруулна” гэж бичиг бариад шантааж хийдэг гишүүд энэ парламентаар эцэслэгдэнэ. Хэрэвзээ, аль нэг нам олонх болж, хүчтэй Ерөнхийлөгчтэй болж чадвал шүү дээ.

Тэр тусмаа ирэх дөрвөн жилийн эдийн засгийн хамгийн хүнд сорилтуудтай Монгол Улс нүүр тулна. Цар тахлын улмаас ажилгүйдэл, ядуурал нэмэгдэж, экспорт, импорт буурна. Хар, саарал жагсаалтаас гарах, ОУВС-тай хамтрах эсэхээ шийдэх, бондын өр төлбөрүүдийг цаг хугацаанд төлөх эдийн засгаа сэргээх, хөгжүүлэх том ачаа үүрнэ. Үндсэн хуулийн шинэчлэлтийг дагасан олон хуулийн шинэчлэлт явагдана. Энэ бүгдийг хэлэлцэж, хийж чадах мэргэжлийн парламентыг бид бүрдүүлэх ёстой.

Үндсэндээ, Үндсэн хуулийн шинэчлэлтээр УИХ ердөө хууль хэлэлцдэг байгууллага болсон! Тиймээс сайд болж, шантааж хийж, шархаа нөхнө гэсэн горьдлоготойгоор УИХ-д нэр дэвшиж байгаа бол  шатахаасаа өмнө сайн бод!

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж