Монгол Улсын Ерөнхий сайд өнөөдөр /2020.05.27/ "Чингис хаан" музейн барилгын явцтай танилцлаа. Музейн есөн давхар барилгын ажлыг "Билгүүн Монгол констракшн" компани гүйцэтгэж байна.
Тус компанийн удирдлага "Үндэсний их баяр наадам гэхэд зургадугаар давхрын цутгалт дуусна. Наймдугаар сард цутгалт бүрэн дуусч, дараагийн ажилдаа орно. Музейн барилгыг арванхоёрдугаар сард ашиглалтад өгөхөөр зорьж байна" гэдгийг хэлж байв. Энэ үеэр БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ц.Даваацэрэнгээс музейн сан хөмрөгийн талаар тодрууллаа.
-“Чингис хаан” музейн барилгын ажил хэдэн хувьтай үргэлжилж байна. Музейн сан хөмрөгийн судалгааны ажил ямар шатандаа явж байна вэ?
-“Чингис хаан” музейн бүтээн байгуулалтын ажлын явц 13-15 орчим хувьтай байна. Одоо барилгын суурийг цутгаж дуусаад, нэгдүгээр давхрын ажил эхэлсэн. Барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна. Бид одоо музей доторх үзмэрийн дэглэлт ямар байх вэ гэдэгт анхаарч ажиллаж байна. Мөн дээрээс нь музейн сан хөмрөгийг баяжуулах, үзмэр цуглуулах, шинээр хийлгэхээр салбар яаманд долоон ажлын хэсэг гарсан. Барилга угсралтын ажлын хажуугаар музей доторх бүхий л бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна.
-Одоо үйл ажиллагаа явуулж байгаа музейн сан хөмрөгүүдээс авах уу?
-Мэдээж үйл ажиллагаа явуулж байгаа музейн сан хөмрөгөөс “Чингис хаан” музей рүү шилжүүлнэ. Одоогоор хэчнээн музейн сан хөмрөгөөс үзмэр шилжүүлэхийг эцэслэн шийдээгүй байна. Музейн сан хөмрөгүүдэд сайтар судалгаа хийж, шууд холбогдолтой 400 орчим үзмэрийн жагсаалтыг гаргасан. Мөн гадаад улсын томоохон музейгээс эх хувилбарыг нь болон хуулбарлаж авах, хувь хүний гар дээрээс худалдан авахаар судалж байна.
Чингис хааны амьдарч байсан тухайн цаг үеийн ихэс дээдсийн түүхийг харуулсан музей шүү дээ. Тийм учраас XIII зуун, түүний өмнөх болон дараах үеийн хаадын хэрэглэж байсан эд зүйлсийг дэлгэнэ.
-Чингис хаантай холбоотой үзмэрийг гадаадын хэд хэдэн музейн хуулбарлан авах жагсаалтыг гаргасан гэсэн үү?
–Өмнө нь “Чингис хаан” музейн шав тавих ёслолын үеэр Санкт-Петербург хотын Эрмитаж музейгээс ирсэн “Чингисийн чулууны бичиг”-ийн хуулбарыг танилцуулж байсан. Мөн Японы музей, сүмүүдэд хадгалагдаж буй монгол хаадтай холбоотой баримт бичгүүдийг хуулбарлахаар төлөвлөөд байна. Гэхдээ эцэслэгдээд гарын үсэг зурсан ажил хараахан байхгүй. Нөгөө тал манай саналыг хүлээн авч, сайтар судална. Түүхэн үзмэрийн хуулбар хийх ажил цаг хугацаа, хөрөнгө мөнгө чамгүй шаарддаг. Чингис хаантай холбоотой түүхэн үзмэр хуулбарлан авах жагсаалтыг бэлтгэсэн. Уг жагсаалтыг шууд олон нийтэд мэдээлэх боломжгүй. Одоохондоо бид дөнгөж саналаа хүргүүлээд, судлуулж байна.
-Хэчнээн эрдэм судлаачидтай хамтран ажиллаж байгаа вэ?
-“Чингис хаан” музейн ажлын хэсэгт нийтдээ 130 гаруй хүн ажиллаж байна. Үүнд нэртэй эрдэмтэн судлаач, академич нар багтсан.
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ