Т.Ганболд ХҮН-ыг сонгожээ

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Т.Ганболд ХҮН-ыг сонгожээ

Өнөө өглөө жиргээний ертөнцийг хачирласан нэгэн үйл явдал бол “Алтан Дорнод Монгол”-ын Т.Ганболд МАН-аас албан ёсоор гарах тухай байв. “Сонгууль ойртож ялах магадлалтай нам руу горилогсод хөвөрч байхад орхиод гардаг… Залуучууд нь тойргоо булаацалдаад үйлээ үзэж байхад” хэмээн улс төр сонирхогсод шогшров. Т.Ганболд МАН-ын зөвхөн гишүүн бус бага хурлын бүрэлдэхүүнд байсан нь хэн хүнд олдоод байдаггүй суудал юм. Намаасаа гарахыг хүссэн өргөдөлдөө “ Би цаашид улс төрийн үзэл баримтлал илүү ойр нөхөдтэйгээ хамтарч ажиллана” гэжээ. Мөн “хангалттай арвин боловсон хүчний нөөцтэй МАН-д амжилт хүсье” гэсэн байна. Энэ явдлыг зарим хүн МАН мэдлэгтэй эдийн засагч, бизнесийн салбарт нэр нөлөөтэй гишүүнээ алдлаа хэмээж байна.

Түүнийг намаас гарсан тухай жиргэмэгц “Тосоод авах нөхөд дүүрэн байх даа" хэмээн нийтлэлч Г.Отгонбаяр хариу жиргэсэн нь шууд биелэлээ олов. Т.Ганболд Хөдөлмөрийн үндэсний намыг сонгож, дөнгөж сая шинэ намын батлахаа гарджээ.

МАН-ын залуу үеийн төлөөлөл, амжилттай бизнесмэн, хунтайж нарын бүлэг (эцэг эхээсээ УИХ-ын суудал өвлөн авсан болон өндөр албан тушаалтны хүүхдүүдийг хамарсан бүлэг МАН-Д байдгийг ингэж нэрлэдэг) биш өөрөө өөрийгөө бүтээж бий болгосон, хотын унаган хүүхэд гэдгээрээ Т.Ганболд олон нийтэд өөрийн имиж, нэр хүндтэй. Түүнийг аль намыг сонгох вэ гэдэг хөөрхөн таавар байлаа. Бас араас нь дагаад алхах залуучууд ч байгаа гэнэ. Тэгвэл Т.Ганболд ХҮН-ыг сонгожээ. Намд элсэх үедээ “Би МАН-аас ялагдал хүлээсэн хүнд хэцүү цагт гараагүй. Өөрт байгаа бүх бололцоогоороо өнгөрсөн жилүүдэд намаа дэмжиж ажилласан. Одоо бол өөрийнхөө туршлага, эдийн засаг бизнесийн салбарт болохгүй байгаа зүйлийг өөрчлөх хүсэл, мэдлэг туршлагаа хуваалцахаар энэ шинэ намд элсэн орж байна. Энэ намд элсэх олон хүчин зүйл байгаа. 25 жилийн хөгжлийн энэ явцад өнөөдрийн эрх барьж байгаа том намууд юу хийж чадав, юу хийж чадсангүй вэ гэдэг дээр бодох хэрэгтэй. Улс орнууд үсрэнгүй өөрчлөлтийг гаргаж чаддаг, хөгжиж болдог ийм цаг хугацааг бид өнгөрөөлөө. Харамсалтай нь өнөөдөр бид хүссэн хөгжил дэвшилдээ хүрээгүй байна гэдэг дүгнэлтийг би хувь хүний хувьд хийж байгаа. Үүнийг ард түмэн ч гэсэн мэдэрч байгаа, харж байгаа. Тийм болохоор энэ намыг илүү их хурдтай, илүү их хүчтэй, илүү их бодитой үйл ажиллагаа явуулж улс орноо хөгжилд аваана гэсэн итгэл үнэмшлээр энэ намд элслээ” гэсэн байна

Монголын улс төрийн шинэ хүчний нэг Хөдөлмөрийн үндэсний намд элсэх залуусын сонирхол нэмэгдсээр байгаа гэнэ. Хэдэн удирдагчийнхаа халааснаас гарч чадахгүй, салхивчаараа агаар оруулахаа больсон АН, МАН-аас өнөөдөр олон залуус залхаж байна. Тэд шинийг хүсч, улсаа хөгжүүлэхийн төлөө нэгдэцгээж байна. Тиймээс шинэ үеийн сэхээтэн залуусын сонголт ХҮН болжээ.

Т.БАЯР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж