”Оюутолгой 1.3 тэрбум ам.доллар төсөвт төвлөрүүлсэн”

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

”Оюутолгой 1.3 тэрбум ам.доллар төсөвт төвлөрүүлсэн”

“Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн гэрээнд өчигдөр талууд гарын үсэг зурсан. Тодруулбал, Монголын тал хөрөнгө оруулагч тал болох “Туркоиз Хилл” компани, олон улсын арилжааны 15 банкны төлөөлөл гэрээг үзэглэсэн юм.

Энэ талаар Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболд нар “Сайдын цаг” уулзалтад оролцох үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-“Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээг үзэглэлээ. Монголд орж ирэх хөрөнгө оруулалтын үр дүнд ам.долларын ханш буурах уу?

Р.Жигжид: “Оюутолгой” төсөлд 2009-2014 он хүртэл 7.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 2.0 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн байна. Мөн төсөвт 1.3 тэрбум ам.долларын татвар төвлөрүүлсэн. Далд уурхайн бүтээн байгуулалтын хүрээнд 4.4 тэрбум ам.долларын гэрээнд талууд гарын үсэг зурлаа. Оюутолгойн ордын алт, зэсийн 80 хувийг гүний уурхайгаас олборлоно.

Б.Бямбасайхан: Оюутолгойн бүтээн байгуулалтын ажил дуусахад 6-7 тэрбум ам.долларын зардал гарна. Зээлийн санхүүжилт он гараад орж ирнэ.

-“Оюутолгой” компанид Монголын тал 34 хувийг эзэмшиж байгаа. Үр ашгаа хэзээ хүртэх вэ. Нөгөөтэйгүүр Монголын Засгийн газрын өр хэмжээ хязгааргүй болж байгаа юм биш үү?

-Оюутолгой компанид 6400 монгол ажилтан ажиллаж байна. Аливаа төсөл үр өгөөжөө хурдан хугацаанд өгч, мөнгөөр бороо ордоггүй. Эдийн засгийн хөгжил муутай манайх шиг буурай оронд үр дүн нь аажмаар мэдэгдэнэ. 2017-2018 онд зэсийн ханш тогтворжино. Зэс 2011 оны хоёрдугаар сард 10 мянган ам.долларт хүрч байсан бол энэ сарын 15-ны байдлаар 4685 ам.доллар болж буураад байна. Зэсийн ханш аажмаар унаж байна. Гэхдээ мэдээж 0 ам.доллар болно гэж байхгүй. Хүн төрөлхтөнд зэсийн хэрэгцээ ямар их хэрэгтэй билээ. Өсөлт бууралтын цикл явагдаж байгаа юм. Тиймээс 2018 он гэхэд зэсийн ханш эргээд өснө.   

Дашрамд, далд уурхайгаас олборлох зэс, алтны агууламж ил уурхайгаас олборлож байгаагаас өндөр аж. Агууламж өндөр учир далд уурхайгаас нэг тонн зэсийн баяжмал олборлох зардал ил уурхайгаас олборлодгоос харьцангуй бага юм байна.

С.ЗАЯА

ЭХ СУРВАЛЖ: WWW.EAGLE.MN

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж