Ц.Цэрэнлхам: Хөгжимд би үхтлээ дурлачихсан

Хуучирсан мэдээ: 2015.12.17-нд нийтлэгдсэн

Ц.Цэрэнлхам: Хөгжимд би үхтлээ дурлачихсан

Улсын филармонийн симфони найрал хөгжмийн инспектор, Соёлын тэргүүний ажилтан, хийлч Ц.Цэрэнлхамыг энэ удаагийн “Чухал хүн” буландаа урьж, ярилцлаа. Тэр бол яах аргагүй чухал хүн. Улсын филармонийн симфони найрал хөгжмийг тоглож байгаа хөгжимчдийг удирдаж, зохион байгуулж авч яваа нэгэн. Мөн 31 жилийн турш хийл хөгжим тоглож, хөгжмийн урлагт зүрх сэтгэлээ зориулж яваа  уран бүтээлч билээ. 

-Монголын томоохон ур­лагийн байгууллагад чад­вартай уран бүтээлчид олон бий. Тэр чадварлаг, гайхалтай уран бүтээлчдийг ард түмэн төдийлөн сайн мэддэггүй. Олон хөгжимчдийнхөө дунд суугаад, хөгжмөө тоглоод л  явж байдаг учраас. Тийм уран бүтээлчдийн нэг нь та. Тэгвэл хөгжмийн урлагтай холбогдсон түүхээ эргээд нэг дурсвал сонирхолтой байх болов уу?

-Миний хөгжмийн урлагтай амьдралаа холбосон түүх их сонин. Хүмүүс сонирхлоо дагаж урлагийн сургуульд ордог доо. Ээж, аав нь хүүхдээ урлагийн сургуульд бүртгүүлэх гээд л яваад байдаг. Миний хувьд өөр, хүсч ороогүй гэхэд болно. Дээр үед орос цэцэрлэгүүд нэлээд их байдаг байлаа. Би орос V цэцэрлэгт явдаг байсан юм. Аав маань намайг орос сургуульд оруулах санаатай байсан байх. Ерөөс тэр үеийн сэхээтнүүд хүүхдүүдээ орос сургуульд оруулдаг байсан.

1970-аад оны үед шүү дээ. Яг л тэр жишгийг дагаж, намайг орос V цэцэрлэгт өгчихөөд, 23 дугаар сургуульд оруулах төлөвлөгөөтэй байж л дээ. Гэтэл яг тэр үед Хөгжим, бүжгийн коллежид гадаадын мэргэжилтэн багш нар ирсэн байгаа юм. Гадаадын мэргэжилтэн багш нар  шууд нэгдүгээр ангийн хүүхдүүдэд хичээл заах гэхээр хэл нэвтрэлцэхгүй бэрхшээл тулгарахгүй юу. Дандаа л Оросоос багш нар ирсэн байсан юм. Тийм учраас орос цэцэрлэгт байгаа авьяастай хүүхдүүдээс шалтгалт авч, Хөгжим, бүжигт оруулах бодлого барьж. Тэгээд л орос цэцэрлэгүүдээр явж, хөгжим тоглож чадах болов уу гэсэн хүүхдүүдийг хайж эхэлсэн юм билээ. Тэр үед орос цэцэрлэг тийм ч олон байгаагүй. Орос V цэцэрлэг гэж байсан.

Төмөр замд нэг орос цэцэрлэг байлаа. Мөн Гадаад явдлын яамны хажууд 16 дугаар цэцэрлэг гэж бас байсан юм. Гэх мэт орос багштай цэцэрлэгүүдээр орж, хүүхдүүдээс шалтгалт авахад нь би тэнцчихсэн. Гэтэл аав маань намайг урлагийн сургуульд оруулахгүй гэдэг юм байна. Угаасаа орос сургуульд оруулна гээд төлөвлөчихсөн байсан болохоор хэдийгээр тэнцсэн ч гэсэн урлагийн сургуульд оруулах дургүй байлаа.

Орос багш нарыг ирэхээс өмнө хөгжмөө яаж барих вэ гэдгийг зааж өгдөг байлаа.

Тэгтэл цэцэрлэгийн эхлэгч нь  Филатовад “Энэ хүн хүүхдээ орос сургуульд оруулах хүсэлтэй байгаа юм байна. Тийм болохоор Хөгжим,  бүжигт оруулахгүй гэж байна” гээд хэлчихэж. Тухайн үедээ Хөгжим,  бүжигт орос мэргэжилтэн багш нарыг урьж, ажиллуулах ажлыг хийж байсан хүн нь  Филатова байхгүй юу. Тэгсэн чинь  Филатова хариуд нь “Тэгвэл тэр хүнийг намтай нь ярь” гэж хэлж. Аав маань тэгэхэд Хотын биеийн тамир спортын газрын дарга байсан.

Намын гишүүн хүн. Тэр үед чинь намаар нь дамжуулж ярина гэж нэг айхтар юм байлаа шүү дээ. Тэгээд л “Танай хүүхдийг Хөгжим, бүжигт өгөхгүй бол болохгүй” гэж дарамтлаад намайг авч байлаа. Ингээд намайг зургаан настай байхад V цэцэрлэгээс 16 дугаар цэцэрлэг рүү шилжүүлээд, Хөгжим, бүжигт орох орос хэлтэй хүүхдүүдийн хамт сарын сургалтад хамруулсан. Орос багш нарыг ирэхээс өмнө хөгжмөө яаж барих вэ гэдгийг зааж өгдөг байлаа. Хөгжим, бүжгийн төгсөх курсын оюутнууд бидэнд хичээл зааж байсан юм. Тэгээд орос багш нарыг ирэхэд Гадаад явдлын яамны цэцэрлэгээс бэлтгэгдсэн хэдэн хүүхэд шалгалтгүйгээр Хөгжим, бүжгийн сургуульд орж байлаа.

-Уг нь бол хөгжим тоглож ч чаддаггүй байсан юм байна шүү дээ?

-Ерөөсөө хөгжим тоглож чаддаггүй байсан. Хүүхдүүд яадаг билээ дээ, дуулдаг, гэртээ концерт хийж байна гэж тоглодог доо. Би ч гэсэн ялгаагүй. Орос цэцэрлэгт байсан болохоор орос дуу дуулдаг, тийм л хүүхэд байсан. Хамгийн гол нь орос мэргэжилтэн багш нар ирж таарсан болохоор аль болох хэл мэддэг, дээрээс нь бага зэрэг авьяастай хүүхдүүдийг л авах гэж зорьсон юм билээ.

Ингээд л 1972 онд Хөгжим, бүжгийн сургуульд элсч орж, Оросын мэргэжилтэн багш нараар хөгжим тоглохыг заалгаж байлаа шүү дээ. Би Хөгжим, бүжгийн сургуульд 12 жил суралцаж, төгссөн. Төгсөн төгстлөө дандаа Оросын мэргэжилтэн багш нараар хичээл заалгаж байгаа. Энэ бол ховор завшаан. Мэдээж хэрэг тэр үед монгол багш нар байсан. Гэхдээ их цөөхөн байдаг байлаа. Харин биднийг 6, 7 дугаар ангид орох үед манай анхны залуу багш нар Орост төгсөөд ирж байлаа.

Удирдаач Н.Бүтэнбаяр, н.Чинбат, н.Цолмон гээд олон залуучууд багшаар бэлтгэгдэж ирж байсан юм. Одоо бүгд л Гавьяат цолтой, мундаг хүмүүс болж.  Хэдийгээр олон багш Орост төгсөөд эх орондоо ирж байсан ч бидний үеийнхэн голцуухан Орос багшаар л хичээл заалгаж байсан юм. 1990 оны хувьсгал гарч, нийгэм өөрчлөгдөх хүртэл Хөгжим, бүжигт орос багш нар байсан. Сүүлдээ цөөрсөн л дөө. Яагаад гэвэл манайхан өөрсдөө багшилж эхэлсэн учраас гадаад мэргэжилтэн багш ажиллах шаардлага ч багассан байх.

-Анх элсч байхад зөвхөн хийлийн ангид л орох боломжтой байсан юм уу. Өөр хөгжмийн сонголт байгаагүй хэрэг үү?

-Хөгжим тоглох хүнийг сонгож авна гэдэг их нарийн. Зөвхөн сонсголыг шалгаад авчихдаг юм биш. Эхлээд авьяастай байна уу гэдгийг нь шалгана. Дараа нь гар, хурууг шалгана шүү дээ. Энэ хүн ямар хөгжим тоглоход тохирох вэ гэдгийг нь үзэж байна гэсэн үг. Над шиг богино хуруутай, алга томтой хүн бол утсан хөгжим тоглоход тохиромжтой байх жишээтэй.

Хөгжим тоглох хүнийг сонгож авна гэдэг их нарийн.

Дээрээс нь хурууны өндөг нь сайн байх ёстой гэнэ. Тэгвэл төгөлдөр хуур тоглох хүн бол арай урт хуруутай байх ёстой ч гэх юм уу, нарийн шалгуураад байна.

Хөгжим, бүжигт нэгдүгээр ангид ороход утсан хөгжим, төгөлдөр хуур гэсэн хоёр сонголтыг л өгдөг. Тийм болохоор би тийм хөгжим тоглоно гээд дураараа сонгох эрхгүй. Багш нар шалгаад, чиний гар хийл тоглоход тохирох юм байна гээд л сонгоод авчихна. Сонсгол бол яах вэ, бүгдээрээ л сайн байх ёстой. Харин гар, хуруу маань хийл тоглоход тохирно гэж багш нар үзсэн учраас хийлийн анги сонгоод л суралцсан хэрэг.

-Хөгжимчин хүн гэдэг өөрийн гэсэн хөгжмийн зэмсэгтэй байдаг даа. Тухайн үед танд өөрийн хөгжмийн зэмсэг гэж байв уу?

-Тэр үед хийл хөгжим зардаг дэлгүүр ч гэж байгаагүй. Тэгээд ч Хөгжим, бүжгийн коллеж бааз, суурь сайтай байсан. Нотны сан, хөгжмүүдийг улс бэлтгэчихдэг. Германаас хөгжим авчирдаг байсан юм билээ. Сонгодог хөгжмийг Монголд дэлгэрүүлэх, сургах гэж тийм их анхаарал тавьж байсан байгаа юм. Тийм болохоор намайг нэгдүгээр ангид ороход хийл хөгжим өгсөн. Жаахан хүүхдэд тохирохоор жижигхэн хийл.

Жаахан томроод, гар урт болох тусам хөгжим нь дагаж томорсоор байгаад насанд хүрэхээр стандарт хийлээр тоглож эхэлнэ. Би Хөгжим, бүжгийн коллежид байхдаа гэртээ хувийн хөгжимтэй байж үзээгүй. Нийгэм ч өөр байсан даа. Хувийн өмч гэдэг ойлголт байхгүй шүү дээ. Хөгжим авчихаар дэлгүүр ч байгаагүй. Мэргэжлийн хийл авчихаар шүү. Мэргэжлийн хийл гэдэг чинь банзан гитар, 120 төгрөгийн сонирхогчийн хийлээс огт өөр зүйл. Тийм болохоор хувьдаа хөгжимтэй байна гэдэг хэцүү л дээ.

1984 онд би Хөгжим, бүжгийн коллежийг төгсөөд, филармонид ороод, анх наадмын концертод тоглохдоо байгууллагаасаа хөгжим авч байгаа юм. Филармони, дуурь хоёр маш сайн хөгжмийн баазтай байсан шүү дээ. Харин ардчилал гарснаас хойш л бид хувийн хөгжимтэй болж эхэлсэн. Тухайн үедээ Германаас сайн хөгжим авахыг хичээдэг байлаа. Одоо тоглож байгаа хийл маань миний хоёр дахь хөгжим.  

-Орос цэцэрлэгт явж байсан хүүхэд гэнэт л урлагийн сургуульд ороод, хийл хөгжим тоглож сурах гээд ирэхээр хэцүү зүйл их тохиолдож байсан болов уу?

-Хөгжим, бүжигт орохоор болоход би V цэцэрлэгээс Гадаад явдлын яамны 16 дугаар цэцэрлэг рүү шилжсэн гэж би түрүүнд хэлсэн дээ. Тэндээ байнга бэлтгэл хийнэ. Цэцэрлэгт байхад хүүхдүүдийг өдөр унтуулдаг. Би болохоор унтах их дургүй байсан. Гэтэл хөгжмийн бэлтгэл хийгээд, өдөр унтах шаардлагагүй болсон болохоор их баярладаг байлаа. Хөгжим, бүжгийн коллежид ороод эхэндээ хийх л ёстой зүйл гэж боддог байснаас биш тэгтлээ дурладаггүй байсан.

Харин гуравдугаар ангид ороод, хийл тоглож сураад л арай өөр болсон. Тухайн үед хийлийн чуулга гэж байлаа. Тэр чуулгад бага ангийн хүүхдүүдийг авч, Элчин сайдын яаманд очиж тоглуулдаг байсан юм. Элчингүүд захиална. Тэгээд очоод тоглохоор бамбаруушны хэлбэртэй чихэр бэлгэнд өгнө. Тэр үеэс л хөгжимд дурлаж эхэлсэн.

Хүүхэд байсан болохоор чихэр өгч байгаа нь гоё санагдаад, хийж байгаа зүйлдээ дурлаж байсан ч байж болох. Гэхдээ хөгжим өөрөө хүнийг аяндаа уусгадаг, дурлуулдаг. Зурагтаар гар, хөлөө тайруулчихсан янз бүрийн хүн харахаараа би ингэчихвэл яана аа. Хөгжмөө тоглож чадахгүй шүү дээ гэж хамгийн түрүүнд бодогддог.

Тэгж бодоод л өөрийн эрхгүй уйлах үе байдаг. Хөгжимд би ингэтлээ дурлачихсан байна. Хөгжим хүнийг өөртөө ингэж л уусгаж байна шүү дээ. Би хэдэн жилийн Америк явж, ажиллаж байгаад ирсэн. Тэнд байхдаа интернэтэд ороод, хөгжимчдийнхөө зураг хөрөг, бичлэгийг үзнэ. Тэгэхээрээ л “Бушуухан очиж хөгжмөө тоглох юмсан” гэж өөрийн эрхгүй бодогдоод л байдаг юм билээ.

Тиймдээ ч эх орондоо ирээд, 14 хоноогүй л ажилдаа орсон. Хүмүүс “Ямар сонин юм бэ. Ийм хурдан ажилдаа орчихож байгаа юм уу” гээд л гайхаж байсан. Хөгжим ийм л ид шидтэй. Бид тоглож байгаа хөгжимдөө өөрийн эрхгүй уусч, янз бүрийн үйлдэл гаргана. Хүмүүс боддог л байх. Хөгжимчид гоё харагдах гэж суудаг гэж. Гэтэл бид хөгжимдөө уусаад, нүдээ аних нь аньчихсан байж байдаг. Хөгжим өөрөө хүнийг ингэж л уусгах шидтэй.

 

Би хийл хөгжмөө эмэгтэй хүнтэй л зүйрлэнэ

 

-Хөгжим болгон өөрийн гэсэн онцлогтой байх. Тийм болохоор хийл хөгжим ч гэсэн өөрийн гэсэн онцлог, давуу талтай. Та 30 гаруй жил хийл тоглосон хүн байна эзэмшсэн хөгжмийн зэмсгээ магтаад ярьвал их гоё зүйл хэлэх байх?

-Хөгжимчид бид гоё үгээр илэрхийлэхдээ муу шүү дээ. Харин хөгжмөө тоглоод суувал түүгээрээ бүх зүйлээ илэрхийлж байгаа нь тэр. Хийл хөгжмийг хатан гэдэг. Хаан хөгжим нь төгөлдөр хуур. Хатан хөгжим нь хийл байдаг юм. Яг түүгээр төсөөлөхөд болно. Эмэгтэй хүн гээд л бодчих.

Эмэгтэй хүний сэтгэлийн хамаг л нарийн нандин, цагаан бүхнийг хийлийн эгшиг илэрхийлдэг юм шиг санагддаг.

Гоолиг биетэй, гоо сайхан, уянгалаг дуутай эмэгтэй хүн гэж ойлгож болно. Өөрийнх нь гаргаж байгаа эгшиг нь тэр байхгүй юу. Бөмбөр гэхэд хүнийг хөөргөсөн, нүргэлсэн ая гаргаж байхад басс хөгжмүүд суурь, бүдүүн өнгөнүүдийг гаргах жишээтэй.  Харин хийл бол гэрэл гэгээ, өнгө чимэг нь болж явдаг. Би хийл хөгжмөө эмэгтэй хүнтэй л зүйрлэнэ. Эмэгтэй хүний сэтгэлийн хамаг л нарийн нандин, цагаан бүхнийг хийлийн эгшиг илэрхийлдэг юм шиг санагддаг.

-Симфони оркестрын дунд суугаад, дэлхийн сонгодог хөгжмүүдийг тоглоход ямар мэдрэмж төрдөг бол. Тэр онцгой мэдрэмжийг мэдэрч үзсэн хүн л үгээр илэрхийлж чадах байх?

-Хамгийн гайхалтай мэдрэм­жийг тэндээс л авч болно. Хүн ганцаараа гоцлоод хөг­жим тоглох нэг ондоо. Харин оркестртой тоглох бол гайхалтай. Манайхан оркестрын хөгжимчний хөдөлмөр, зүтгэл, авьяас чадварыг ойлгодоггүй. Цогцоороо ганцхан хөгжмийн бүтээлийг тоглох гэж тэр том зааланд олон хөгжимчин суудаг байхгүй юу.

Тэр дундаас ганцхан хөгжимчин л эвгүй өнгө дуугаргахад дотор палхийдэг. Тэр олон хөгжимчин суугаад, хөгжмөө тоглоод, бүх зүйлээ гаргаад сүрлэг байхад дотроос өөрийн эрхгүй нэг зүйл огшдог. Хүмүүс ярьдаг даа, гоё дуу сонсоод дотор огшсон гээд л. Гэтэл бид өөрсдөө хөгжмөө тоглоод, оркестр дундаа огшоод сууж байдаг байхгүй юу. Хөгжим гэдэг хүнийг тэгтэл нь уусгаж байна. Ер нь хүн өөрийнхөө дуртай зүйлийг яг орчинд нь үзвэл ямар байх билээ. Тухайлбал, хөлбөмбөгийг цэнгэлдэх хүрээлэнд нь үзвэл тэр спортод дуртай хүнд ямар байх вэ. Төсөөлөөд үз дээ. Гайхалтай мэдрэмжийг тэндээс авна биз дээ. Түүнтэй адил би тоглолт болгон дээр гайхалтай мэдрэмж авдаг.

-Хөгжим тоглож сурах нэг хэрэг байх. Харин симфони оркестртой тоглож сурна гэдэг нөр их хөдөлмөр байдаг болов уу?

-Өнөөдөр ганцаараа хөгжим тоглоод байгаа хүмүүс манайд ирээд, оркестртой тоглоно гэвэл чадахгүй. Оркестрын хөгжимчин гэдэг нотоо шууд унших чадвартай байдаг. Нэг зэрэг бүх нотоо харж, эхлэхдээ яаж тоглох вэ, дараа нь яах вэ гэдгээ бүгдийг мэддэг. Нотны цэг, тэмдэглэгээнээс авахуулаад бүхнийг зэрэг харж, хөгжмөөрөө дамжуулж хүмүүст хүргэдэг. Хөгжимчин хүн бодох, харах, тоглохыг бүгдийг нь зэрэгцүүлж байдаг. Оркестрын хөгжимчин үүгээрээ ялгаатай. Өнөөдөр ганцаараа гоцлоод тоглож байгаа хөгжимчид аяаа цээжилчихсэн байдаг. Түүнийгээ л энд тэнд тоглоод байдаг.

Гэтэл оркестрын хөгжимчин огт өөр. Байнга өөр өөр ая тоглоно. Шууд нотоо харна, удирдаачийнхаа гарыг харах ёстой гээд асар өндөр чадварыг гаргаж байдаг. Бид найман цагаар сургуулилт хийдэггүй. Дунд нь том завсарлага авч байж тоглолтод ордог. Оркестрт ганцхан хийл дуугарахгүй шүү дээ. Том бөмбөр, үлээвэр хөгжмүүд дуугарна. Чих, толгой өвдөнө биз дээ. Тийм болохоор бэлтгэлийг цаг гаруй завсарлаж байж хийх ёстой байдаг. Би оркестрынхоо хөгжимчдөөр үнэхээр их бахархдаг.

Өнөөдөр манай эдийн засаг ямар байгаа билээ. Хэдэн төгрөгийн цалин авч байна. Гэтэл хөгжмийнхөө төлөө сэтгэл зүрхээ зориулаад л явж байгаа. Нэг хэсэг театр, чуулгын хөгжимчид бүгд ганзагын наймаанд явсан. Ажлаа хаяад, бөөн юм болж л байлаа. Тэр үед манай хөгжимчид ажлаа хийгээд байж байсан.

Өдийг хүртэл манай филармонийн ажил тасарч үзээгүй. Үнэхээр хэцүү цаг үед, бага цалингаа аваад бид хөгжмөө тоглоод л явж байсан. Хөгжимд дуртай, урлагт хайртайдаа тэр хүнд цаг үеийг туулж гарсан. Би өнөөдөр филармонийнхоо хөгжимчдийг удирдаж, зангидаж, даргалж яваа хүн. Заримдаа хоцорлоо, цалинг чинь хасна шүү гээд л загнадаг.

Тэгэхдээ “500 мянгахан төгрөгийн цалин авч байгаа хүнээс чинь юуг нь хасах юм бэ” гэж бодоод, өрөвддөг. Гэхдээ л надад хасахаас өөр арга байхгүй. Тэгж байж энэ ажил урагшилна. Урлагт дектатур байх хэрэгтэй. Бид өнөөдөр үзэгчдээ хүлээлгээд сууж байж болохгүй биз дээ. Түүний тулд тоглолт эхлэхээс цагийн өмнө ирнэ, бэлтгэлээ хийнэ, нүүрээ будна.

Тайз гэдэг ариун. Бид тайзаа хүндэтгэж байж үзэгчид биднийг хүндэтгэнэ. Оркестрын хөгжимчин байна гэдэг маш их хариуцлагатай ажил. Хүмүүс биднийг хөгжим тоглочихоод, жаргаад байж байдаг гэж боддог байх. Тийм биш шүү. Ганцхан жишээ хэлэхэд, удирдаач Н.Бүтэнбаяр ажлаа хийж байгаад л эрүүл мэндээрээ хохирсон. Энэ бол филармонийн ажил ямар хүнд, хэцүүг харуулж байгаа юм. Тийм болохоор энэ их урлагт зүтгэж яваа хүмүүсээ төр засаг жаахан харж, хандаасай гэж бодож явдаг. 

 

Оркестрын хөгжимчин байна гэдэг  өөрөө маш том нэр хүнд

 

-Та залуудаа “Би чамд хайртай” киноны хийлийн аяыг тоглож байсан гэсэн. Үзэгчдийн зүрх сэтгэл шингэсэн тэр гоё киноны дундуур гайхалтай ая эгшиглэдэг. Харин хүмүүс тэр аяыг хэн тоглосныг тэр болгон мэддэггүй шүү дээ?

-Би 1984 онд Хөгжим, бүжгийн коллежийг төгсөөд Улсын филармонид ажилд орсон. Харин төгсөх жилээ дипломын ажил дээрээ Н.Жанцанноров багшийн “Уянгын аяз” хөгжмийн зохиолыг тоглосон. Угаасаа ийм хөгжмийн бүтээл байсныг би тоглосон хэрэг. Гэтэл “Би чамд хайртай” кинонд “Уянгын аяз” зохиолын хэсгээс оруулсан байсан. 

Кинонд дуу оруулж байх үед Дэлгэр гэртээ хийл тоглодог хэсэгт манай дээд ангийн н.Оюунцэцэг гэдэг хүүхдийг оруулж, тоглуулсан юм билээ. Гэтэл тэр нь сэтгэлд нь хүрээгүй юм уу, намайг дуудсан. “Би чиний тоглож байхыг сонсч байсан” гээд дуу оруулалтад оруулсан юм.

Тэр үед ганцхан би хөгжим тоглоогүй. Дуучин Б.Баяраа, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн Г.Жаргалсайхан бид гурав хөгжим тоглосон. Дэлгэр далайн эрэг дээр аавыгаа түрээд, захидал уншаад явж байхад төгөлдөр хуур дуугарч эхлээд, дараа нь хийлийн ая явдаг. Тэр төгөлдөр хуурын аяыг чинь Том Жагаа тоглосон юм. Хүмүүс мэддэггүй болохоос биш янз бүрийн л юм байна шүү дээ.  Ерөнхийдөө  хийлийн гоцлол тоглодог л доо. Гэхдээ хөгжмийн найруулга хийгээд, арай өөр болгож байгаа нь тэр. Уг нь дөнгөж сургууль төгсөөд очиж байгаа залуучуудаар гоцлол хөгжим тоглуулдаггүй байлаа, тэр үед.

Одоо бол “Би тэнд тэгээд тоглочихмоор байна” гэхэд хүлээж авдаг болсон цаг. Тэр үед дөнгөж төгсөөд гоцлол тоглох нь байтугай хөгжимчдийн хамгийн арын эгнээнд суудаг байлаа. Намайг филормонид орж байх  үед Хохлов гэдэг Орос удирдаач байсан юм. Ц.Намсрайжав гуай бас удирдаачаар ажиллаж байсан. Тэр үеийн алтан дүрэм нь дөнгөж төгсч ирж байгаа хүүхдийг хэзээ ч урд суулгахгүй, хамгийн арын  эгнээнд л сууна шүү дээ. Хамгийн бага цалинтай нь байна. Харин байсгээд л шалгалт авна. Тэнцвэл эгнээ урагшилна, цалин нэмэгдэнэ. Тийм үед Н.Жанцанноров гуай намайг дуудаад, киноны хөгжим тоглуулна гэдэг их аз байсан юм.

-Зөвхөн азтайгаасаа гадна таны чадвар тэр том хөгжмийн зохиолчид таалагдахаар хэмжээнд байсан гэсэн үг биш үү?

-Тэгж ярьж ч арай болохгүй байх. Тэр хүнд таалагдсан уу гэдгийг би мэдэхгүй юм. Ямар ч байсан тэр гоё киноны хөгжмийг тоглоно гэдэг азтай л хэрэг шүү дээ. “Би чамд хайртай” кино гараад 30 жил болчихлоо. Дээрээс нь тэр үед гарч байсан бүхий л монгол киноны хөгжмийг манай филармонийнхон тоглож, бичүүлж байсан. Мөн төрийн бүхий л концертод оролцоно. Их хурлуудад оролцоно. Тэр үед ямар ч олон их хурал болдог байсан юм.

Эвлэлийн, намын гээд л их хурлууд болно. Тэр болгонд хийлийн чуулга оролцоно. Манай хийлийн чуулга тэр үедээ нэлээд алдартай байсан. Төрийн бүхий л концертод манай хийлийн чуулга ордог байлаа. Их ч хөдөлгөөнтэй охин байж. Нийгэм өөрчлөгдөхөөс өмнө наян хэдэн онд наймдугаар таван жилийн гавшгайчаар би шалгарч байлаа. Гэтэл “Соёл-Эрдэнэ”-ийнхэн намайг хөгшин хүний шагнал авсан гээд сүрхий шоолж байж билээ. Наймдугаар таван жилийн гавшгайч болж байсныг бодоход нэлээд идэвхтэй, бас жаахан хэнхэгдүү байсан байж таарах гээд байгаа биз дээ. 

-Социализмын үе таараагүй бол одоогийн хэлдгээр “од” болчихоо л байж, тийм үү?

-Тэр нь ч бас юу юм. Тэгээд ч анхнаасаа оркестрын хөгжимчин хийсэн хүмүүс гоцолж тоглоод, олны танил болоод явахыг хүсдэггүй. Бид оркестр дотроо суугаад, хөгжмөө тоглож байж таашаал авдаг. Юун гоцолж тоглох, түүнээс илүү таашаал, сайхан мэдрэмжийг оркестрт тоглоод авч чаддаг. Миний хувьд АНУ-ын Сан-Франциско хотод  манай анхны консул нээгдэхэд гоцолж тоглож л байлаа. Гоцолж тоглох ямар байдгийг би мэднэ. Тийм болохоор л хаана, ямар мэдрэмж авдаг вэ гэдгийг илүү мэдэрсэн. 

Манайд л оркестрын хөгжимчдийг ойлгодоггүй болохоос биш гадны улсад бол огт өөрөөр хүлээж авдаг. Оркестрын хөгжимчин гэхээр маш ихээр хүндэлдэг. Харин манайхан болохоор эсрэгээр нь ойлгодог. Гоцлоод тоглоод байвал мундаг гэж боддог. Өнөөдөр манайд хийлээрээ гоцлоод,  янз бүрийн ая тоглоод байгаа хүмүүс байж л байна. Тэд дэлхийн хэмжээнд гараад, тоглоод байна уу гэвэл үгүй. Гэтэл бид Японд очиж, оркестроороо тоглоод, Азийн хэмжээний фистевальд оролцоод, нижигнэсэн алга ташилтаар шагнуулаад тайзнаас бууж л байсан.  Би үүгээрээ гоцолж тоглож байгаа хүмүүсийг муу гэсэн юм биш шүү. 

Харин гоцолж тоглож байгаа хүмүүсээс оркестрын хөгжимчдийг дор үнэлээд байгаа манайхны сэтгэхүйг л хэлээд байгаа хэрэг. Оркестрын хөгжимчин байна гэдэг чинь өөрөө маш том нэр хүнд. Тиймдээ ч би оркестрын хөгжимчин гэдгээсээ  хэзээ ч ичдэггүй. Өнөөдөр Монголд биднийг ойлгохгүй ч гэсэн гадаадын аль нэг оронд очоод “Би филармонийн оркестрын хөгжимчин” гэж хэлбэл огт өөрөөр хүлээж авна. Үүгээрээ би бахархаж явдаг. Түүнээс биш гоцолж тоглож байгаа хөгжимчдийг муу гэж хэлэх гээд байгаа юм биш шүү.

-Манай уран бүтээлчид шинэ жилээр “халтуур хийнэ” гэж яриад байдаг даа. Хөгжимчдөд шинэ жилийн цэнгүүнд очоод, хөгжим тоглоод явах юм байна биз?

-Байлгүй яахав. Дөрвөл, гурвал гээд янз янзаар л хийл тоглодог. Ажлын бус цагаар, амралтын өдөр тааруулаад, шинэ жилийн цэнгүүнд очдог. Наад зах нь миний ах, дүү, хамаатан садны ажилладаг байгууллага шинэ жилээ хийх гэж байна гэхэд урьж аваачаад тоглуулдаг. Үнэ өртгийн хувьд арай татуу тоглоно.

Хүний амьдралын хэрэгцээ шаардлага юм чинь тийм зүйл байлгүй яахав. Харин манай дуучид “халтуур” хийлээ гэж яриад байдаг. Би үүнд дургүй. Халтуур гэдэг чинь жаахан гурилдаж байгаагийн нэр биз дээ. Гэтэл бид гурилдахгүйгээр цаг үнэнчээр тоглож байж хэдэн төгрөг олдог болохоор “халтуур” гэж хэлэхэд дургүй байдаг. Бид чинь гурилдсан юм хийхгүй шүү дээ.

-Улсын филармони энэ сарын 24-нд “Snow melody” нэртэй тоглолт зохион байгуулах гэж байгаа юм байна. Тоглолтын талаар мэдээлэл өгөөч?

-Улсын филармони сүүлийн үед шинэ жилд зориулсан тоглолтууд хийж эхэлсэн. Бид олон  шинэлэг ажлыг хийдэг болоод байгаа. Хуучин зөвхөн симфони найрал хөгжмөө л тоглож байсан бол одоо хүүхэд, залуучуудад зориулсан лекц концертыг тоглож байна. Дээрээс нь киноны хөгжмүүдийг тоглож байгаа.  Гэх мэтээр олон шинэлэг ажлыг хийж байна. Түүний нэг нь шинэ жилийн тоглолт.  Энэ удаад Улсын филармони, “Баян Монгол” чуулга, Морин хуурын чуулга нийлж шинэ жилийн тоглолт хийх гэж байгаа. Голдуу шинэ жилтэй холбогдолтой хөгжмийн бүтээлүүдийг тоглоно.

Тухайлбал, манай симфони найрал хөгжим гэхэд Чайковскийн “Цэцгэн вальс” бүтээлээс авахуулаад олон алдартай хөгжмийн бүтээлүүдийг тоглоно. Оркестроор тоглохоос гадна шинээр гарч ирж байгаа залуу, чадварлаг хөгжимчдөө гоцлуулж тоглуулна. Манайд Б.Хулан, Т.Төгөлдөр, Д.Азбилэг, Х.Санчир гэх мэт олон шилдэг хөгжимчид байгаа. Гэтэл энэ хэдэд маань тэр болгон гоцолж тоглоод байх завшаан олдохгүй байна.

Хэдийгээр бид гоцлуулж тоглуулаад баймаар байв ч оркестрын ажилдаа түүртээд тэр болгон боломж гарахгүй байгаа. Тиймээс шинэ, залуу хөгжимчдөө үзэгчдэд танилцуулах зорилготой гоцлол номеруудыг бэлтгэсэн. Дээрээс нь “Баян Монгол”, Морин хуурын чуулга, Филармонийн симфони найрал хөгжим гурвуулаа хамтраад хэд хэдэн хөгжмийн бүтээл тоглоно. Ерөнхийд нь мэдээлэл өгөхөд ийм л тоглолт болно доо.

Н.ПУНЦАГБОЛД

ЭХ СУРВАЛЖ: "МОНГОЛЫГ МЭДЭЭ" СОНИН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж