Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын үүдэнд өнөөдөр /2020.05.27/ Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр шатахууны үнэ болон чанарын асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “АИ-80 шатахууны хувьд тавдугаар сарын 15-наас зургадугаар сарын 15-ны өдрүүдэд 800 төгрөг, АИ-92 шатахуун 900 төгрөг, дизель түлш 1300 төгрөгөөр зах зээл дээр борлуулах бүрэн боломжтой. Бидний шаардлагын хариуг төр засаг хэзээ ч хэрэгжүүлэхгүй юм байна гэдгийг тавдугаар сарын 13-нд Байнгын хорооны хурлаар харлаа. Монгол Улсад нэг ч төгрөгийн татвар төлдөггүй нефтийн нэмэлт бүтээгдэхүүн дээр татвар нэмэгдүүлэх хууль орж, Эдийн засгийн байнгын хорооны хурлаар уналаа. Ингэхдээ стандарт байхгүй бүтээгдэхүүнд татвар ногдуулахгүй гэдэг үндэслэл хэлж байна. Бид дөрөвдүгээр сард лайв хийхдээ “Стандартын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн байна. Энийг зах зээлээс татаач ээ” гэдэг мэдэгдлийг хийсэн. Тэгсэн даваа гаригт Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас сүр дуулиантайгаар хэвлэлийн хурал хийж, шалгалт хийхээ мэдэгдсэн. Энэ үеэрээ шалгалтын дүн гурав хоногийн дараа гарна” гэсэн. Өнөөдөр тэр өдрөөс хойш 45 хоноход тус газраас нэг ч тайлбар хийсэнгүй. Энэ бол шатахуун импортлогчидтой хуйвалдаж байгаагийн тод жишээ. Би хоёр долоо хоногийн өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга нартай уулзаж, мэдээлэл хийгээч ээ гэдгийг хэлсэн. Тухайн үедээ мэдээлэл хийнэ гэж байсан боловч өнөөдрийг хүртэл юу ч дугарсангүй.
Ашигт малтмал, газрын тосны газрын нэр бүхий мэргэжилтнүүд хэвлэлийн хурал хийлээ. Уг хурлаар шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгаж, зах зээлийн зарчмаар явж байгаа гэсэн. Гэтэл өнөөдөр шатахууны үнэ зах зээлийн зарчмаараа явж чадахгүй байна. Бидний тооцооллоор тавдугаар сарын хил үнийг хийсэн. Үүнд тавдугаар сарын 15-наас зургадугаар сарын 15 хүртэл Монгол Улсад хилээр орж ирэх нефтийн бүтээгдэхүүний үнийг харахад одоо шатахуун түгээх станцад АИ-80 бензин 643 төгрөг, АИ-92 нь 735 төгрөг, дизель түлш 1178 төгрөгөөр ирж, импортлогч компаниуд 40 хувийн ашигтай ажилладаг. Гэтэл өнөөдөр тэд 10 хувийн ашигтай ажилладаг гэж хэлж байна. Өчигдөр АМГТГ-ын газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр зургадугаар сарын хил үнээ авсан гэсэн. Үүний дагуу зургадугаар сарын 15-наас долдугаар сарын 15-ныг хүртэлх тооцооллыг хийхэд АИ-80 бензин 868 төгрөг, АИ-92 нь 1493 төгрөг, дизель түлш 1493 төгрөгөөр Монгол Улсад орж ирэх юм байна. Гэтэл зургадугаар сарын хил үнээс буулгаж болохоор байхад дизель түлшийг 1400 төгрөг, АИ-92 шатахууныг 1300 төгрөг, АИ-80 бензинийг 1200 төгрөгөөр борлуулж байгаа нь зах зээлийн зарчим мөн үү” гэдгийг хэлсэн юм.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас дөрөвдүгээр сарын 20-нд шатахууны чанар, дүүргэлтэд Ашигт малтмал газрын тосны газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газартай хамтран шалгалт хийж буй талаар мэдээлэл хийсэн. Энэ шалгалтын талаар тус газраас тодруулахад “Тухайн үед мэдээлэл хийхэд шатахууны лабораторийн шинжилгээг гурав хоногт хийнэ гэж мэдээлсэн. Уг хяналт шалгалтын удирдамжийн хугацаа нь 30 хоног байсан. Энэ хугацааг сунгаж, шалгалтыг үргэлжлүүлэн хийж байгаа” гэдэг хариултыг өглөө.
Уг хяналт шалгалтын талаар өмнө нь тус газрын дэд дарга Н.Бямбадоржоос тодруулахад “Манай байгууллагаас ахлан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Ашигт малтмал газрын тосны газартай хамтран нэгдсэн хяналт шалгалтыг хийлээ. Уг хяналт шалгалтын гол зорилго нь олон нийтээс шатахууны үнэ буурсантай холбоотойгоор хуурамч шатахуун түгээж байж магадгүй гэдэг хардлага маш их явж байгаа. Ер нь манайхаас болон мэргэжлийн хяналтын байгууллагаас үе үе гэнэтийн шалгалтыг хийдэг. Энэ удаа олон нийтэд зарлаж байгаад гэнэтийн байдлаар хоёр өдрийн шалгалтыг хийлээ. Шалгалт үндсэндээ нэг сарын хугацаанд үргэлжилнэ.
Бидний зүгээс нийтдээ жижиглэнгээр шатахуун борлуулдаг 18 аж ахуй нэгжийн шатахуун түгээх станцуудыг түүвэрлэн, шалгалт хийх ажил маань дөрөвдүгээр сарын 20, 21-нд яваад дууссан. Үндсэндээ нэг байгууллагын нэг станц гэдэг маягаар дээж авч, дөрвөн үзүүлэлтийг хэмжиж, шалгах юм. Нэгдүгээрт, нефть импортлогч компаниудын шатахуун түгээх станц дээр байх ёстой гааль, шинжилгээний бичиг баримт нь бүрэн эсэх. Хоёрдугаарт, бүгд Стандартчилал хэмжил зүйн газраас жилд хоёр удаа баталгаажуулж, лацаддаг тэрийг хөндсөн байна уу гэдгийг шалгасан. Гуравдугаарт, газар дээр нь шатахууны шахалт нь хэмжээндээ байна уу. Дөрөвдүгээрт, бүх шатахуун түгээх станцуудаар худалдаалж буй шатахуунуудаас дээж авсан. Бид актоноос гадна 10 гаруй үзүүлэлтийг шалгаж, шинжилдэг. Шинжилгээ хийдэг багаж маань бас тоотой. Нэг шинжилгээ хийж дууссаны дараагийн шинжилгээг хийдэг. Тийм учраас олон дээжийг шинжлэхэд хугацаа шаардана. Хоёр өдрийн шалгалтын эхний өдрүүдэд Шатахуун хэрэглэгчдийн холбооноос хөндлөнгийн хяналт тавьж, дагаж явсан.
Газар дээр нь хийсэн шалгалтаар ямар нэгэн ноцтой зөрчил илрээгүй. Шатахууны лац ломбо, шахалт хэмжээндээ байлаа. Гэхдээ эцсийн байдлаар дүгнэлт хараахан гараагүй байна" гэдгийг хэлж байв.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ