Засгийн газарт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Синди Сун Вашингтонд амьдарч байхдаа хөл хорионд оржээ. Тэрбээр цар тахлын аюулын талаар цахим орчинд хятад найзуудаасаа сонсч, гуравдугаар сарын эхээр бүх аялалын төлөвлөгөө, эмчийн үзлэгүүдээ цуцалж, ресторан, дэлгүүр зэрэг олон хүн цугларсан газраас зайлсхийж, шаардлагатай тохиолдолд гадагшаа гарахдаа маск зүүж, бусдаас зайгаа барих болжээ. Тэрбээр “Бид энэ өвчнийг маш аюултай гэдгийг аль хэдийн мэддэг байсан ч гадаа гараад таньдаг хүнээ харахаараа тайвширч, болгоомж алдах тохиолдол олон байсан” хэмээн ярьжээ.
Цар тахал АНУ-д дэгдэж эхлэхэд америкчууд азичуудыг “вирус тээгч” хэмээн сэжиглэж, зайгаа барьж, гадуурхаж байсан ч судалгаанаас харахад үнэн хэрэгтээ АНУ-д амьдардаг бүх гадаад үндэстнүүдийн дундаас азичууд халдвар авах, нас барах нь хамгийн бага байгаа аж.
Энэ талаар Колумбын их сургуулийн нийгмийн эрүүл мэндийн профессор Мерлин Чоукуанюн “Энэ төрлийн хэвшмэл ойлголтоос үүссэн сэжиг түүхэндээ хэзээ ч оновчтой байгаагүй. Тйимээс энэ мэтээр болгоомжилж байсан зүйл үнэн хэрэгтээ худал гэдгийг мэдэх нь тийм ч гайхмаар зүйл биш” хэмээн тайлбарлажээ.
Сүүлийн үеийн хэд хэдэн судалгаанаас үзэхэд АНУ-д суугаа олон үндэстний дунд Ази хүмүүс халдвар авах, нас барах нь хамгийн бага байгаа гэнэ. Тухайлбал цар тахалд хамгийн хүнд цохигдсон Нью-Йоркт хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 100 мянган ази тутмын 122 нь халдвар авах эрсдэлтэй байгаа гэнэ. Харьцуулж үзвэл Африк 100 мянган хүн тутмын 265 нь, Испанийн 100 мянган хүн тутмын 259 нь халдвар авч байгаа аж. Энэ тооцоолол бусад хот, мужуудад ч ижил байдлаар давтагдаж, азичууд халдвар авах нь бусад үндэстнүүдээс хамгийн цөөн байгаа гэнэ.
Хенри Ж.Кайсер гэр бүлийн сангийн хийсэн судалгаанаас үзвэл үндэстний цөөнхүүд халдвар авах нь бага орлого, эрсдэлтэй ажил, бэлтгэлгүй байдал зэрэгтэй холбоотой байдаг аж. Гэхдээ мэргэжилтнүүдийн тайлбарласнаар азичуудын хувьд мэдээлэл сайтай байгаа нь халдвараас сэргийлэх хамгийн том хүчин зүйл болсон гэнэ.
Тухайлбал БНХАУ-ын цахим сүлжээний WeChat платформоор дамжуулж Хятад хорооллынхон цар тахал Бээжинд дэгдэхээс ч өмнө анхааруулга авчээ. “Нэгдүгээр сарын эхэн үед, Нью-Йоркын ресторанууд дүүрэн хүнтэй байхад олон ази найзууд болон гэр бүлүүд бидэнд өвчний тухай анхааруулж байсан. Тухайн үед БНХАУ-ын Засгийн газар ч тодорхой мэдээлэл өгөөгүй байсан” хэмээн Нью-Йоркын их сургуулийн нийгмийн ажилтан Ван Тран дурсчээ.
2002, 2003 онд SARS өвчинтэй тэмцэж байсан туршлагатай азичууд бусдаас түрүүлж хэрэгтэй зүйлсээ нөөцлөн, Ази дэлгүүр болон бусад байгууллагууд Засгийн газрын зөвлөгөөнөөс ч өмнө зай барих дүрэм хэрэгжүүлж эхэлсэн гэнэ. Мөн америкчуудын тухайн үеийн үзэл бодлыг үл тоон бүгд маск зүүж эхэлсэн нь азичуудыг халдвар авахаас сэргийлжээ.
“Маск зүүх нь цар тахлаас өмнө ч азичуудын дунд түгээмэл байсан. Америкчууд эрх чөлөө, сонголтын талаар л бодож байхад азичууд нийтийн сайн сайхныг чухалчилж байж” хэмээн эрүүл мэндийн мэргэжилтэн Скотт Фрэнк байр сууриа илэрхийлсэн байна.
Энэ бүхнээс гадна америкчуудын ялгаварлан гадуурхалт, үгэн болон биеийн дарамтаас эмээн олон нийтийн газраар явахаас зайлсхийсэн нь азичуудыг халдвараас сэргийлэх бас нэг хүчин зүйл болжээ.
Суны хэлснээр, зөвхөн түүнд л гэхэд хүмүүс өөр рүү нь нулимах, хүнсний дэлгүүрт оруулахгүй байх гэх мэт явдал олон тохиолдсон гэнэ. Энэ мэтээр ази эмэгтэйчүүд маск зүүснийхээ төлөө гадуурхагдсан, халдлагад өртсөн хэд хэдэн хэрэг хойд Америкт бүртгэгджээ.
Эрх баригчид шинэ өвчин хүнээс хүнд халддаггүй хэмээж байсан үед ч Хятад хорооллын компаниуд чухал төслүүдээ ч хойш тавьж, ажилчиддаа анхааруулж байжээ. “Үнэн хэрэгтээ тэдний зөв байж. Эцэст нь тэд зөвхөн ажилчдаа төдийгүй бизнес, бусад бүх хүмүүсийг ч хамгаалж чаджээ” хэмээн Ван Тран дүгнэсэн байна.
Нью-Йоркт амьдарч буй хятадуудын дийлэнх хувь нь сүүлийн үед нүүж очсон бөгөөд хооллолтын хувьд ч ихэнх америкчуудаас хавьгүй эрүүл байжээ.
Мөн АНУ-д амьдарч буй азичууд бусад үндэстнүүдээс илүү боловсролтой, орлоготой байгаа нь тэднийг халдвараас сэргийлэхэд сайнаар нөлөөлсөн хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна. Дээрх хүчин зүйлийн ачаар азичууд эрүүл мэнддээ илүү анхаарч, хөл хорионы үед хэрэглэх мөнгөн хадгаламжтай байсан аж.
Түүнээс гадна бага орлоготой гадаад иргэдийн дунд азичууд ихэвчлэн ресторан зэрэг эрт хаалгаа барьсан салбаруудад ажиллаж байсан бол Испани, өнгөт арьстан ажилтнууд жолооч, супермаркет гэх мэт эрсдэл өндөртэй газруудад ажиллаж байсан ажээ. Мөн хятадууд ихэвчлэн гэр бүлээрээ ажиллаж, амьдардаг бол бусад өөр үндэстний иргэд харь элгийн хүнтэй хамт нэг өрөөнд амьдарч, үйлдвэрт ажилладаг нь азичууд халдвар авах эрсдэл бага байхад ихээр нөлөөлсөн байна.
Бас АНУ-д амьдардаг ихэнх азичууд хууль ёсны визтэй байдаг нь бусад үндэстэнтэй харьцуулахад эмнэлэгт хандах, эрүүл мэндийн үйлчилгээ авахад дөхөм байдаг аж.
Эх сурвалж: SCMP.COM
Холбоотой мэдээ