“Гадаад дахь монголчууд улс төрийн золиос болчихлоо”

Хуучирсан мэдээ: 2020.05.27-нд нийтлэгдсэн

“Гадаад дахь монголчууд улс төрийн золиос болчихлоо”

“Гадаад дахь монголчууд улс төрийн золиос болчихлоо”

Гадаадын 45 улсаас 10800 гаруй монгол иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад буй. Улсын онцгой комиссоос “Шат дараатай иргэдээ татан авна. Тусгаарлах байрны хүрэлцээнээс шалтгаалж, татан авалтыг төлөвлөнө” гэж мэдээлсэн.  Гэвч хилийн чанадад гацаад буй иргэдийн хувьд эх орондоо очих хүсэлтээ илэрхийлж, цахим орчинд “Бид эх оронтой хүмүүс” хэмээн давалгаалж байна. Ингээд АНУ-д гэр бүлээрээ гацаад буй UB Com­edy” клубын гишүүн Н.Амаржинтай цахимаар холбогдож, цөөн хором ярилцсанаа хүргэе.


-Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаагаа зургадугаар сарын 30 хүртэл сунгалаа. Та АНУ-д ямар зорилгоор, хэзээ очсон бэ?

-Манай гэр бүл АНУ-д гурван сар болж байна. Энэ оны эхээр гэр бүлээрээ АНУ-д ирсэн. Засгийн газраас "онцын шаардлагагүй бол гадаад руу битгий яваарай" гэж сануулсан гэж мэдээлж байгаа. Яг үнэндээ тухайн үед тийм зүйл огт байгаагүй. Улсынхаа хилийг хааж болно. Ямар ч улсын иргэн хүн эх орондоо очих эрхтэй. Ядаж тав хоног ч юм уу, богино хугацаанд иргэддээ боломж олгож, эх орондоо ирүүлэх нь зөв шийдвэр байсан болов уу.

Одоо тэгтэл юу вэ, вакцин гартал улсынхаа хилийг нээхгүй, хүлээх вэ. Тэр вакцин нь гарлаа гэхэд Монгол улсад хэзээ орж ирэх вэ?. Хамгийн гол нь гадаадад гацсан монголчуудын бухимдаж байгаа асуудал нь зургадугаар сарын 30-ныг хүртэл хилээ хаагаад хэзээ нээх нь тодорхойгүй байна. Дэлхийн бусад улс шиг эдийн засгаа дэмжих хосолсон төлөвлөгөө байхгүйгээр иргэдээ “Эх орондоо ирээрэй” гэж хэлж байснаа гэнэт хаалгаа түгжсэн нь утгагүй.

Хүмүүс хохирогчоо буруутгадаг сэтгэхүйгээрээ биднийг “Яах гэж гадаад явсан юм бэ” гэдэг байр сууринаас хандаж байна. Хэн нь ч ойлгохыг хүсэхгүй байна. Дэлхийн энд тэндгүй монголчууд янз бүрийн шалтгаантай гацаад байна. Манай гэр бүл магадгүй онцын шаардлагагүй гадаад явсан байлаа гэж үзэхэд энд гурав хоногийн хуралд оролцохоор ирээд гурван сар гацаж байгаа хүн ч байна. Тэр хүн солих хоёрхон ээлжийн хувцастай ирсэн байх жишээтэй. Эмчлүүлэх гээд ирсэн хүмүүс ч хүнд нөхцөлд байна.

-Улсын онцгой комиссоос нэгдүгээр сарын 6-наас хойш иргэдийг эх орондоо ирэхийг уриалсан. Энэ хугацаанд 62 мянган иргэн эх орондоо ирсэн гэж мэдээлсэн. Таны хувьд хөл хорио тогтоохоос өмнө Монголд ирэх боломж байсан уу?

-Бид нэгдүгээр сарын 1-нд Филиппин улс руу явчихаад Монголд буцаж ирэхэд бүх зүйл хэвийн байсан. Тэгээд нэгдүгээр сарын 13-нд АНУ-д ирээд хоёрдугаар сарын 28-нд буцах билеттэй байсан. Тэгсэн хоёрдугаар сарын 24-нд БНХАУ, БНСУ хоёр хилээ хааж, дамжин ирэх нислэггүй болсон. Тэгээд Японоор дамжин Монгол руу явахаар болж, виз авдаг юм байна. Бид онгоцны тийзээ гуравдугаар сарын 6-ныг хүртэл сунгасан. Гэтэл Улсын онцгой комиссоос гуравдугаар сарын 2-ныг хүртэл хил хаахаа мэдэгдсэн. Дараагаар нь нэг л өдөр 14.00 цагт хуралдаад, 16.00 цагт шууд хилээ хаасан. Урьдчилсан байдлаар “Тэд хоногийн дотор хилээ хаана. Иргэдээ эх орондоо ирээрэй” гэсэн бол орж ирэх боломж байсан. Гэтэл тэгээгүй.

Улсын онцгой комиссоос сануулсан, сануулаагүй хадмууд маань бид хоёроос 10 хоногийн өмнө тийзээ аваад, эх орон руугаа явсан. За яахав, иргэдийн дунд болгоомж санамж байсан ч улсынхаа хилийг шууд хаана гэж яриагүй байсан. Саяхан Улсын онцгой комиссоос өнгөрсөн нэгдүгээр сараас хойш 62 мянган иргэн Монгол руугаа орж ирсэн гэдэг мэдээлэл хэлсэн. Ингэснээр бараг л эх орондоо ирээгүй иргэдээ “Өөрсдөө ирээгүй хохь чинь” гэж хэлж байна.

-Элчин сайдын яаманд эх орондоо буцах хүсэлтээ өгсөн үү?

-Мэдээж. Элчин сайдын яамандаа нэр усаа өгсөн. Би чинь хоёр настай охин, нэг сартай хүү, эхнэрийн хамт байгаа. Манай гэр бүл уг нь шаардлагыг хангаж байгаа. Элчин сайдын яам бидний мэдээллийг Улсын онцгой комисс руу явуулах байх. Гадаадад гацсан монголчууд дэлхийн өнцөг булан бүрт байна. АНУ дахь монголчууд бол зөвхөн нэг хэсэг нь. Бид өнөөдөр эх орондоо буцах хүсэлт өглөө гээд нэмэр алга. АНУ руу нислэг байхгүй учраас Солонгос,  Япон руу ойртох хэрэг гарна. Биднээс ч хүнд нөхцөлтэй хүмүүс олон байна. Улсын онцгой комиссын зүгээс тусгай үүргийн нислэгээр иргэдээ удаан татан авч байна. Өнөөдөр хоёрхон онгоц хангалттай биш. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын “Дараагийн нислэгээ онгоцны нисгэгчид тусгаарлалтаас гарахаар хийнэ” гэдэг тайлбар нь худлаа санагдаад байгаа юм. Монгол Улсад хоёр, гуравхан нисгэгчтэй байна гэж байхгүй. Ажилгүй олон нисгэгч байгаа шүү дээ.

Гадаадад гацсан монголчуудаа удаан татан авч байгаа нь цэвэр сонгуультай холбоотой. Хэрвээ гадаадаас иргэдээ татан авч, дотооддоо алдлаа гэхэд Засгийн газрын рейтинг унана гэж харж байгаа байх. Харж байгаарай, сонгуулийн дараа гадаадаас иргэдээ маш хурдан татан авна.

Covid-19-ийн халдвартай холбоотойгоор АНУ-д одоо нөхцөл байдал ямар байна вэ. Хатуу хөл хориогоо цуцалсан уу?

-Дэлхийн улс орнуудаас АНУ хамгийн их халдвар тархсан улсын нэг болоод байна. Энд 1.7 сая хүн коронавирусийн халдвар авч, 100 мянган хүн нас барсан. Бидний гацаад буй Колорадо мужид 24 мянган хүн халдвар авч, 1300 хүн нас барсан. Энэ бол өндөр тоо. Колорадо муж дунджаар таван сая хүн амтай.

Бидний хувьд нялх хүүхдээ гэрийнхээ гадна салхилуулж, хүүхдүүдээ гадуур авч явахгүй байгаа. Энд дэлгүүрээр үйлчлүүлэхдээ маск зүүгээгүй хүнийг оруулахгүй байгаа. Нийтээрээ айдаст автсан зүйл байхгүй. Өчигдрөөс хөл хориогоо нээж, үйлчилгээний байгууллагууд ажиллаж эхэлсэн. Хүмүүс дор бүрнээ болгоомжлон ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлж байна.

-Хэрвээ одоо хилийн хориог цуцалвал өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлж буй хичээл зүтгэл талаар болно гэдгийг Эрүүл мэндийн яам хэлж байгаа. Гадаадад байгаа иргэдээ татан авахад юуг анхаарах шаардлагатай байна вэ?

-Би эндээс мянга яриад эрх мэдэлтнүүдийн чих нь дөжирчихсөн байгаа биз. Сонгуулийн дараа түр хугацаагаар улсынхаа хилийг нээх саналтай байна. Бүгд эх орондоо ирж чадахгүй ч гадаад улс орноос онгоцоор туслах саналыг нь хүлээн авч болно шүү дээ. Онгоцоор ирж буй иргэдээ түргэвчилсэн оношлуураар хянаж, ашиг орлогогүй байгаа зочид буудал, амралтын газруудад хүлээн авах боломжтой гэж харж байгаа. Тусгай үүргийн онгоцоор ирж буй иргэдийн ихэнх нь эрүүл хүмүүс байгаа учраас эмч мэргэжилтнүүд ч хүрэлцэнэ гэж бодож байна. Ер нь гадаадад гацсан монголчууд улс төрийн золиос болчихлоо.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
9
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж