Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэж үгтэй. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын энэ үед хаа сайгүй хандив өгч буй. Монголын ард түмэн ч шинэ коронавирусийн үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эмнэлгийн бэлэн байдал, тусгай үүрэг гүйцэтгэж буй эмнэлгийн ажилтнуудын хувийн хамгаалах хэрэгсэлд зориулж, өнөөдрийн байдлаар зургаан тэрбум төгрөг хандивлажээ. Тодруулбал,
- Бэлэн мөнгөн хөрөнгө: 3 тэрбум 35 сая 784 мянга 940.26 төгрөг /255 ААН, 241 иргэн/
- Бараа, материал: 3 тэрбум 186 сая 163 мянга 723 төгрөгийн үнэ бүхий /70 ААН, 6 иргэн/
- Хонь /толгой/: 800
Харин үүнээс дөрвөн тэрбум гаруй төгрөгийг зарцуулаад дуусчээ. Олон нийтээс цугласан хандивын мөнгө чухам юунд зарцуулагдаж байгаа, зөв зохистой зүйлд зарцуулагдаж чадаж буй эсэхэд хэн хяналт тавьж буй нь анхаарал татаж байна. Учир нь энэ мөнгө бол ард түмний хандивын мөнгө. Мэдээж, ард түмэн өөрсдөө хянах эрх байхгүй. Харин Транперенси Интернэйшнл Монгол байгууллага хандивын мөнгөний зарцуулалтад хяналт тавихад сэжиг бүхий гурван гүйлгээ ажиглагдсан талаар манай сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан юм.
Энэ талаар Улсын онцгой комиссын Шуурхай штабаас тодруулахад, Онцгой байдлын ерөнхий газрын албан ёсны сайтад иргэд, ААН-с цугласан хандивын мөнгөний зарцуулалт нээлттэй, ил тод байршсан байгаа. Үүнд АТГ болон Сангийн яам хяналт тавьж байгаа" гэв.
Гэвч, АТГ-аас тодруулахад "АТГ хандивын мөнгөний зарцуулалт хяналт тавих чиг үүрэг байхгүй. Хандивын зарцуулалтыг олон нийт ил тод байлгах асуудалд зөвлөмж хүргүүлдэг. Хандивын зарцуулалтад хяналт тавих чиг үүрэг нь Үндэсний аудитын газарт байдаг" гэлээ.
Үндэсний Аудитын газар нь мөн л үгүйсгэж, "Үндэсний Аудитын газар нь одоогоор Улсын онцгой комисст ирсэн хандивын зарцуулалтад хяналт тавиагүй байгаа. УИХ-аар батлуулсан төлөвлөгөөний дагуу санхүүгийн хяналт шалгалт хийдэг. Одоогоор УИХ-ын зүгээс иргэд, ААН-ээс цугласан хандивын зарцуулалтад хяналт тавих үүрэг ирээгүй байна" гэлээ. Ийнхүү хандивын мөнгө хяналтгүй зарцуулагдаж, хэн нэгэн эрх мэдэлтний халаасанд орохгүй гэсэн баталгаа алга.
Үүний зэрэгцээ хүмүүнлэгийн тусламжийн бараа, материалын олголтыг ЭНД дарж, дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
Холбоотой мэдээ