Олон улсад зохиогддог “The Voice” шоу Монголд хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж, өдгөө дөрөвдүгээр шат эхлэх гэж байгаа билээ. Тэгвэл Австралид энэ жил “The Voice” шоу ес дэх удаагаа зохион байгуулагдаж, өчигдөр/2020.05.26/ гурав дахь дугаар нь цацагджээ. Энэ дугаарт Ганбүргэдийн Бөхчулуун нэртэй монгол залуу оролцож бүх шүүгчийг эргүүлж чаджээ.
Шүүгчид түүний үзүүлбэрийг алмайран үзэж дуусаад хаанаас ирснийг нь асуухад тэрбээр “Би Монголд төрж өссөн. Монгол бол дэлхийн хамгийн сүүлчийн нүүдэлчин соёлоо хадгалж үлдсэн улс. Би Австралид ирж амьдраад 10 жил болж байна” хэмээн тайлбарлажээ.
Бөхөө хуураа татаж эхлэхэд л шоуны танхимд өөр уур амьсгал ноёлж, харин дуулж эхэлмэгц нь дөрвөн шүүгчийн гурав нь уралдах шахам эргэн харсан байна. Ингэхдээ Гай Себастиан “Би түүнийг харах ёстой” хэмээн ам алдсан юм. Удалгүй Бөхөө хөөмийлж эхлэхэд үлдсэн нэг шүүгч Делта тэсгэл алдан эргэж харжээ. Тэрбээр Бөхөөг хоёр өнгөөр зэрэг дуугарахад итгэж ядсандаа ангайж хоцорсон юм. Бусад шүүгчид ч суудал дээрээ тогтож ядацгааж байв.
Бөхчулуун дуугаа дуулж дуусахад танхимд байсан бүх хүмүүс босч зогсон хүндэтгэл үзүүлэв. Тэд “Үнэхээр диваажингийн дуу хоолой шиг санагдлаа”, “Би чиний дуугарсан тэр зүйлийг (хөөмий) сонсоод бүтэн өдөржин бясалгал хийж чадахаар байна. Гайхалтай байлаа. Үзэхэд урамтай байлаа” хэмээцгээж байлаа.
Харин Бөхөө “Би хоёр өнгөөр зэрэг дуулж байна” хэмээн тайлбарлаад шүүгчдийн хүсэлтээр дахин нэг хөөмийлж үзүүлжээ. Гай түүний авьяасыг хэрхэн хөгжүүлэх боломжтой болон яаж хамтарч ажиллахаа тайлбарлаж, өөрийг нь сонгохыг шаргуу зөвлөсөнд Бөхөө түүнийг дасгалжуулагчаараа сонгожээ. Гай “Ийнхүү манай багт энд байгаа хэний ч хийж чадахгүйг хийж чадах элит хөгжимчин орлоо” хэмээн онгиржээ.
Бөхчулуун өдгөө 35 настай бөгөөд 20 жилийн өмнөөс эхлэн хөөмийлж байгаа гэнэ. Тэрбээр австраличуудад хандан “Монгол хөөмий бол сурахад амаргүй техник. Туршлагатай багшаар заалгах хэрэгтэй. Үгүй бол хоолойгоо гэмтээх аюултай. Энэ бол сурахад маш хэцүү техник. Тийм ээ, би хоёр өнгөөр зэрэг дуулж байна. Үүнийг хийхийн тулд ам, хоолой, цээжний хэд хэдэн булчинг зэрэг зөв ажиллуулж сурах шаардлагатай. Зөв сурж чадвал хүн бүр үүнийг хийж чадна. Бид бүгд яг адилхан биетэй шүү дээ. Энэ ид шидийн юм шиг сонсогддог. Би хэдий амаараа зэрэг хоёр өнгө гаргаж байгаа мэт боловч үнэн хэрэгтээ ердөө л байгаль эхийн, уул усны, ой моддын, салхины, шувуудын чимээг дуурайж буй хэрэг юм” хэмээн тайлбарлажээ.
Эх сурвалж: 9NOW.NINE.COM.AU
Холбоотой мэдээ