ОХУ руу мах экспортлох сургаар үнэ нэмэгдэв үү?

Хуучирсан мэдээ: 2020.05.27-нд нийтлэгдсэн

ОХУ руу мах экспортлох сургаар үнэ нэмэгдэв үү?

ОХУ руу мах экспортлох сургаар үнэ нэмэгдэв үү?

Хаврын хаварт мах үнэд ордог.  Хонины мах нэг килограмм нь 10 мянгад хүрч, үхрийн мах 16 мянган төгрөгийн үнэд хүрсэнд иргэд бухимдаж сууна. Зарим худалдаа эрхлэгчид ОХУ руу мах экспортлох сургаар сүүлийн хэдэн өдөрт махны нийлүүлэлт багасч, үнэ нь 1000-1500 төгрөгөөр нэмэгдсэн тухай хэлж байв. Тэр дундаа хонь, ямааны махны үнэ өссөн бол бод малын мах харьцангуй бага үнээр нэмэгдсэн гэх. Ингээд учрыг тодруулахаар махны гол зах болох “Хүчит шонхор” худалдааны төвийг зорин очлоо.

Тус захын үхрийн махны тасаг хүн багатай байв. Худалдагчид нь махны үнээ цаасан дээр бичиж тавиагүй байгаа нь анзаарагдана. Худалдагч нараас үхрийн махны үнэ асуухад 14500-16000 төгрөгийн хооронд мах бэлтгэн худалдаалж байна гэдгийг хэлж байв. Жишээлбэл, үхрийн ястай мах килограмм нь 14 мянга 500 төгрөг, цул мах нь 16500-16800 төгрөгөөр худалдаалж байна.

Худалдаачдын хэлснээр махны үнэ нэмэгдсэнээр иргэд өмнө нь 10 килограмм мах худалдан авдаг байсан бол тав килограмм мах худалдан авч байна. Иргэдийн худалдан авалт тааруу болсон гэдгийг хэлж байлаа. Харин махны үнэ нэмэгдсэнийг малчид малаа хөнгөлж, мах нийлүүлэхгүй байгаатай холбон тайлбарлаж байв.

“ӨМНӨ НЬ 10 КГ МАХ АВДАГ БАЙСАН БОЛ ОДОО ТАВ КГ МАХ АВЧ БАЙНА”

“Үхрийн мах 15 мянган төгрөгийн үнэтэй байна. Үнэ нэмэгдээд 10 хонож байна. Учир нь үхрийн шинэ махны нийлүүлэлт багассантай холбоотой. Хэдийгээр махны үнэ өссөн ч хүмүүс шинэ мах л худалдан авч байна. Худалдан авалт тааруу байна. Хүмүүс өмнө нь 10 килограмм мах авдаг байсан бол одоо тав килограммаас хэтрэхгүй болж” гэдгийг худалдагч Д.Цэнд-Оюун хэлсэн юм.

Адууны мах ястай нь 8500 төгрөг, цул нь 9000 төгрөгийн үнэтэй. Үнийн хувьд харьцангуй тогтвортой байв. Харин тэмээний мах 500 төгрөгөөр нэмэгдэж, 8000 төгрөгийн үнэтэй болжээ. Зарим худалдан авагч “Сарын өмнө мах худалдан авахад 12-13 мянган төгрөгийн үнэтэй байсан. Гэтэл өнөөдөр 2000-3000 төгрөгөөр нэмэгдсэн байна” хэмээн бухимдаж байв.

Махны худалдагч Д.Удвал “Шинэ мах бага хэмжээгээр нийлүүлж байгаа учраас өндөр үнэтэй байна. Худалдагчид махаа 11500-12000 төгрөгөөр бөөндөж авч байна. Лангуун дээр зарахдаа бэлтгэн нийлүүлэлтийн зардлаа нэмээд 14500-16000 мянган төгрөгөөр худалдаалж байна. Худалдан авалт их муу байна. Иргэд хэр хэмжээндээ тааруулж л мах худалдан авч харагдана. Энэ улиралд малчид малаа хөнгөлж байгаа учраас махны нийлүүлэлт багассан” гэв.

“СҮҮЛИЙН ХЭДЭН ЖИЛ ХОНИНЫ МАХ 10 МЯНГАД ХҮРЭЭГҮЙ”

“Хүчит шонхор” захын хонины мах худалдаалж буй тасгаар орж үнэ ханш сонирхвол хонины ястай мах килограмм нь 10500 төгрөгийн үнэтэй байна. Цул мах нь 11 мянган төгрөгийн үнэтэй. Мөн л худалдан авалт буурсныг хэлж байв. Харин ямааны ястай мах 8500 төгрөг, цул нь 8800 төгрөгийн үнэтэй худалдаалж байлаа. Үнийн хувьд 200-300 төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг худалдагчид хэлсэн юм.

“Махны үнэ нэмэгдэхээр “Ченж нар махны үнэ өсгөлөө” гэдэг. Гэтэл Налайх, Эмээлт захад хятадууд махыг их хэмжээгээр авч, бэлдэж байна. Бүх малыг аймгаас нь очоод авчихаар Улаанбаатар хотод мах орж ирэх нь багасна шүү дээ. Энэ жил бараг нөөц бэлдээгүй. Сүүлийн хэдэн жил хонины мах 10 мянгад хүрч байгаагүй. Нөөцийн мах нь ч үнэтэй байна. Ийм үнэтэй махыг хэн авах юм бэ. Хүмүүс махны үнэ хараад, лангуу тойроод л яваад байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед ажиллаж байгаа цөөн хэдэн үйлчилгээний газрууд үнэтэй ч гэсэн махаа худалдан авч байна” гэдгийг худалдагч  Д.Нэргүй хэлж байв.

“Ямааны мах 8500 төгрөгөөр худалдан авч байна. Өмнө нь 8300 төгрөгийн үнэтэй байсан. Манайх хоолны газар ажилуулдаг. Тийм учраас өдөр болгон 100-120 кг мах худалдан авдаг. Мах огт авахгүй, хэрэглэхгүй байна гэж байхгүй. Өндөр үнэтэй ч гэсэн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд махаа худалдан авч байна” гэдгийг худалдан авагч Г.Ганчимэг хэлсэн.

“70 МЯНГАН ТӨГРӨГТ ЗУРГААХАН КИОГРАММ МАХ АВЛАА”

“Хонины мах 10500 төгрөгийн үнэтэй байна. Миний хувьд 70 мянган төгрөгөөр зургаан кг мах л авлаа. Яагаад махны үнэ ингэж өссөнийг сайн мэдэхгүй юм. Үнэтэй байлаа гээд мах идэхгүй гээд яах вэ дээ. Аргагүйн эрхэнд махаа худалдан авч байна. Энэ махаа ногоотой хольж хэрэглээд нэг сар хүргэхийг хичээнэ дээ” хэмээн иргэн Ч.Баярмаа учирлана.

Тус захын гулууз мах худалдаалдаг хэсэг ч хөл хөдөлгөөн багатай байлаа. Хонины шинэ гулууз махны үнэ 9000-9500 төгрөг. Харин ямааны гулууз мах 6500-6700 төгрөг, зоорины мах 8000-8500, улсын нөөцийн мах 6500-6700 төгрөгийн үнэтэй байна.

“ОХУ руу мах экспортлох болсонтой холбоотойгоор махны үнэ нэмэгдсэн гэдэг нь худлаа. Орон нутагт зуны эхэн сарын шинийн 3-наас 5-ны өдрүүдэд мал хөнгөлдөг. Тийм учраас долоо хоног мал гаргадаггүй. Тэрнээс л болж байгаа байх. Энэ намар хятадууд цагаан сар хүртэл их хэмжээний мах худалдан авлаа. Малчид тэдэнд өөрсдийн зарах бүх махаа зарчихсан. Одоо төл авах мал нь үлдсэн учраас махны нийлүүлэлт муудсан байх” хэмээн худалдагч Д.Батдэлгэр тайлбарлав.

Захын үүдэн хэсэгт байрлах нөөцийн мах худалдаалдаг хэсэгт хонины нөөцийн мах 6700, ямааны мах 6000, үхрийн мах 7700 төгрөгийн үнэтэй худалдаалж байв. Дараагаар нь нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зорин очихоор “Хангай” хотхон, “Алтжин” бөмбөгөр худалдааны төв, “Бүрд” худалдааны төвийг зорин очсон боловч худалдаа явуулахаа болиод хэд хонож байна гэдгийг үйлчилгээ эрхлэгчид хэлж байлаа.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж