"Хөл хориог утга учиртай, зорилготой ашиглаж болно"

Хуучирсан мэдээ: 2020.05.27-нд нийтлэгдсэн

"Хөл хориог утга учиртай, зорилготой ашиглаж болно"

"Хөл хориог утга учиртай, зорилготой ашиглаж болно"

Цар тахлын үед цахим орчныг хэрхэн зөв ашиглах вэ, мөн энэ үед цагийг хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх вэ. Энэ сэдвээр СЭМҮТ-ийн их эмч Ж.Гантулгаас тодрууллаа.


-Урт хугацаанд хөл хорионд байхаар цаанаасаа стресстээд байна, энэ байдлаас яаж ангижрах вэ гэж иргэд их асууж байна. Энэ асуултад мэргэжлийн хүний хувьд зөвлөгөө өгөхгүй юу?

-Хөл хорионд байх хугацааг утга учиртай, зорилготой ашиглаж болно. Гадуур явж, хүссэн зүйлээ хийж чадахгүй байгаа бол дуртай киногоо үзэж, дасгал хөдөлгөөн хийж, ойр зуураа алхаж, тогтмол цагт унтаж өмнөх амьдралын хэв маягаа хадгалахыг хичээх хэрэгтэй. Мөн хувийн ариун цэврийг орхигдуулж болохгүй. Бас гэр бүлийнхэнтэйгээ сайхан харилцаатай байх шаардлагатай.

Эерэг киног тодорхой хуваарь гаргаад үзэж болно. Гэр бүлийнхэнтэйгээ үзсэн киногоо ярилцаад анализ хийж болно. Бас гэр бүлээрээ зураг зурдаг ч юм уу, бие хөдөлгөөн оролцохоор стресс тайлагдах нь бий.

Түүнчлэн ном уншиж, тэмдэглэл хөтлөх нь үр дүнтэй. Бодол санаагаа цаасан дээр буулгаж, бясалгах нь асуудлыг шийдвэрлэхэд түлхэц болдог.

Нэгэн хэвийн байдлаар амьдрахаар, сэтгэл хөдлөл багасахаар хүний сэтгэл санаа таагүй болдог.

Мөн бүх зүйл сайхан болно гэсэн өөдрөг сэтгэлгээтэй байх хэрэгтэй.

-Сошиалаас авсан худал мэдээллээс болоод иргэдийн дунд сэтгэл түгшилт бий болоод байна. Тиймээс сошиалыг хэрхэн зөв ашиглах вэ?

-Бүх цаг хугацааг сошиалд өнгөрүүлэх нь буруу. Цар тахлын үед найдвартай эх сурвалжаас мэдээлэл авах нь чухал. Мөн эерэг, өөрт хэрэгтэй мэдээллийг унших хэрэгтэй. Худал үнэн нь мэдэгдэхгүй, сөрөг мэдээлэл унших бүрт хүний сэтгэл түгшиж, айдаст автдаг. Авч буй мэдээлэл сөрөг байх тусам сэтгэцийн тулгамдсан асуудал үүсдэг.

-Хаанаас гаргасан мэдээллийг найдвартай гэж үзэх вэ?

-Covid-19-тэй холбоотойгоор Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Шуурхай штаб болон томоохон хэвлэл мэдээллийн байгууллагаас гаргаж буй мэдээллийг найдвартай гэж үзэж болно.

-Сошиалыг өдөрт хэдэн цаг ашиглах нь зохимжтой вэ?

-Энэ талаарх нарийн тооцоолол байдаггүй. Тиймээс сошиалыг ашиглахдаа нүдээ амрааж, сөрөг байдлаас өөрийгөө хамгаалах мэдээлэлтэй байх нь чухал.

-Ямар шинж тэмдгээрээ өөрийгөө сэтгэцийн тулгамдсан асуудалтай байгаа гэдгийг мэдэх вэ?

-Сэтгэцийн тулгамдсан асуудалд айдас түгшүүр, нойргүйдэл, стресстэх, тайван биш болох, гуниглах, гутрах зэрэг багтана.

-Нэгэнт ийм байдалд орсон тохиолдолд энэ байдлаас яаж гарах вэ?

-Тайван бус байгаа байдлыг ганцаараа хадгалж болохгүй. Найз нөхөдтэйгөө ярилцаж болно. Бүр болохгүй бол мэргэжлийн хүнд хандах нь зөв.

Их Британид бүртгэлтэй 1369 сэтгэлзүйчийн дунд явуулсан судалгаагаар 43 хувь нь ард иргэдийн дунд сэтгэцийн эрүүл мэндийн яаралтай тусламж авах тохиолдол ихэссэн гэж хариулжээ. Судлаачид сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж буй түгээмэл шалтгаануудаар нийгмийн харилцаанаас хол байх, халдвар авахаас айх, гэр бүлийн гишүүнээ халдварын улмаас алдах, орлогын эх үүсвэргүй болох, ажлаа алдах зэргийг нэрлэжээ. Цар тахлын үеэр сэтгэцийн эрүүл мэнд нь өндөр эрсдэлтэй байгаа хүмүүсийг дурдвал:

  • Хүүхэд, өсвөр үеийнхэн
  • Өндөр настай иргэд
  • Гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй иргэд
  • Бага болон дунд орлоготой, санхүүгийн хувьд эрсдэлд орж буй иргэд
  • Цар тахалтай нүүр тулан өндөр ажлын ачаалалтай, халдвар авах өндөр эрсдэлтэй ажиллаж буй эрүүл мэнд, батлан хамгаалах зэрэг салбарын албан хаагчид гэсэн судалгаа гарсан.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж