"Бусдын нулимсыг гамнах сэтгэлтэй байх хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2020.05.27-нд нийтлэгдсэн

"Бусдын нулимсыг гамнах сэтгэлтэй байх хэрэгтэй"

"Бусдын нулимсыг гамнах сэтгэлтэй байх хэрэгтэй"

Бүтээсэн дүрээрээ бусдыг инээлгэж явдаг “Комеди театр”-ын захирал, жүжигчин Б.Даваажав буюу Байлаатай ярилцлаа. Үзэсгэлэнт гэргийгээрээ үргэлж гангарч явдаг тэрбээр сүүлийн үед цахим орчинд хөгжилтэй, эерэг бичлэг оруулж байгаа нь олны талархлыг хүлээгээд байгаа юм.


-Зураг авалт нь дуусахыг нэлээд хүлээлээ. Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байгаагаас ярилцлагаа эхэлье?

-“Монгол хүн байна даа” дуу гаргасан. Энэ дуу нь “Монгол хүн байна даа” хэмээх 12 ангитай контентын дуу. Уг контентоор Монгол өв соёлыг, Монгол жудгийг, өвгөдийн сургаалыг харуулахыг зорьсон. Одоогоор бэлтгэл ажлаа хангаад явж байна.

-Таны бүтээсэн дүрүүд яагаад үл бүтэх талынх байдаг юм бэ. Бүтээсэн дүртэй нь холбоотойгоор хүмүүс таныг хэрхэн хүлээж авдаг вэ?

-“Танайх нүүрс түлдэг, манайх папришка түлдэг” гэдэг нөхөр байна, “Нөгөө лухгар хоригдол байна”, “Батаагийн найз хулгайч байна” гэх зэргээр хүлээж авдаг. Эсрэг дүрийг сайн бүтээвэл жүжигчний ур чадвар харагддаг гэдэг ч ийм дүр таараад байдаг нь миний царайтай холбоотой байх. Уг нь амьдрал дээр тэр дүрээс огт өөр хүн. Тун романтик хүн.

-Гутал тосолж, ундаа зарж явсан хүү жүжигчин болоход амаргүй байсан уу?

-Миний бага нас Цагаан хуаранд өнгөрсөн. Би хоёр ах, нэг эгчтэй. Намайг 10 настай байхад ардчиллын шуурга дэгдэж, сургуулиа орхисон. Тэгээд гутал тосолж, ундаа зарж, савхи будаж, нүүрс зөөсөн. Ажил хийж олсон мөнгөөрөө би 15 настайдаа аавдаа 32 угалзтай монгол гутал, ээждээ алтан ээмэг авч өгч байсан. Тэр үед аав, ээж хоёр минь яаж баярлаж байсныг одоо ч мартдаггүй. Харин 17 настайд аав минь нас барж, бүх зүйл оронгоор эргэсэн. Ингээд аавынхаа нэрийг гаргасан хүн болохоор шийдсэн юм. Тэгээд оройн ангид сурч, арван жилээ дүүргээд дараа нь СУИС-ийн жүжигчний ангид элсч, жүжигчин болсон доо. Жүжигчин болох мэдээж амар байгаагүй.

-Сүүлийн үед цахим хуудаснаа “Дархлаагаа дэмжье” гэх эерэг бичлэгүүд оруулдаг болжээ. Ингэснээр үзэгчид таны ур чадварыг илүү сайн мэддэг болж байх шиг ажиглагдсан?

-Цар тахал нь дэлхий нийтийн уран бүтээл, эдийн засгийг зогсонги байдалд оруулаад байна. Ийм үед “Хэцүү байна” гээд суугаад байх нь байдлыг улам хүндрүүлнэ.  Тиймээс Covid-19, сонгууль гээд бухимдалтай байгаа энэ үед өөрийн чадах зүйлээр эерэг байдал түгээхийн тулд эртний, бүр мартагдсан дуунуудыг дуулж цахим хуудсандаа оруулж байгаа. Хүмүүс үүнийг маш гоёор хүлээж авч байна. Мөн шүүмжлэх хүмүүс ч байгаа.

-Юу гэж шүүмжилж байна вэ. Шүүмжлэлийг хэрхэн хүлээж авдаг вэ?

-“Гитараа угаагаачээ”, “Чиний жүжигчин гэж юу байх вэ дээ” гэх зэргээр шүүмжилдэг. Тэгсэн ч би инээгээд л хүлээж авдаг, тэр шүүмжлэл дээр нь лайк дараад үлдээдэг. Манай эхнэр “Хүмүүс ингэж муухайгаар хэлээд байна. Бичлэг оруулахаа больвол яасан юм бэ” гэдэг ч би тэр хүмүүсийг хүндэтгэдэг.

-Гэргийтэйгээ танилцсан түүх тань сонирхолтой юм билээ. Үзэсгэлэнт бүсгүйг өөрийн болгосон туршлагаасаа уншигчидтай хуваалцахгүй юу?

-Эр хүнд царайнаас илүү уужуу байдал, сэтгэл чухал. Хүний өмнөөс эмзэглэдэг, хүний нулимсыг гамнах сэтгэлтэй байх хэрэгтэй гэж боддог. Тийм байхад бусад нь болдог юм билээ. Би ээж, аавдаа хөөрхөн. Ханьдаа, хүүдээ хөөрхөн харагддаг. Эхнэртэйгээ 2013 онд урлагийн ажилтны баяр дээр танилцаж байсан. Тэр үед эхнэр маань “Шилмэл загвар” агентлагт загвар өмсөгчөөр ажилладаг, үнэхээр сайхан бүсгүй байна гэж харж байлаа. Хүн бүрийн нүд тэр эмэгтэй дээр тусч байсан. Тухайн үед ийм сайхан эмэгтэйг эхнэрээ болгоё гэж огт бодоогүй. Учир нь, уушгины сүрьеэ тусаад, эмнэлэг хүлээж авахгүй гээд, үхээд боссон үе байсан. Тэр үед өөрийгөө толинд харахаар араг яс шиг харагдаж байсан. Харин дараа нь “Шилдэг өнгө”-ийн шинэ тоглолтод урилгаар оролцоход нь сайн танилцаад, би “хүн” байсан болохоор бие биедээ татагдаад гэр бүл болсон.  Бидний хайрын түүх маш гоё. Эхнэрээрээ, гэр бүлээрээ гангарах, гоёх дуртай. Тэр үед харсан тэр эмэгтэй миний цэцэг байсан юм билээ. Харин би цэцэгчин. Эхнэртээ хайр халамж, бүхнээ зориулдаг. Мартын 8-наар машин авч өгснөөс эхлээд хагархай канестр байсан ч савлуур хийгээд өгчихдөг.

-Та хоёрын нэг гэрт орсон түүх бас сонирхолтой. Одоо гэрээ өргөжүүлэх бодол байна уу?

-Бид хоёр Цагаан сарын үеэр телевизийн нэвтрүүлэгт ороод 400 мянган төгрөгийн цалин аваад, цалингаараа тогоо, будаа агшаагч гээд ойр зуурын юм аваад тусдаа гарсан. Бас хамаатнуудынхаа хэрэглэхгүй байгаа тавилга зэргийг нь авч түр ашиглаж байсан бол одоо бүх тавилгаа шинэчилсэн. Анх гэр бүл болсон газраасаа буюу Дамбын рашааны ойролцоо хашаа байшиндаа амьдарч байгаа. Ойрын хугацаанд эндээ л амьдрах бодолтой байна.

-Цаашид ямар уран бүтээл туурвихаар төлөвлөөд байна вэ?

-Уг нь 2020 онд хийхээр төлөвлөсөн олон ажил бий. “Хотоо чимцгээе-2”-ийг хийнэ. Мөн “Монгол хүн байна даа” –г хийнэ. Бас бүрэн хэмжээний хоёр кино дээр ажиллах гэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж