Шадар сайд бүтэлгүйтсэн ажлаа эргэв

Хуучирсан мэдээ: 2020.05.27-нд нийтлэгдсэн

Шадар сайд бүтэлгүйтсэн ажлаа эргэв

Шадар сайд бүтэлгүйтсэн ажлаа эргэв

Сонгууль хаяанд тулсан тул Засгийн газар зарим нэг эхлүүлсэн ажлаа санагалзав бололтой, эргэж тойрч эхлэв. Гэтэл жилийн өмнө шав тавьж, сүр бадруулсан зарим ажил эхлэл төдий угтаж нүүр түлэх нь тэр. Тодруулбал, Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр/2020.05.26/ шинэ төв цэвэрлэх байгууламжийн ажил байдалтай танилцтал бүтээн байгуулалтын ажил нь эхлэл төдий угтлаа.

Албаныхны өгч буй тайлбараар Covid-19 цар тахал дэгдсэнээр хятад ажилчид хил нэвтрэх боломжгүй болж, бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаандаа гүйцэтгэгдэхгүйд хүрчээ. Цахимаар хуралдаж, зааварчилгаа аван ажлаа явуулдаг ч гавихгүй байгаа аж. Нэг үгээр хэлбэл, шинэ төв цэвэрлэх байгууламж 2022 онд ашиглалтад орох төлөвлөгөө үндсэндээ бүтэлгүйтэж байна гэсэн үг юм. Өнгөрсөн жил ажлаа олигтой явуулаагүй албаныханд Covid-19 цар тахал арьсаа хамгаалах далим нь ч болж өгч байх шиг.

Ер нь нийслэлчүүдийн хувьд тэр дундаа Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэд дахиад хэдэн жил тэсэн, өмхий үнэртэйгээ дасан зохицож амьдрахаас аргагүй болох нь. Учир юу вэ гэвэл МАН Засгийн эрхийг авсны дараахан хотын дарга асан С.Батболд шинэ төв цэвэрлэх байгууламж барих болсноо зарлаж, 2019 онд ашиглалтад оруулахаа мэдэгдсэн. Гэтэл эл ажил бүтэлгүйтсэн.

Дараа нь буюу 2018 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар Хятадын 62.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр энэхүү ажлыг эхлүүлэх болсноо мэдэгдэн, жилийн өмнө хүрз зээтүү хангинуулах шахам тууз хайчлан, ажлыг нь эхлүүлсэн ч бас л саатав.

Уг нь Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих ажил урагшлахгүй бол, өмхий үнэр гараад байвал Х.Баделхан сайдын хар толгойтой ярина шүү гэдэг анхааруулгыг Ерөнхий сайд өгсөн ч одоо бол лөөлөө болов. Бүрэн эрх нь дуусах дөхөж байхад сайдаас нь огцруулъя гэлтэй биш.

Ер нь бол эрх баригчид том, том амлалт өгсөн ч гүйцэтгэл нь эхлэл төдий ажлыг л дараагийн Засгийн газартаа үлдээж байна даа. Одоо тэр Дархан-Улаанбаатарын замын ажлыг хар. Мөн л Хятадын хөрөнгө оруулалттай компаниудыг оруулаад тэр даруй замыг шинэчлэн бариулаад, гялтагнуулаад өгөх тухай амласан. Гэтэл өнөөдөр барьсан зам ч үгүй, хуучин зам ч үгүй. Иргэд 220 гаруй км замыг шороон дунд манаргуулж байна.

Иргэд, эрүүл мэнд, эд материалаараа хохирч буй тухай ярьж буй ч тоодог эрх мэдэлтэн байдаггүй. Салбарын сайд нь бүр “Дарханы замд иргэд эрүүл мэнд, эд материалаараа хохирсныг хэн батлах юм бэ” гэж хүртэл хэлж, шаралхсан.

Эрх барьж байхад хэн ч намайг яаж ч чадахгүй гэж боддог уу, эсвэл УИХ-ын гишүүний дархан эрх нь тэднийг ийм бардам болгосон уу, бүү мэд.

Уг нь хариуцсан ажлаа хийдэггүй хүмүүст нам нь улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх ёстой атал бүр толгойг нь илээд тойргийг нь солиод УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж, эрхлүүлэхийг нь яана.

Угтаа бол сайд Х.Баделхан, Б.Энх-Амгалан хоёр УИХ-ын сонгуульд нэр дэвших ёсгүй юм.

Гэтэл сонгуульд дахин үзэхээр бэлтгэлээ хангаж, харин ажлыг нь Шадар сайд нь эргэж, нүүрээ түлж явна.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж