“Салхитын мөнгөний орд"-ын хэрэгт холбогдсон Б.Мөнгөншагай нарын нэр бүхий 15 хүнд холбогдох шүүх хурал тавдугаар сарын 22-ны өдөр болсон. Энэхүү хэрэгт холбогдсон шүүгч Ц.Амарсайханы эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хэргийг тусгаарласан бөгөөд Б.Мөнгөншагай нарт ял оноож, нэр бүхий хоёр шүүгчийг цагаатгах шийдвэр гаргасан юм. Шүүхийн зүгээс дээрх хуралдааны албан ёсны шийдвэрийг өнөөдөр /2020.05.26/ танилцууллаа.
Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан:
- Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Д.Цолмон,
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр,
- Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар,
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг, хахууль өгсөн үйлдэлд Ш.Мөнгөншагай, Г.Жаргалан, зуучилсан үйлдэлд Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан, хошууч Г.Алтан-Очир нарын 15 хүнийг буруутган, НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд шилжүүлээд байсан.
Тэгвэл шүүгдэгч Н.Мөнгөншагай, Г.Жаргалан нарыг өөртөө болон бусдад давуу байдлыг бий болгох зорилгоор бусдад хээл хахууль өгсөн хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүхээс 2-5 жилийн хорих ялаар шийтгэжээ.
Харин хахууль авсан хэрэгт шүүхээс Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатарт таван жил, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаярт гурван жилийн хорих ял оноосон байна.
Монгол улсын дээд шүүхийн хоёр шүүгчийг энэ хэрэгт холбогдуулан шалгасан.Шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож нар хээл хахууль авсан нь нотлох баримтаар тогтоогдоогүй учраас тэднийг цагаатгажээ.
Шүүхээс гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө байна гэж үзээд шүүгдэгч Б.Цолмонбаатараас 60 сая төгрөг, н.Уранчимэгээс 35 сая төгрөг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн даргаар ажиллаж байсан хошууч Г.Алтан-Очироос 50 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Хан-уул дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч И.ГАНБАТ:
-Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн сая 425 мянга 200 ам.долларыг шүүх улсын орлого болгохоор шийдвэрлэсэн. Өчигдөр цахим орчинд тарсан бичлэг нь 2008 оны есдүгээр сарын 14-ны өдөр шүүгдэгч Б.Мөнгөншагайн хөлсөлж байсан Сүхбаатар дүүрэгт байрлах 220 барилга дотор гүйцэтгэх ажиллагаа явуулах үед хийгдсэн бичлэг.
Энэ бичлэг бол шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдээгүй нотлох баримт. Өөрөөр хэлбэл, 27-28 хавтаст хэрэг дотор тэр бичлэг ирээгүй. Харин бичлэг дээрх байшин, нөхцөл байдлын талаар хавтас хэрэгт гараар бичиж нотлох баримтаар хавсаргасан байсан.
Цахим орчинд гарсан шиг шүүгч нар мөнгөө хувааж байгаа бичлэгээ хараад биеийн байдал хүндэрсэн гэдэг нь худал. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч н.Өнөрцэцэг нотлох баримт судалж байх явцад бие нь эвгүйтэж ухаан алдсан. Улмаар хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан гарсан учраас эмнэлэгт хэвтүүлсэн.Шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон учраас , шүүгдэгч Б.Сайханцэцэгтэй хамт хэргээс тусгаарласан байна. Эмнэлгээс гарсан үед нь тухайн хоёр хүний хэргийг дахин хянан хэлэлцэнэ. Түүнээс биш мөрдөн байцаалтад буцаасан зүйлгүй" гэв.
Э.БУРАМ