Баян-Өлгий: МАН, АН шинэ залуучууд сойж байна

Хуучирсан мэдээ: 2020.05.26-нд нийтлэгдсэн

Баян-Өлгий: МАН, АН шинэ залуучууд сойж байна

Баян-Өлгий: МАН, АН шинэ залуучууд сойж байна

2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид албан ёсоор тодорсон учраас NEWS агентлаг энэ удаад нэр дэвшигчдийг тойрог тус бүрээр нь сонгогчийн боловсролд мэдлэг нэмж, хэн нь хэн бэ гэдгийг танилцуулан хүргэж байгаа билээ. Бид энэ удаад Баян-Өлгий аймагт нэр дэвшигчдийг онцолж байна.


Баян-Өлгий аймгийн хувьд энэ удаагийн сонгуульд дөрвөн нам, эвслээс нэр дэвшигчид оролцохоо мэдэгдэж нэр дэвшигчдээ тодруулаад буй.  Энэ тойрогт хэн хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг намын дарга нарын толгойны өвчин гэхээс илүү бүл, омгуудын хоорондын зөвшилцөл, дэмжлэгээс илүү их нөлөөлдөг. 2016 онд Өлгийчүүд МАН-ын гишүүн Х.Баделхан, Г.Солтан, АН-ын гишүүн Д.Мурат нарт итгэл үзүүлсэн.

МАН МАРГААНТАЙ Ч БАГАА ШИНЭЧЛЭВ

МАН-аас энэ удаагийн сонгуульд  Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Аймгийн Засаг дарга А.Гылымхан, Т.Абубахир нарт итгэл үзүүлж буй. Гэхдээ эдгээр сонголтыг хийхэд гомдол дагуулсан нь ХХААХҮ-ийн дэд сайд А.Сауле. Түүний хувьд энэ удаад эмэгтэйчүүдийн квот, намын дэмжлэгээ харсан ч өрсөлдөнө гэдэгтээ бат итгэлтэй байж сүүлийн хэдэн жил өлгийчүүдийг тойглож ирсэн. Гэвч намын даргын сонголт өөр байсан ч түүний дургуйцлийг хүргэсэн.

Нэр дэвшигч Х.Баделханы хувьд У.Хүрэлсүхийн танхимын сайдаар ажилласан. Барилга хот байгуулалтын сайдаар томилогдоход нь нийслэлийн “баасны” үнэрийг арилгахгүй бол хар толгойгоороо хариуцах үүрэг өгсөн. Гэвч өнөөдрийн хүртэл “баасны” үнэр арилаагүй хэвээр байгаад нийслэлчүүд лав дүнгээ тавьчихсан. Харин өлгийчүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Барилга хот байгуулалтын сайдаар хэрхэн ажилласанд дүнгээ тавих биз ээ. Түүнтэй хамт аймгийн Засаг дарга А. Гылымхан нэр дэвшиж буй. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд аймгаа удирдаж, нутагтаа танигдсан. Гэхдээ түүнийг орон нутагтаа хийсэн томилгоо нь өлгийчүүдийн бус улсын асуудал болтол шуугиан тарьж байв.  Засаг дарга болонгуутаа өөрийн ах дүү, хамаатан садан, тойрон хүрээлэгчдээрээ төрийн албыг дүүргэсэн гэх яриа Баян-Өлгийн сонгогчид нь ярьдаг. Засаг дарга болоод орлого нь огцом өссөн  гэх хардлага ч бий. Тэдэнтэй хамт цоо шинэ нэр дэвшигч орж ирж байгаа нь Т.Абубахир. “Тариан цацал” компанийн ТУЗ-ийн дарга, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхантай ураг садны холбоотой гэхээс өөрөөр мэдээлэл алга.

АН ДУУЛИАНТ Д.МУРАТТАЙ ШИНЭ ЗАЛУУЧУУДЫГ ХОСЛУУЛНА

2016 оны сонгуулиар АН-д нэг суудал авчирсан Д.Мурат гишүүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамгийн дуулиантай байсан төрийн түшээдийн нэг юм. Эмэгтэй хүнд бэлгийн дарамт үзүүлж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэх дуулианаар хэвлэлийн “баатар” болсон бөгөөд эцэст нь шүүх түүнийг цагаатгасан. Тиймээс  ч АН энэ удаад итгэл хүлээлгэж, дахин нэр дэвшүүлж байна. Хэвлэлийн энэ дуулианыг эс тооцвол чимээгүй улстөрчдийн нэг байсан. Түүнтэй хамт Б.Бейсен, Р.Гажайв нарыг АН дэвшүүлж буй. Б.Бейсены хувьд нутагтаа олон жил эмчээр ажиллаж, саяхан гавьяат эмч болсон. Гэхдээ тэрбээр улс төрийн амьдралд ч нөлөө үзүүлж, суулт зарлаж байсан гэх мэдээлэл бий. Харин Р.Гажайвын хувьд “Монстрой-Эра” компанийн захирал, барилгын инженер мэргэжилтэй, даруухан бизнесмен гэх мэдээллээс өөр зүйлгүй.

НӨЛӨӨ БАГАТАЙ ГУРАВДАГЧ ХҮЧИН

МАН, АН-аас гадна Та бидний эвслээс Б.Айбек, З.Батербек, Д.Аувиз,  “Зөв хүн электорат эвсэл”-ээс Тува сургуулийн магистр Б.Одхүү, ШИНЭ эвслээс Х.Данибал, М.Туледин, Баян-Өлгий аймгийн хөгжлийн төлөө сангийн Удирдах зөвлөлийн дарга П.Нямхүү гэсэн хүмүүс нэр дэвшинэ.

Омог, ураг садны хэлхээгээр сонголтоо хийдэг учраас гуравдагч хүчний нөлөө илүү бага тойрог бол Баян-Өлгий юм.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж