Д.Ангар: Үхрийн нэг килограмм мах 100 мянган төгрөг байх ёстой

Хуучирсан мэдээ: 2020.05.26-нд нийтлэгдсэн

Д.Ангар: Үхрийн нэг килограмм мах 100 мянган төгрөг байх ёстой

Д.Ангар: Үхрийн нэг килограмм мах 100 мянган төгрөг байх ёстой

Эдийн засагч Д.Ангартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


КОРОНА ХҮМҮҮСИЙГ АЛАХААСАА ИЛҮҮ ОЛОН ХҮНИЙГ ДАМПУУРУУЛНА

-Монгол Улсын эдийн засаг I улиралд -10.7 хувиар агшсан нь шинжээчдийн таамгаас өндөр байлаа. Энэ нь гүнзгий хямралын дохио гэж зарим эдийн засагч онцолж байна. Та үүнтэй санал нийлж байна уу. Энэ асуултаар энэ удаагийн ярилцлагаа эхлүүлье?

-Мэдээж санал нийлэлгүй яах вэ. Коронагийн хоёр, гуравдугаар дэгдэлт цааш хэрхэн үргэлжлэхийг хэлж мэдэхгүй байна. Корона маш их хорлонтой вирус байна л даа. Америкт үг хүртэл гарсан байна лээ. Корона хүмүүсийг алахаасаа илүү олон хүнийг дампууруулна гэж. Мянган хүнийг аллаа гэхэд нөгөө талд нь сая хүнийг дампууруулах ийм вирус. Тэгэхээр энийг уушгины вирус гэхээсээ илүү эдийн засгийн вирус гэж дүгнэж болж байгаа юм. Яагаад гэхээр хүнийг өвчлүүлэхээсээ илүү карма руу нь, бизнес рүү нь дайрч байна. Маш онцлогтой, дэлхийн эдийн засгийг түйвээж мэдэх вирус.

Монгол Улс 2007, 2008 оны эдийн засгийн хямралд нэрвэгдэж байлаа. Гэхдээ хасах хувь руу орж үзээгүй юм билээ. Анх удаа хасах 10 руу орлоо. Миний бодлоор хасах арвыг дөнгөж эхлэл нь гэж харж байна.

Магадгүй 20, 25, жилийн эцэст 30 руу ч дөхөж магадгүй. Яагаад гэвэл нүүрсний экспорт, эцсийн худалдаа буучихлаа. Ноолуурын худалдаа байхгүй боллоо. Хамгийн их санаа зовоож буй асуудал нь эдийн засагт дотоод эргэлт байхгүй болчихлоо. Бизнесүүд таг зогсчихлоо. Хуучин нэг нь нөгөөгөөсөө худалдан авалт хийж, хоорондоо эргэлдсэн цикл байдаг байсан бол нэг циклийн эхнийх нь байхгүй болохоор цааш эргэлдэх юм байхгүй. Жишээлбэл, ноолуурын үнийг зөвхөн малчдын асуудал гэж хардаг. Гэвч их, дээд сургуулиудад шууд нөлөөлнө. Ноолуурын мөнгөөр их, дээд сургуулиудын төлбөр явдаг байсан. Ирэх найм, есдүгээр сард ялангуяа төрийн их, дээд сургуулийн сургалтын төлбөрийн асуудал шууд хүндэрнэ. Хөдөөний хүүхдүүд хотод орж ирэхээрээ Нарантуул, 3, 4-р хорооллын дэлгүүрүүдээс худалдан авалт хийдэг. Ноолуурын мөнгө байхгүй болчихоор дэлгүүрүүд байхгүй болно. Малчдын хүүхдүүд хот орж ирээд, хагас бүтэн сайнд караоке, диско, үйлчилгээний газар ордог, тэр нь байхгүй болчихно. Ингээд ноолуурын цикл тасрахаар зөвхөн малчид хүндрэхгүй, бүтэл бүтэн эдийн засаг хүндэрч байна. Коронагийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ингэж л харах ёстой.

-Арван хувийн агшилтын 7 нэгж нь дангаараа уул уурхайгаас хамааралтай байна. Цаашид ямар бодлого баримталбал зохих вэ?

-Уул уурхайн гол худалдан авагч нь Хятад байна. Энийг эдийн засаг талаасаа харвал зөвхөн эдийн засгийн асуудал биш болчихоод байна. Цаана нь улс төрийн асуудал, найрсаг хөршийн асуудал үргэлж яригдаж байдаг. Өнгөрсөн долоо хоногт мэдээ гарлаа, Хятад Австрали хоёр улс төрөөсөө болж муудалцав.

Улс төр нь буцаагаад Хятад, Австралийн нүүрсний худалдааг болиулж эхэлж байна. Монгол Улс Хятадад хэр их хэмжээний нүүрс зарах вэ, хэдэн машин нүүрс гаргах вэ гэдэг зөвхөн нүүрсний асуудал биш. Зөвхөн Хятадын нүүрсний үйлдвэрүүдийн хэрэгцээний асуудал биш болчихоод байгаа.

Энэ нь Хятад, Монгол гэдэг хоёр улсын харилцааны асуудал болчихоод байгаа юм. Тэгэхээр энэ өөрөө маш түвэгтэй асуудал. Улс төртэйгөө байнга холбогддог. Манайд магадгүй хөршдөө хүндэтгэлтэй хандах зэрэг маш түвэгтэй асуудлууд гарч ирнэ. Жишээлбэл, одоо Төвөдийн асуудал байна. Монголчууд дийлэнх нь буддын шашинтай, Далай ламыг шүтдэг. Тэгэхээр Далай лам, нүүрс зарах гэдэг хоёр асуудал өөрөө эсрэг тэсрэг асуудал болчихож байгаа юм. Хятадад их хэмжээний нүүрс зарна гэвэл магадгүй Далай ламыг хүлээж авахгүй, Монголд оруулахгүй гэх үүрэг амлалт авах хэмжээний асуудал үүсэх гээд байна. Тэгэхээр үүнд шууд хариулахад маш хэцүү.

АВСТРАЛИ ХЯТАДАД НҮҮРС НИЙЛҮҮЛЭХЭЭ БОЛЬСОН, МОНГОЛ ХАНГАНА ГЭЖ БИД МАШ ГЭНЭН БАЙДЛААР ХӨӨРЧ БОЛОХГҮЙ

-Хятадын цахилгаан станцууд Австралиас дулааны нүүрс авахаас татгалзаж эхэлсэн энэ үеийг бид яаж ашиглах вэ. Зарим хүн үүнийг боломж гэж харж байна?

-Шууд ашиглана гэж хэлэхэд хэцүү. Цаана нь дандаа улс төр явдаг болсон сектор болохоор. Австрали зогссон юм чинь монголчууд хангана гэж бид маш гэнэн байдлаар хөөрч болохгүй. Тэгэхээр нөгөө талд нь улс төрийн буулт, улс төрийн тохиролцооны асуудал яригдах байх. Би зах зээлийн шинжээч учраас энийг хэлж мэдэхгүй. Энэ бол УИХ, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгчийн л хийх ажил. Хятадтай ямар харилцаатай байх вэ, ямар хэмжээний буулт хийх вэ гэдгээсээ л шалтгаалах байх. Миний ойлгож буйгаар Хятадад хэр хэмжээний нүүрс зарах вэ, Хятад руу хэр хэмжээгээр экспортлох вэ гэдэг ерөөсөө л улс төрийн асуудал болсон. Батлагдаагүй яриа л даа. Covid 19-ийн хорио гарснаас хойш нүүрс бага гарч байна. Өдөр тутам бага багаар нэмэгдэж байгаа ч хятад эздийн л гаргах машины хязгаар гэдэг юм уу. Энэ бол батлагдаагүй яриа. Юу сонссон бэ гэхээр, манайх Covid 19 гарлаа гээд хилээ хаасан. Ингэхдээ Хятадын талтай ярилцаагүй гэдэг ч юм уу зөвхөн өөрийгөө бодоод, нөгөө талдаа хүндэтгэлгүй хандаж байна. Нөгөө улс зөвхөн өөрийгөө бодвол яах вэ. Тэгэхээр маш түвэгтэй, геополитикийн, бараг л улс төрийн асуудал болчихоод байна. Сүүлийн үед дэлхийн эдийн засаг худалдааны бус улс төрийн болсон. Жишээ нь, Хятад Америк хоёр бүр худалдааны дайны хэмжээнд хүртэл асуудал эцэстээ тулж байна. Тэгэхээр бид Хятадад нүүрсээ зараад сайхан амьдарна гэж хүүхэд шиг аашилж болохгүй. Нүүрсээ зарахын тулд ямар хэмжээнд буулт хийж, хөрштэйгээ ойлголцох ёстой вэ гэдэг төр засгийн хийх ёстой ажил байх л даа.

-Энэ оны эхний улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 248.5 мянган төгрөгөөр буюу 19.7 хувиар өссөн гэж ҮСХ мэдээлсэн. Эдийн засаг агшсан үед бодит амьдрал дээр ийм өсөлт байж болох уу?

-Ямар ч боломжгүй. Ажиглаад байна л даа. Ер нь ҮСХ маань улстөржсөн газар болсон байна. Статистик гаргахын тулд цаад хүмүүсээсээ тодорхой хэмжээгээр дата өгөгдөл цуглуулж байгаа байх. Гэхдээ өнөөдөр эдийн засаг ямар хүнд байдалтай байна, аж ахуйн нэгжүүд борлуулалт байхгүй учраас ихэнх ажилчдаа цомхтгож байна. Нэмэгдэл байхгүй. Цалингаа арайхийж л өгч байна. Энэ тохиолдолд өрхийн орлого яаж 50 хувиар өсөх юм бэ. Ойлгомжтой асуудал байхгүй юу. Гэтэл ҮСХ нь ийм мэдэгдэл гаргаад, тэрийгээ олон нийтэд танилцуулж л байдаг. Ядаж эдийн засаг 2 хувиар агшсан гэж мэдэгдсэн бол наанатай цаанатай авч үзэхсэн. 20 хувь гэдэг чинь ямар ч боломжгүй тоо. Юманд чинь бас логик гэж юм бий. 20 хувь дээр статистикийн хорооны яг ямар ямар тоо хаанаас авсныг үзэх ямар ч шаардлага байхгүй.

-Эдийн засагч О.Орхон Засгийн газрын 5-6 хувийн хүүтэй гаргаж байсан бондууд өнөөдөр 9-10 хувь хүүтэй хоёрдогч захад арилжаалагдаж байна. Энэ нь зах зээл яаж хямарсныг харуулж байна гэсэн. Та юу гэж бодож байна?

-Санал нийлэх асуудал. Тухайн үед Монгол Улсын Засгийн газрын бонд Итали, Испаниас бага хүүтэй, бараг 4.75-аар гарч байсан байх. Өнөөдөр 9, 10 ч биш Засгийн газрын бонд 10-12 хувь хүрсэн. Энэ нь Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан, гадаадын хөрөнгө оруулагч нар Монголд итгэхээ больсны дохио. Энэ бол Монгол Улсад тавьж байгаа хөрөнгө оруулагч нарын хамгийн шударга, хөндлөнгийн дүгнэлт. Хөрөнгө оруулагч нар хэзээ ч улс төрийн шийдвэр гаргадаггүй. Өөртөө л ашигтай шийдвэр гаргана. Ардчилсан нам, Ардын нам, МАХН гэж мэдэх ч үгүй. Гадаадын хөрөнгө оруулагч нар У.Хүрэлсүхийг ч танихгүй шүү дээ, ер нь. С.Эрдэнийг ч бүр мэдэхгүй. Тэр хүмүүс Монгол Улс өрөө төлж чадах уу, үгүй юү гэдэг эдийн засгийн макро асуудал ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр өмнө нь дөрөв байсан хүү өнөөдөр 12 болсон гэдэг гадаадын хөрөнгө оруулагч нар Монгол Улсыг эрсдэлгүй байж байгаад маш өндөр хэмжээний эрсдэлтэй болсон л гэж үзсэний дохио.

ЕВРОПЫН ХОЛБООНЫ СААРАЛ, ХАР ЖАГСААЛТ ИЛҮҮ ИХ БОДИТ ХОР УРШИГТАЙ

-Монгол Улсыг Европын комисс хар жагсаалтад оруулсан мэдээлэл гарсан. Энэ хар жагсаалт FATF-ийн саарал жагсаалтаас илүү ноцтой гэж сонссон. Хэдийгээр ийм албан ёсны нэршил байхгүй ч энэ хоёрын ялгаа юунд байгааг тайлбарлаж өгөхгүй юү? Эдгээр жагсаалтад орсноор бидэд хэр хохиролтой вэ?

-ФАТФ ерөнхийдөө олон улсын бодлогын, мэргэжлийн байгууллага. Мөнгө угаах, терроризм санхүүжүүлэхийн эсрэг стандартуудаа гаргаад, улс орнуудыг дүгнээд оноо өгч байдаг. Хар жагсаалтад нь Иран, Хойд Солонгос байна, саарал жагсаалтад нь Монгол Улс байна. ФАТФ зөвхөн өөрийнхөө л дүгнэлтийг гаргана. Харин Европын холбооны саарал, хар жагсаалт бүр илүү бодит их хор уршигтай. Яагаад гэхээр яг тухайн улсад бодитойр арга хэмжээ авчихсан гэсэн үг.

Монгол Улсын эсрэг, Монгол Улстай бид наймаа хийхгүй ээ, санхүүгийн харилцаанд орохгүй ээ. Яагаад гэхээр энэ улс мөнгө угаадаг, авлига хээл хахууль нь эдийн засагтаа эргэлддэг.

Тийм учраас бид Европын иргэд, аж ахуйн нэгжээ хамгаалах зорилгоор Монгол Улсаас өөрийгөө тусгаарлалаа гэсэн. Хэвлэлийн мэдээн дээр нь хаалгаа хаах гэсэн үг байгаа. ФАТФ стандартаа гаргалаа, Монгол Улс мөнгө угаадаг юм байна гэдэг ерөнхий ойлголт өгсөн, Европын холбоо яг бодитоор бид Монгол Улсын өмнө хаалгаа хаалаа гэж байна. Ялгаа нь ерөөсөө энэ. Аль аль нь мэдээж хор уршигтай.

Covid-19-ийн улмаас ядуурал орон нутагт биш, Улаанбаатарт их өснө гэж зарим эдийн засагч таамаглаж байна. Бодит нөхцөл байдал дээр Улаанбаатар үнэхээр эрсдэлтэй байна уу?

-Би ч бас өмнө нь тэгж тооцоолж байсан. Эдийн засаг маань маш буруу тооцоололтой явчихсан, үйлдвэрлэл гэдэг юм байхгүй болсон. Улаанбаатарт байгаа хүмүүс ажилтай гэж байгаа боловч ихэвчлэн үйлчилгээний салбарт. Үйлчилгээний салбар гэдэг өөрөө маш хэврэг байдаг. Караоке гэхэд ганц Сovid 19-өөр хаагдаад, тэнд ажиллаж байсан бүх ажилчин ажилгүй болж байна. Үйлдвэрлэл байхгүй. Харин орон нутагт, мал аж ахуй гэдэг өөрөө үйлдвэрлэл байхгүй юу. Эдийн засгийн хямралаас аль нь илүү авч гарах вэ гэхээр хөдөө илүү боломжтой. Хүн эдийн засгийн хямралын үед хүн ихэнх хэрэгцээнээсээ татгалзаж чадна. Louis Vuitton цүнх барихаасаа татгалзаж болно. Үнэтэй хувцас авахаа шууд зогсоож чадна. Виски, коньяк уухаа зогсоож чадна. Хэзээ ч мах идэхээ зогсоож чадахгүй. Тэгэхээр эдийн засгийн гол давуу байдал хөдөө байна. Хотод маш хэцүү шүү. Covid 19-өөс болоод эдийн засгийн сөрөг үр дагавар хотод хөдөөнөөс бараг гурав, дөрөв дахин их байх боломжтой.

-Яагаад?

-Хотын эдийн засаг өөрөө маш хэврэг, сул. Үйлдвэрлэл байхгүй. Хэдэн ломбард, хэдэн баар, караоке, хэдэн гуанз л байна. У.Хүрэлсүхийн Засгийн газрын гаргасан нэг буруу бодлого нь махны үнэ өслөө гээд махны экспортыг хаагаад, махны үнийг унагачихсан. Уг нь тэр хөдөө дэлхийн хэмжээний үйлдвэрлэл явж байгаа байхгүй юу. Үхрийн мах, хонины махыг бүх улс үйлдвэрлэж чаддаггүй. Яагаад гэхээр газар нутгийн хэмжээ, бэлчээрээсээ авахуулаад. Жишээлбэл, Хятадад хонь, үхрийн аж ахуй гэж байхгүй. Өвөрмонголд жаахан байна. Ихэнх улсад үхэр, хонины аж ахуй байдаггүй. Монголд бурхнаас заяасан гэдэг юм уу, үхэр, хонины аж ахуй байгуулах бүх боломж нь байна. Өргөн уудам тал нутаг нь байна. Бэлчээр нь байна. Гол нь бодлого байхгүй. Түрүүн хэлсэн, хотын хэдэн хүмүүсээ хямд махаар хангах ёстой гэсэн төрийн бодлого явчихсан. Хотод байгаа иргэн Дулмаагийн авах үхрийн мах 6000-гаас давж болохгүй шүү гэсэн Засгийн газрын бодлого явчихаар нийт улсаараа буруу болчихож байгаа юм.

Манай үхэр, хонины мах органик мах. Бэлчээрийн гэдэг утгаар килограмм нь 40, 50 доллар, 100 мянган төгрөг байх ёстой. Ингэж байж бид 100 мянгынхаа махыг Хятад, Орос, Европын баячуудад зарна. Зарж олсон мөнгөө эдийн засагтаа эргэлдүүлэх ёстой байтал заавал хотын нэг ажилгүй хүнд махаа чи 4000-гаар зарах ёстой шүү гээд У.Хүрэлсүх сайд нь лүндэн буулгачихаад, махны үнэ өсвөл Улаан чиний толгойг авна шүү гээд бүр олон нийтийн телевизээр хэлээ биз дээ. Энэ чинь хөдөө аж ахуйн буруу бодлого байхгүй юу.

Хотод, хотын иргэдэд дунд болон урт хугацаандаа ямар ч шаанс байхгүй. Хөдөө бол олон боломж байна. Ялангуяа мал аж ахуй гэдэг бидэнд заяагдсан, давтагдашгүй, бүр өөр улс өрсөлдөх боломжгүй тийм том боломж. Тэгэхээр энийгээ л бид зөв ашиглах ёстой. Монголын хөдөө аж ахуйн зах зээлийн ирээдүй бол 3 сая монголчуудаа хямд махаар тэжээх биш, дэлхийн хэдэн тэрбум хүн байдаг юм бэ, тэднийг үнэтэй махаар тэжээх ёстой байхгүй юу. Килограмм нь 100, 150 долларын органик мах нийлүүлж байж улсаараа баян байна. Хотынхон ч, малчид нь ч бөөн ядуурал, ингээд хөгжихгүй байгаад байна. Энэ нь манай төр засгийн хөдөө аж ахуй дахь бодлого сүүлийн 30 жилд маш буруу явсны үр дүн. Үүнийг засах ёстой.

-ОУВС-гийн $5.6 тэрбумын хөтөлбөр тавдугаар сарын 23-нд дууссан. Хөтөлбөр эхэлсэн 2016 онд Монголын ДНБ өсөлт 1.2 хувь байсан бол 2019 онд 5.1 хувь болсон. Валютын нөөц гурав дахин өссөн. Одоо ОУВС-д Монголыг үргэлжлүүлээд түргэвчилсэн санхүүжилтийн хөтөлбөрт хамруулах эсэх тухай яриа өрнөж байна. Танд энэ талаар ямар нэгэн шинэ мэдээлэл байна уу?

-Монгол Улс ОУВС-гүйгээр цаашаа нэг ч өдөр явж чадахгүй. Бүр дампуурлынхаа доод шатанд тулна. Сая асуудлуудын ард яагаад гарч чадсан бэ гэхээр ОУВС-гийн хөтөлбөртэй байсан тулдаа л гадаадын хөрөнгө оруулагч нар 10 хувиар ч хамаагүй бонд авсан байхгүй юу. Одоо ОУВС Монголоос бүр гараад явчихвал 30, 40 хувиар ч Монголын бондыг худалдаж авахгүй. Ингээд хар жагсаалттай, дээр нь дефолттой. ОУВС-тай хамт байх ёстой. Энэ бол хүн цэрвээд, улсыг буруу зөрүү зүйл рүү хөтөлдөг байгууллага биш. Манайд төсөв, мөнгөний бодлогоо эрүүлжүүлэх бодлогын асуудал байгаа. Харамсалтай нь, миний сонссоноор өнгөрсөн хөтөлбөр маань амжилтгүй хэрэгжсэн байна лээ. Үр дүндээ хүрч чадаагүй зогсчихсон юм билээ. Тэглээ гээд Монгол Улс ОУВС-гаас зугтвал "хар ангал" руу унана. Одоо ОУВС-тай шинэ хөтөлбөрөө яаралтай тохирох ёстой. Ингэж байж олон улсын хөрөнгө оруулагч нарт итгэл төрнө. Манай улс аравхан сарын дараа 500 саяын бондын өр төлнө. Дараа нь тэрбум доллар гээд дараа дараагийн бондуудын төлбөр гараад ирнэ. Монголыг авлигатай гэдгийг бүх улс мэдлээ. Хар жагсаалт гэдэг чинь авлигатай л гэсэн үг. Дээр нь төсөв нь сахилга батгүй, алдагдалтай, зээлжих зэрэглэл байхгүй, бондоо төлж чадахгүй л гэдэг мессэж явчихвал 2021, 2022 оны шинэ бондуудын хөрөнгө оруулагчид нь байхгүй болоод, дефолт зарлахаас өөр аргагүй болно. Ингэвэл Монгол Улс бараг дараагийн 10 жил босохгүй. ОУВС-тай л хамтрахгүй бол дефолт маш ойрхон байна. Гэхдээ хамтрах байх аа. Нохой хамартаа хүрэхээр усч гэгчээр. Улстөрчид ОУВС-гүйгээр явна гэж ярьдаг. Засгийн эрх авсан ямар ч нам, ямар ч улс төрч ОУВС-г л сонгоно. Өөр гарц байхгүй. Өмнө нь ОУВС-г эсэргүүцсэн байр суурь илэрхийлсэн байж болно. Ардчилсан намын дарга байсан З.Энхболдоос тийм байдал ажиглагддаг. ОУВС-тай л байж байж энэ улс орон цаашаа явна.

-Эдийн засаг хүндэрсэн үед манайд сайнаар нөлөөлөх цор ганц зүйл нь газрын тосны үнийн уналт гэж үзэх хүн байна?

-Яах вэ, тодорхой хэмжээгээр ашигтай нь мэдээж. Үйлдвэрлэхгүй, дандаа гаднаас авч байгаа учраас. Гэхдээ энэ бол цорын ганц шийдэл нь биш. Цорын ганц шийдэл нь бид экспортоо нэмэгдүүлэх ёстой. Уул уурхайн салбарын үнэ нэгд маш хэлбэлзэлтэй. Худалдан авагч нь цорын ганц Хятад. Тэгэхээр энэ нь бидэнд маш хүнд сонголтууд авчирч байгаа. Нүүрсээ зарахын тулд монголчууд магадгүй буддын шашнаасаа татгалзах юм уу, Далай ламыг хүлээж авахгүй байх ёстой юм уу гэдэг өөрөө хүнд асуудал. Энэний оронд махаа зарах ёстой байхгүй юу. Мах гэдэг улстөрждөггүй салбар. Худалдан авагч нь зөвхөн Хятадаар хязгаарлагдахгүй. Англичууд өөрсдөө нисч ирээд авчихна. Германчууд өөрсдийнхөө онгоцоор Монголд ирээд, Монголын махыг ачаад явчихна. Мөнгөө төлнө. Дэлхий дээр буудаггүй ганц юм чинь махны үнэ юм шүү дээ. Бид их тансаг хүмүүс юм, өдөр бүр үхэр, хонь идээд. Ийм тансаг хүмүүс дэлхий дээр байхгүй. Америкууд хүртэл өдөр болгон үхэр, хонь иддэггүй. Ихэнх улсын махны дундаж хэрэглээг аваад үзэхээр жирийн иргэд гахай, тахианы мах иддэг, үнэ хямд байдаг. Үхрийн мах гэдэг чинь өөрөө жинхэнэ тансаг хэрэглээ байхгүй юу. Үнэтэй. Солонгосууд сардаа бараг нэг удаа л үхрийн мах идэж байна. Яагаад гэвэл үнэтэй учраас. Бусад үед нь сангипсаль, жеюүг гээд гахайн мах л иддэг биз дээ. Монголчууд сонирхоод солонгос хоол идсэнээс биш, Солонгостоо хамгийн ядуу хүмүүсийн хоол. Бид тэгэхээр энийгээ дэлхийн бизнес болгох ёстой. Монголын үхэр, хонь, ямааны мах Монголын эдийн засгийн суурь болох ёстой. Ингэж байж Монгол Улс нэг улсаас, нэг улсын улс төрийн шаардлагаас хараат бус болно. Олон зах зээлтэй болно.

-Та монгол махны үнэ цэнийг яаж мэдрэв?

-Өнгөрсөн онд “Ануга” гээд дэлхийн хүнсний экспод явж үзсэн. Дэлхийн бүх л хүнсний компани Германд очиж бараагаа сурталчилсан. Тэндээс ойлгосон зүйл гэвэл хүнснийг ерөөсөө хоёр л хуваах юм билээ. Мах болон мах биш гэж. Мах биш хүнсний бүтээгдэхүүнийг хүн зарах гэж хичээдэг. Та печень, чихэр, тос, ундаа үйлдвэрлэдэг бол тэрийгээ зарах гэж хичээдэг. Харин мах үйлдвэрлэдэг бол хүн танаас авах гэж хичээдэг. Ерөөсөө ялгаа нь тэр. Тэгэхээр бид тэр маш том боломжоо өнөөдрийг хүртэл ашиглаж чадахгүй байгаад байна. Монголын эдийн засгийн ирээдүй уул уурхай биш ээ, ерөөсөө л мал аж ахуй. Уул уурхай гэж үзвэл бид нэг улсын л хараат болно. Өөр ямар ч арга байхгүй. Мал аж ахуйн хувьд бид зөвхөн нэг улсаас хараат байх шаардлагагүй. Америкууд онгоцоор нисэж ирээд манай малын махыг аваад явчихна. Англичууд ирээд аваад явчихна. Төмөр зам шаардлагагүй. Одоо австраличууд онгоцоор махаа зардаг шүү дээ. Бид өөрсдөө боломжоо зөв ашиглаж чаддаггүй. Хайрцагнаасаа гарч сэтгэж чаддаггүй. Хотын иргэдийг 4, 5 мянгын үнэтэй махаар хангах ёстой гэсэн төрийн бодлого явчихвал Монгол Улс ядуурлаасаа хэзээ ч гарахгүй. Харин бид Араб, Европ, Америкийн баячуудад монгол органик үхэр, хонины махаа зарвал баяжихад маш ойрхон байна. Монгол жижигхэн улс байхгүй юу. Би зарим зүйл дээр ичдэг.

-Яагаад, юун дээр?

-Бид Хятадаар бол нэг тосгон нь шүү дээ, хот ч биш. Ухань хот гэхэд 10 сая хүнтэй. Оросын нэг жижиг хот байхгүй юу даа. Бид гуравхан сая. Хар жагсаалт, дефолт гээд урагшгүй юм яриад байж болохгүй. Ийм өргөн уудам нутагтай, мал аж ахуй үржүүлэх өргөн боломжтой, газар тариалан, уул уурхай бүх л юм нь байна. Гэтэл ингээд ядуугийн туйл байгаад байдаг. Одоо албан ёсоор монголчуудын гуравны нэг нь ядуу болчихлоо. Ядууралд нэрвэгдчихлээ шүү дээ. Статистикаар л гуравны нэг гэж гаргаад байгаа, магадгүй хоёрны нэг ч юм уу, магадгүй 60 хувь нь ч юм уу мэдэхгүй. Төр засгийн бодлого нь буруу явчихсан. Улсаараа “чөтгөрийн тойрог”-т орчихсон. Тэрнээсээ гарч чаддаггүй. Ард түмэн ч буруу зүйл улс төрөөсөө нэхээд байдаг. Улстөрчид нь буруу бодлого явуулж байж ард түмэндээ таалагддаг. Тэр нь аль алинд нь ашиггүй. Одоо жишээлбэл махны үнэ дээр л харагдаж байгаа. Махны үнэ Монголд өсөх ёстой байхгүй юу. Хонь, үхрийн мах килограмм нь 100 мянга хүрэх ёстой.

-Махны үнэ тэгээд өсчихөөр ард иргэд худалдан авах чадваргүй яах билээ?

-Мал аж ахуйд ажиллахгүй юу. Тэндээсээ тав, зургаа, арван саяын цалингаа авах ёстой.

-Сонгуулийн дараа ам.долларын эсрэг төгрөгийн ханш унана гэсэн мэдээлэл бий. Таны бодлоор?

-Сая Худалдаа хөгжлийн банкны 500 сая долларын төлбөр хийгдчихлээ. Дараагийн төлбөр он гараад хийгдэнэ. Өнөөдөр төгрөгийн ханш унана гэж хэлэхэд хэцүү. Ямар нам засаг, ямар Ерөнхий сайд гарах нь вэ. Тэр Ерөнхий сайд эдийн засгийн талаар ямар бодлого хэрэгжүүлэх нь вэ, ямар УИХ гарах нь вэ гэдгээс бүгд шалтгаална. Дээр нь ОУВС-тай ямар хөтөлбөр тохирч чадах вэ. Энэ бүгдээс л хамаарна. Яг өнөөдөр өснө, буурна гэж хэлэхэд маш хэцүү. Яагаад гэхээр Монгол өөрөө маш жижигхэн зах зээл. Нэмэх 30 ч болж магадгүй, хасах 30 ч болж магадгүй. Аль нь ч боломжтой. Аравхан тэрбум долларын зах зээл шүү дээ. Гурван тэрбум доллар шидэхэд л 30 хувь үүснэ, гурван тэрбум доллар байхгүй болоход 30 хувь хямарна. Тэгэхээр одоо шууд хэлэхэд эрт байна.

-Та сонгуульд нэр дэвшихгүй?

-Хүмүүс харин тэгж асуугаад байгаа юм. Би улстөрч биш шүү дээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
98
ТэнэглэлТэнэглэл
25
ЗөвЗөв
17
БурууБуруу
14
ХөөрхөнХөөрхөн
11
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж