"Нэр дэвшигчид баримт бичгийн зөрчил гаргах нь нийтлэг байна"

Хуучирсан мэдээ: 2020.05.26-нд нийтлэгдсэн

"Нэр дэвшигчид баримт бичгийн зөрчил гаргах нь нийтлэг байна"

"Нэр дэвшигчид баримт бичгийн зөрчил гаргах нь нийтлэг байна"

Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийн бичиг, баримтыг хүлээж авснаас хойш тав хоногийн дотор шалгаж, хариу мэдэгдэх хуулийн зохицуулалттай. Энэ нь өнөөдрөөр дуусгавар болж буй. Энэ талаар СЕХ-ны  Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаагаас цаг үеийн асуудлааг дараах зүйлийг тодрууллаа.


Нэр дэвшигчдийн бичиг баримтыг хүлээж авах хугацаа дууссан. Сонгуулын ерөнхий хороо  бичиг баримтыг нь нягтлаад  нэр дэвшигчдэд эхнээс нь хариу өгч эхэлсэн шүү дээ. Хэр олон хүний бичиг баримтыг нягталж байна вэ?

-Сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг тавдугаар сарын 21-н хүртэл хүлээн авсан. Баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх тухай шийдвэрийг гаргана. Өөрөөр хэлбэл, хамгийн эхэнд буюу тавдугаар сарын 17-нд материалаа өгсөн хүмүүсийн шийдвэр нь гарсан. Харин нэр дэвшигчдийн материалыг хүлээн авах сүүлийн өдрүүдэд баримт бичгээ өгсөн хүмүүсийн шийдвэр гараагүй байна. Нэр дэвшигчийг бүртгэх эсэх тухай шийдвэр гарсны дараа бүртгэхээс татгалзсан үндэслэл тогтоогдсон буюу тухайн баримт бичиг нь шаардлага хангаагүй тохиолдолд тухайн нэр дэвшигч нь зөрчлөө арилгасны үндсэн дээр дахин хүсэлтээ гаргаж болно. Эсвэл нам эвслээс нэр дэвшигчдийг нөхөж нэр дэвшүүлэх боломжтой гэж хуульд заасан байгаа.

-Энэ жил хамгийн олон бие даагч буюу 208 хүн сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн. Бие даагчдаас хэдэн хүн нэр дэвших эрхээ авав?

Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хугацааг дуусгавар болгоход манай хороонд 137 бие даан нэр дэвшигч баримт бичгээ ирүүлсэн байна. Эдгээр бие даагчийн материалыг хянаад шаардлага хангасан нэр дэвшигчдийг бүртгэж шийдвэр гаргаж байна. Хэдийгээр 208 нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө өгсөн боловч зарим нь намаас нэр дэвшсэн, сонголтоо өөрчлөх зэрэг асуудал бий. Тиймээс Сонгуулийн ерөнхий хороонд баримт бичгээ ирүүлсэн бие даан нэр дэвшигч 137 хүнийг бүртгэх эсэх тухай шийдвэрийг эцэслэн гаргах хуулийн хугацаа болоогүй. Эцсийн байдлаар зургадугаар сарын 2-н гэхэд сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг олон нийтэд зарлана.

-Нэр дэвшигчдийн баримт бичгийн хувьд нийтлэг ямар алдаа гаргаж байна вэ. Жишээлбэл, бие даагчид гарын үсгээ дутуу цуглуулах, мөрийн хөтөлбөр, АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаагүй гэх мэт зөрчил хэр байна?

Нэр дэвшигчид баримт бичгээ дутуу ирүүлдэг тохиолдол нийтлэг байна. Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тухай хуулийн 32.2, 32.3-т зааснаар  нэр дэвшигчид дутуу бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд бүртгэхээс татгалзах үндэслэл болно гэж заасан байгаа. Мөн хуурамч баримт бичиг ирүүлбэл хуульд зааснаар нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана. Түүнээс биш баримт бичгээ дутуу ирүүлсэн хүмүүс байгаа. Тухайлбал, Улсын дээд шүүхийн лавлагаа дутуу, Татварын ерөнхий газрын тодорхойлолт, цагдаагийн лавлагаа зэрэг дутуу ирүүлсэн тохиолдол байна. Түүнчлэн нэр дэвшиж буй тойрогт 801-ээс доошгүй сонгогч дэмжлэг өгөх буюу гарын үсэг цуглуулсан байх ёстой.

Хамгийн түгээмэл нь бусдаар төлөөлүүлсэн байдал ажиглагдаж байна. Жишээ нь, гэр бүлийнх нь гишүүн эхнэр, нөхрийнхөө өмнөөс дэмжиж байна гэж гарын үсэг зурсан байна.

Тухайн нэр дэвшигч хэчнээн бие хүн ч сонгогч өөрийн гэсэн үзэл бодол, сонгох эрхтэй тул өөрөө сонголтоо хийх, дэмжиж гарын үсгээ зурсан байх ёстой. Бусдаар төлөөлүүлж болохгүй. Зарим тохиолдолд 801-д хүрэхгүй тооны дэмжигчийн гарын үсэг цуглуулсан нэр дэвшигч нь хуулийн шаардлага хангахгүй байна гэсэн үг. Ийм тохиолдолд бүртгэхээс татгалзах үндэслэл болно. Тухайн нэр дэвшигч санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлөө арилгаж баримт бичгээ өгсөн тохиолдолд Сонгуулийн ерөнхий хорооноос бүртгэх тухай  шийдвэр нь гарна.

-Нэр дэвшигчдийн материалыг хүлээн авснаас хойш ажлын тав хоногийн дотор хариу мэдэгдэх ёстой. Бичиг баримтын дутуугаа гүйцээх хугацаа бий. Зарим нэр дэвшигчдийн хувьд бичиг баримтын зөрчлөө арилгуулах боломжтойг мэдэхгүй байх шиг?

Бид нэр дэвшигчдийн баримт бичгийг анх хүлээн авахдаа материал бүрэн эсэхийг нэг бүрчлэн нягталж авсан. Баримт бичиг хүлээлгэж өгсөн хүмүүстээ дутуу материалынх нь жагсаалтыг гаргаж, нэр дэвшигчийн баримт бичгийг эх хувиар нь хүлээлгэн өгсөн гэх гарын үсэг зуруулсан. Баримт бичиг хүлээлцсэн тохиолдолд дутуу материалыг нь нэр дэвшигчдэд хэлж өгсөн. Мөн тухайн нэр дэвшигчийн баримт бичгийн нэг хувь Сонгуулийн ерөнхий хороонд хадгалагдаж үлддэг. Нэр дэвшигчдийг баримт бичгийн зөрчлөө арилгаад дахин бүртгүүл гэсэн хуулийн шаардлага тавьж байна. Одоогоор зөрчлөө арилгасан нэр дэвшигчдийн талаар тодорхой мэдээлэл алга. Сонгуулийн ерөнхий хорооноос баримт бичгээ ирүүлсэн нэр дэвшигчдийг бүртгэх эсэх шийдвэрийг гаргаж хариуг нь эхнээс нь нэр дэвшигчдэд хэлж байна. Учир нь зөрчлөө арилгах хугацааг цагийг нь тулгахгүйгээр аль болох урт хугацаанд байлгахаар зорьж байгаа юм.

Цар тахлын үед бид анх удаа УИХ-ын ээлжит  сонгууль  зохион байгуулах гэж байна. Сонгуулийн бэлтгэл ажилд хэр зэрэг өөрчлөлт, зохицуулалт орж байна вэ?

Сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сургалтаас эхлээд цаг хугацаа, зохион байгуулалтын хувьд тодорхой хэмжээнд хүндрэлүүд үүсч байна. Жишээ нь, сонгуулийн хороонд ажиллах төрийн алба хаагчдын сургалтыг танхимаар зохион байгуулдаг байсан бол энэ жилийн хувьд олон хүний бөөгнөрөл нэг дор үүсгэж болохгүй тул цахимаар сургалтыг зохион байгуулсан. Ийм тохиолдолд баримт бичгийг бүрдүүлэх, нягталж шалгахад илүү урт хугацаа зарцуулахыг биднээс шаардаж байна. Энэ бүх тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийн асуудал яригдаж байна. Улсын онцгой комиссоос сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой үе шат бүрт тодорхой зөвлөмжүүдийг гарган өгсөн. Ойрын хугацаанд сонгуулийн сурталчилгааны талаарх зөвлөмжүүд ирэх байх. Өөрөөр хэлбэл, Улсын онцгой комиссын зөвлөмжийн дагуу сонгуулийн сурталчилгааг зохион байгуулна.

Ерөнхийдөө сонгуулийг зохион байгуулах ажил Өмнөд Солонгосын сонгуулийн туршлага бидэнд том жишээ болж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-нд Өмнөд Солонгос сонгуулиа маш амжилттай зохион байгуулсныг та бүхэн мэднэ. Монгол Улс дотооддоо халдвар тархаагүй тул Өмнөд Солонгос улсын туршлагад үндэслэн Улсын онцгой комиссоос ирүүлсэн зөвлөмжийг баримталж сонгуулиа зохион байгуулахад бидэнд хүндрэл бэрхшээл гарахгүй болов уу. Мэдээж сонгогчийн санал авах байруудад хүн хоорондын зайг 1.5 метр байх дүрмийг баримтлахаар том байр сонгох, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг баримтлах, сонгогчийг нэг дор бөөгнөрүүлэхгүй байх тал дээр анхаарна. Тийм учраас иргэд өглөө, оройд нэг дор бөөгнөрөхгүйгээр өөрийн боломжтой цагаар аль болох эртхэн саналаа өгөх хэрэгтэй. Иргэд сонгуульдаа идэвхтэй оролцох байх гэж найдаж байгаа.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж