“Covid-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолын дагуу Монголбанк “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд”-д өөрчлөлт оруулж Ипотекийн найман хувийн зээлийн хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхээр болжээ. Ипотекийн найман хувийн зээлийн хөтөлбөрийг дахин хэрэгжүүлэхдээ Монголбанк өөрийн эзэмшил дэх ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор, банкууд Монголбанкнаас олгосон санхүүжилтийн хэмжээнээс багагүй дүнгээр санхүүжүүлэхээр болсон байна.
Ингэснээр 2020 оны тавдугаар сараас 2020 оныг дуустлах хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрийг Монголбанк, арилжааны банкнаас тус бүр 120 тэрбум, нийт 240 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх аж.
Монголбанкнаас тавдугаар сараас эхлэн
- ХААН
- Худалдаа хөгжлийн
- Голомт
- Төрийн
- Хас
- Улаанбаатар хотын
- Богд
- Тээвэр хөгжлийн
- Кредит
- Ариг
- Капитрон банкуудад эх үүсвэр хуваарилсан бөгөөд эдгээр банкууд иргэдэд ипотекийн найман хувийн зээлийг олгож эхэлжээ.
Улмаар ипотекийн зээлийн шалгуурт зарим өөрчлөлтүүд орсон байна. Үүнд:
- Монголбанкны эх үүсвэрээр нэг зээлдэгчид олгох зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс дээшгүй байх;
- Монголбанкны эх үүсвэрээр олгох нийт санхүүжилтийн 25 хувиас доошгүй хувийг орон нутагт орон сууц худалдан авч байгаа иргэдэд олгох;
- Монголбанкны эх үүсвэрээр зөвхөн шинээр олгогдох зээлийг санхүүжүүлэх;
- Монголбанкны эх үүсвэрийн 15 хувийг төрийн үйлчилгээний болон төрийн тусгай албан хаагчдад олгох;
- Үндсэн эсвэл хамтран зээлдэгчийн өмчлөл дэх үл хөдлөх хөрөнгийг урьдчилгаа төлбөрт барьцаалах боломж зэргийг тусгажээ.
Цар тахлын үед иргэдийн орлого буурч байгаа тул эдийн засгийн дарамтад орохоос сэргийлэх үүднээс ипотекийн зээлийн төлбөрийг 6 сараар хойшлуулах шийдвэрийг анх Засгийн газраас гаргасан. Өнгөрсөн хугацаанд орлого нь доголдож, төлбөрийн чадваргүй болсон 52 мянган зээлдэгч зээлийн төлбөр хойшлуулах хүсэлтээ дээрх 11 банкинд гаргасан байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ