Монголын спортод ил тод, зөв менежмент хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2020.05.26-нд нийтлэгдсэн

Монголын спортод ил тод, зөв менежмент хэрэгтэй

Монголын спортод ил тод, зөв менежмент хэрэгтэй

Монголын спортод шинэчлэлийн салхи оруулж, ил тод, зөв менежменттэй болгох цаг иржээ. Хэрвээ дэлхийн спортын үндэс суурийг Монголд нутагшуулах хүсэлтэй байгаа бол дэлхийн жишгийг дагах хэрэгтэй. Гэвч Монголын спортын салбарт хагарал, хямрал, улс төр сүүлийн жилүүдэд хадаастай байна.

Ялангуяа дэлхийн топ спортуудад тооцогддог хөлбөмбөг болон сагсан бөмбөгийн спортууд Монголын хөрсөн дээр мөлхөж байна гэж хэлэхэд буруудахгүй.

Монголын хөлбөмбөгийн спортыг хөгжиж байна гэхэд ч хэцүү, уруудаж байна гэхэд ч хэцүү. Үндэсний шигшээ багийн үзүүлсэн амжилт болон лигүүдийнх нь шагналын сан өсч байгаа нь сайн хэрэг ч цэнгэлдэх дүүрэх нь тун ховор. FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Жианни Инфантино Монголын хөлбөмбөгийн холбоонд жил бүр 500 мянган ам.долларын санхүүжилт хийдэг тухайгаа Монголд ирэх үеэр ярьсан. Мөн Монголд баригдаж буй битүү дээвэртэй талбайн нээлтэнд ч оролцсон.

Хамгийн гол нь үзэгч, хөгжөөн дэмжигчид нь дүүрэхгүй байгаа цэнгэлдэхүүдийг нэмж барих шаардлагатай эсэх нь асуудалтай. Үүнийхээ оронд ганц байгаа Монголын хөлбөмбөгийн холбооныхоо төв цэнгэлдэхийг хэрхэн дүүргэх тал дээрээ анхаарах нь зүйтэй биз. Нийт 10 баг оролцдог “Мазала” хөлбөмбөгийн дээд лигийн тоглолт дүүрэн үзэгчидтэй явагдаж байсан тохиолдол бараг л үгүй.  Ийм л учраас Монголын хөлбөмбөгийн холбоо үзэгч, хөгжөөн дэмжигчдийг татах тал дээрээ илүү анхаарч, зөв менежменттэй ажиллах хэрэгтэй байна. Ядаж л Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо шиг баг болгоноо аймгуудтай холбон, тэдний нэр дээрээс тоглуулж, үзэгч, хөгжөөн дэмжигчдийнхээ тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Угаас талцаж, нутгарах, намчирхах дуртай Монголчуудад энэ нь таалагдах нь ойлгомжтой. Заримдаа ч Монголын хөлбөмбөгийн лигийн тоглолтуудыг үзэхэд тоглогч, дасгалжуулагчдын найзууд, гэр бүлийнхэн, ойр дотны хүмүүс, хамаатан садан нь цэнгэлдэхэд ирээд үзэж байгаа юм шиг харагддаг.

Одоогийн байдлаар “Мазала” хөлбөмбөгийн дээд лигт тоглодог 10 багийн 9 нь Улаанбаатар хотоос гаралтай. Ганц Хангарьд баг л Эрдэнэт хотод төвтэй. Эрдэнэт хотдоо ч гэртээ хийх тоглолтуудаа зохион байгуулдаг баг.

Ер нь л Монголын хөлбөмбөгийн тамирчид гадны тамирчдаас илүү гарах уу гэхээс дутахгүй. Гэвч тэдэнд хөгжөөн дэмжигчдийн хүрээлэл, зах зээл, цэнгэлдэх дүүрэн ширүүхэн уур амьсгал хэрэгтэй байна. Хөгжөөн дэмжигчид, ивээн тэтгэгч байгууллагууд олшроод эхэлвэл мөнгө эргэлдэн Монголын хөлбөмбөгийн зах зээл ч томорч, тамирчид давхар ажил хийлгүй, жинхэнэ мэргэжлийн тамирчин гэх статустай болно. Тэр цагт л Монголын хөлбөмбөгийг дэлхийд гарах цаг нь болжээ гэж бодох нь зүйтэй болов уу.

Харин Монголын сагсан бөмбөгийн спортод яг эсрэгээрээ багтаамж, суудал олонтой ордон, цэнгэлдэхүүд хэрэгтэй байна. Аль ч сагсан бөмбөгийн лигийн тоглолтууд дүүрэн үзэгчидтэй гал гарсан тоглолтууд болж өнгөрдөг. Гол асуудал нь спортын ордны багтаамж. Хэрвээ аль нэг холбоонд нь Монголын хөлбөмбөгийн холбоо шиг 1.5 сая ам.долларын санхүүжилт байсан бол энэ асуудлыг арай өөрөөр шийдэх байсан биз. Одоо бол Спортын төв ордон болон Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордон хоёр л хамаг ачааг нь нугалж байна. Үнэндээ баг болгон өөрсдийн гэсэн ордон, цэнгэлдэхтэй болвол Монголын сагсан бөмбөгт үсрэнгүй хөгжил болно.

Ядаж л багтаамж сайтай спорт залуудыг түрээслэвэл сонирхолтой. Тэдэнд хөгжөөн дэмжигчдийн маш өргөн хүрээлэл, ивээн тэтгэгч байгууллагууд байна. Хоёр холбоотой, хоёр лигтэй гэхэд тус тусынхаа ордонг орой болгон дүүргэж чадаж байна.

Монголын сагсан бөмбөгт бас нэгэн шинэчлэл авчирсан тэмцээн бол MCBA буюу Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны лиг. Баг болгон нь тоглолтуудаа өөрсдийн гэсэн зааландаа зохион байгуулдаг цоо шинэ формат. Галзуу гуравдугаар сар эхлэхээр Спортын төв ордон ч багаддаг энэ лигийн хөгжөөн дэмжигчдийн цар хүрээ үнэхээр өргөн. Их, дээд сургуулиудын оюутнууд хэрхэн тус тусынхаа багийг дэмжиж, зүрх сэтгэлээ зориулж байгааг эндээс л харж болно. Магадгүй Монголын хамгийн сайн зохион байгуулалттай спортын лиг.

Мөн Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны гайхалтай менежментийг мартаж болохгүй. Бусад спортын холбоод тэднээс суралцах хэрэгтэй. Тэд түүхийг бүтээсэн.

Жүдо, үндэсний бөх, чөлөөт бөх зэрэг Монголд хэзээ ч уналтанд орохгүй бөхийн төрлүүд бий. Энэ төрлийн спортуудын тулгамдаж байгаа ганц зүйл нь шинэ боловсон хүчний менежмент. Бусдаар бол Буянт ухаа болон Бөхийн өргөө үргэлж дүүрэн үзэгчидтэй байдаг.  Саалийн хэдэн үнээ шиг хэдэн топ тамирчдаасаа алийн болгон медаль хүлээж суух вэ дээ.

Тэдэнд ч гэсэн мандаж явсан үетэй нь адил харих цаг ирж л таарна. Тэр үед нь харин дараагийн залгамж халааг нь бэлдэж, зохицуулалт хийх хэрэгтэй. Спортын салбар холбоодууд болон яам нь өөрсдөө тамирчдынхаа хөгжил, бэлтгэл сургуулилт тал дээр нь анхаарч, шинэ үеийн тамирчдыг нь гаргаж ирээгүй байж сүүлд нь медаль авсангүй гэж тамирчдаа зэмлэх нь буруу.

Монголын аль ч спортын төрөлд ил тод, нээлттэй байдал хэрэгтэй. Баг, тамирчин болгон өөрсдийн үйл явдал, хэрэгжүүлж буй ажлаа хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан ил тод зарлаж байвал бас нэгэн дэвшил. Дэлхийн бусад орны спортын салбар үргэлж хэвлэл мэдээлэлтэйгээ нягт хамтран ажиллаж байж, олны анхаарлын төвд байж чаддаг. Тэрнээс биш манайх шиг барагтаа л бол мэдээллээ ил гаргадаггүй улсад спорт нь ард иргэддээ нөлөөлнө гэдэг хэцүү. Хамгийн энгийнээр л гэхэд сагсан бөмбөг, хөлбөмбөгийн багууд шинэ тоглогч, дасгалжуулагч нарыг багтаа элсүүлэхдээ нээлттэй хэвлэлийн хурал зарлаж, тэднийхээ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, цалин болон гэрээнийх нь талаар мэдээлж байх хэрэгтэй. Тэгэж байж л улам сонирхолтой болж, хүмүүсийг илүү олноор нь татна. Ард иргэд ч гэсэн гадаад спортын орчуулгын мэдээнээс залхаж байгаа шүү дээ. Дэлхий Монголын спортын ертөнцийг сонирхож, дотор нь юу болдог тухай мэдэхийг хүсдэг тийм л орчин нөхцөл, ил тод байдал хэрэгтэй байна.

Эцэст нь хэлэхэд ард иргэд соёл урлаг, спортоороо л дамжуулан соён гэгээрч, бие, сэтгэл оюуны алжаалаа тайлдаг юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж