С.Баярын хурал хойшилж, Ц.Сандуйгийн хэрэг прокурорт буцав

Хуучирсан мэдээ: 2020.05.26-нд нийтлэгдсэн

С.Баярын хурал хойшилж, Ц.Сандуйгийн хэрэг прокурорт буцав

С.Баярын хурал хойшилж, Ц.Сандуйгийн хэрэг прокурорт буцав

Өчигдөр олны анхаарал татсан, улстөрчидтэй холбоотой хоёр ч шүүх хурал болж өнгөрөв.  Тэдний хувьд улс төрийн ийн халуун өдрүүдэд хэлэлцэгдэж байгаа нь анхаарал татаж буй. Ялангуяа Ерөнхий сайд асан С.Баяр нарт холбогдох хэрэг болон МАН-ын гишүүн Ц.Сандуйгийн хэрэг. Ц.Сандуйгийн хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд СХД-т нэр дэвшинэ гэх мэдээлэл гараад буй. 


С.БАЯР НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох шүүх хуралдаан өчигдөр /2020.05.25/  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт товлогдсон ч ирэх сарын 15-н хүртэл хойшлогдов. Шүүгдэгч С.Баярын эрүүл мэнд тааруу байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн ийнхүү хүлээн авчээ. Тодруулбал,  шүүх хуралдаанд шүүгдэгч С.Баяр эмнэлэгт хэвтсэн, шүүгдэгч С.Баярцогтын өмгөөлөгч Г.Орхон шүүх хуралдаан давхацсаны улмаас тус тус хүрэлцэн ирээгүй аж. Мөн шүүх хуралдаанд оролцвол зохих гэрч нарын зарим нь ирээгүй тул шүүх хурлын товыг өөрчилжээ.

Нийслэлийн прокурорын газраас С.Баяр нарын 7 хүнд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм. Тэднийг Авлигатай тэмцэх газраас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр шалгаж байсан юм. Мөн тэднийг дараах зүйчлэлээр буруутгаад байна.

  • 2002 оны эрүүгийн хуулийн 263 дугаар зүйл / Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/-ийн 263.2 /263.2.Энэ хэргийг давтан үйлдсэн,уг хэргийн улмаас их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./,
  • Эрүүгийн хууль/2015 он/-ийн 18.6 /Мөнгө угаах/-ийн 2.3 /2.3.албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./,
  • 10 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/-ийн 1 /1.Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Ц.САНДУЙ, А.ГАНБААТАР НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ПРОКУРОРТ БУЦААВ

Төрийн эрхийг хууль бусаар авсан, худалдахыг завдсан гэх хэргээр  НИТХ-ын дарга асан Ц.Сандуй албан тушаалаасаа огцроод зогсохгүй шүүхээс ял сонссон.  Мөн түүний хамт МАН-ын гишүүн асан А.Ганбаатар  шүүхээс дөрвөн жилийн ял сонссон. Тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандсанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хавтаст хэргийг прокурорт буцаагаад байсан юм. Уг хэргийн нэмэлт шалгалтын ажиллагаа дуусч   Ц.Сандуй, А. Ганбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр /2020.05.25/ Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Шүүхээс Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг буруу тусгаарласан, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл үүссэн гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэжээ.

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарыг Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах үндэслэлээр буруутгаж буй. Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг мөн хуулийн тусгай ангийн  82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг, 821 дүгээр зүйлийн 821.1 дэх хэсэгт / Сонгуулийг будлиантуулж төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах/ зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн билээ. Хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүх энэ оны  дөрөвдүгээр сарын 29-нд хүлээн авч, шүүх хурлыг тавдугаар сарын 25-нд товлож, улмаар дээрх шийдвэрийг гаргалаа.

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт  олны анхаарал татсан хэргүүдийн шүүх хурал товлогдсон ч  хойшлогдсон. Тухайлбал, допингийн хэрэгт холбогдсон Монгол Улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдын шүүх хурал энэ сарын 22-нд хэлэлцэх байсан ч ирэх зургаадугаар сарын 3-ны өдрийг хүртэл хойшлуулсан билээ. Учир нь, нэхэмжлэгч Э.Оюунболдын төлөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан байна. Мөн ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч, хурандаа О.Бархасбадь нарын есөн хүнийг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн. Тэдэнд холбогдох хэргийг тавдугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагт шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхээр товлосон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр ирэх сарын 8-н хүртэл хойшлуулаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэх гардуулсны дараа шүүх хурал болно. Ц.Сандуйгийн хувьд 2020 оны сонгуульд СХД-т нэр дэвшинэ гэсэн мэдээлэл байгаа бөгөөд хэрэв тэр нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авбал түүнийг шалгах, хуулийн байгууллагад дуудаж ирүүлэх зэрэг нь хязгаарлагдаж, нэр дэвшигчийн хамгаалалтад орох боломжтой.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж