Монгол Улсын Засгийн газрын тавдугаар сарын 20-ны өдрийн ээлжит хуралдаанаар эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг орон сууцаар хангах тухай Засгийн газрын тогтоол баталсан. Ингэснээр коронавирусийн халдварын үед эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй эмч, сувилагч, цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гаалийн байгууллагын алба хаагчдыг орон сууцанд хамруулах боломжтой болж байна.Үүнд шаардагдах төлбөрийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх талаар Сангийн яам, Монголбанк, Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/ хамтран шийдвэрлэхээр болсон.
Энэ ажлыг "НОСК" ХК хариуцаж буй бөгөөд бүртгэл болон хамруулах журмын талаар тодруулах гэсэн боловч түрээслээд өмчлөх хөтөлбөрийн нөхцөл болон квотын тоо нь хараахан гараагүй байгаа бөгөөд энэ долоо хоногт тодорхой болно гэдгийг албаныхан хэллээ.
“НОСК” ХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Б.СҮХБААТАР:
-Зах зээл дээр борлуулагдаж байгаа ашиглалтад орсон орон сууцнаас эхний ээлжид 1300-1500 хүртэлх айлын орон сууцыг худалдан авч тус орон сууцуудад гэрээний дагуу албан хаагчдыг оруулахаар ажлын хэсгийн судалгаа хийгдэж байна. Эрсдэл бүхий нөхцөлд ажиллаж буй эмч, сувилагч, мэргэжилтнүүд, алба хаагчдад буюу тодорхой бүлэгт нийт 100 орчим тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөгөө гарсан.
Төрийн тусгай албан хаагчид орон сууцаар хангагдсанаар зах зээл дээр борлуулалтаа хүлээн царцахад хүрээд байсан орон сууцууд эргэлтэд орж барилгын салбарын эрсдэл, алдагдал буурах гэх мэт давхар үр өгөөж, ач холбогдолтой. Өмнө нь судалгаа явуулахад 4600 орчим орон сууц зах зээлд борлогдоогүй түлхүүр нь бэлэн байсан. Нөгөө талдаа ипотекийн зээл иргэдэд дарамт учруулж байгаа энэ үед ипотекийн зээлийн нөхцөлөөс илүү хөнгөлөлтэй нөхцөлтэй байхыг зорьж байна. Түрээслээд өмчилнө гэдэг нь урьдчилгаа болон хүүгийн дарамтыг багасгаж байгаагаараа давуу талтай. Бид асуудлыг аль болох хурдан шийдэхийн тулд ажиллаж байна” гэв.
Тухайлбал, түрээслээд-өмчлөх хувилбар нь ам.метр нь 1.5 сая төгрөгийн үнэтэй 50 ам метр талбайтай орон сууцыг 15 жилийн хугацаагаар түрээслэхэд сард 493 мянган төгрөг төлөх бөгөөд 15 жилийн дараа өөрийнх нь өмчлөлд бүрэн шилжих юм. Хүү нь зургаа орчим хувь байх аж.
“НОСК” ХК 2019 онд “Буянт-Ухаа-2” хорооллын 972 айлын орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд хүргэхэд нийт 35 мянган иргэдээс хүсэлт ирсэн нь энэ нөхцөлөөр орон сууц авах хүсэлтэй иргэдийн хүлээлт өндөр байгааг харуулж байгаа юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ