Хувьцааны 90 мянга үлгэр болов уу?

Хуучирсан мэдээ: 2020.05.25-нд нийтлэгдсэн

Хувьцааны 90 мянга үлгэр болов уу?

Хувьцааны 90 мянга үлгэр болов уу?

Монголоор нэг  1072 ширхэг хувьцааны ногдол ашиг хүлээсэн хүмүүс.  Монголын 2.5 сая иргэн ногдол ашиг хүртэнэ гэхээр арга ч үгүй л юм. Засгийн газар хуралдах бүрийд л чимээ тавина.  Бэлнээр мөнгө олгох шийдвэр бүхэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэж эцэслэгддэг болохоор тэр.

Гэвч тавдугаар сарын 1-ээс эхлэн Тавантолгойн ордоос хувьцаа эзэмшдэг хүн бүрт ногдол ашгийг нь бүртгүүлсэн банкных нь дансаар шилжүүлэх тухай мэдээлэл эцэс сүүлдээ эзэнгүйдэв.

Төрийнхний хэдэн бие рүүгээ “чихэж” суугаа байдлаар бол мөнгөгүй болж ацан шалаанд оров уу гэмээр хар төрүүлэх.  Гэхдээ шууд ч мөнгөгүй гэж хэлэхгүй байгаа юм. Хэлдэг ганц тайлбар нь  “Иргэд хувьцааны данс нээлгэхдээ банкныхаа дансыг баталгаажуулаагүйгээс шилжүүлэг хийхэд асуудал үүссэн” гэх.  20 гаруй хоног өнгөрч байхад банкныхаа дансыг баталгаажуулахгүй өдийг хүргэдэг хэн байх билээ.  Ер нь бол дээрх тайлбар шалтаг л болохоос шалтгаан биш л дээ.  Толгойтой болгон өнөөдөр хувьцааны данс нээлгэсэн брокерын компани руугаа утас цохин, ногдол ашиг хэзээ олгогдох талаар тодруулж байгаа. Зарим брокерын компани утсаа авахаас эмээж байна.

“Эрдэнэс тавантолгой” компанийн мэдээллээр бол ногдол ашгийг 2.5 сая иргэн хүртэнэ.  Бүгд тэгш 90 мянган төгрөг бэлнээр авахгүй. Жишээ татвал, ахмад настнууд С.Батболдын Засгийн газрын үед 500 мянган төгрөг бэлнээр авсан тул ногдол ашгийн хэмжээ нь буурна.  Мөн зарим иргэн оюутан байхдаа 1072 хувьцаагаа сургалтын төлбөр лүү шилжүүлж, үр шимийг нь хүртсэн тул ногдол ашиг нь 90 мянган төгрөгт хүрэхгүй.  Гэсэн ч иргэд баяртай байгаа. Учир нь өнгөрсөн хугацаанд иргэд ногдол ашиг хүртсэн удаагүй.  Зах зээлд шилжсэн даруйд олгосон өмч хувьчлалын цэнхэр, ягаан тасалбараа олонх нь шууд зараад мөнгө болгосон.  Цөөхөн хэсэг буюу хөрөнгийн зах зээлийн тодорхой ойлголттой хэсэг л ногдол ашиг хүртэх боломжтой гэж үзэн,  цэнхэр, ягаан тасалбараа заралгүй, өөртөө үлдээсэн бол зарим нь түүнийг бусдаас цуглуулж, хөрөнгө босгосон нь ч бий. Гэхдээ тун цөөхөн хэсэг нь.

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газрын амласан хувьцааны ногдол ашиг нь “Тавантолгойн ордод “Эрдэнэс тавантолгой” компани ашигтай ажилласныг тодорхойлсон нэг баталгаа юм.

Нэг үгээр хэлбэл, нүүрсээ урьдчилж зараад бэлнээр мөнгө тараадгаас өөр зүйл л дээ. Төрийн мэдэлд байгаа орд газар ашигтай ажиллаад эхлэхээр үр өгөөжийг нь ард түмэн хүртэх боломжтой гэдгийг мэдрүүлэх байсан хэрэг.

Уг нь анх “Мөнгө нь бэлэн, иргэд хувьцааны дансаа нээлгэчихэд л асуудалгүй. Эрдэнэс тавантолгой компани 2019 онд нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан” гэдэг тайлбарыг албаныхан өгч байсан.  Одоо харин “Тавдугаар сарын 1-ээс ногдол ашиг хүртээнэ гэж хэлээгүй.  Эхлээд банкных нь дансыг баталгаажуулна” гэдэг тайлбар хэлэх.  Өөр нэг газар нь “1.5 сая иргэний ногдол ашиг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд шилжиж ирээгүй байна. Бүгд бүрэн шилжиж ирсэн цагт хүн нэг бүрийн дансанд нь шилжүүлэх үүрэг хүлээсэн” гэх.

Ингэхэд мөнгө нь байгаа нь баттай юм бол дансаа баталгаажуулсан иргэдэд ногдол ашгийг нь шилжүүлээд, дансаа баталгаажуулаагүй иргэдэд дансаа баталгаажуулахыг нь шаардаад энэ асуудлыг яаралтай шийдэж болохгүй юу.

Хүлээсээр иргэд цөхөрч, хувьцааны ногдол ашиг хүртээх тухай Засгийн газрын шийдвэр мянгуужингийн үлгэр болох нь гэдэг хардлага ч дагуулж эхэллээ. Хардахаас ч аргагүй, сонгуулийн жилийг хэлэх үү. Дэлтэй бүхэн барилдана гэдэг шиг л төрийн албан хаагчдын олонх нь сонгуулиар ид амьсгалж байна, өөрсдөө нэр дэвших аятай. Сонгуулийн жил зарим шийдвэр хэрэгждэггүй, дараагийн Засгийн газарт шилжсэн нэрийн дор замхардаг гэмтэй. Тиймээс л иргэд хувьцааныхаа ногдол ашгийг хүртэе гээд байгаа юм.

Хэрэв төрд мөнгө нь байхгүй бол эртхэн үнэнээ хэлсэн нь дээргүй юу. Ноолуур нэг кг тутмыг нь 100 мянган төгрөгөөр худалдан авна, 300 тэрбум төгрөг Хөгжлийн банкнаас гаргана гэж хэлээд юу болсон билээ. Ямааны ноолуур 1 кг нь 25 мянган төгрөг рүү бууж, малчид зээлээ ч төлж чадахгүй хүнд байдалд орсон. Анхнаасаа төр зохицуулна гэж том амлалт өгөлгүй, зах зээлд нь даатгасан бол малчид ноолуураа хадгалж, "шатахгүй" л байсан юм шүү дээ. Одоо энэ "Эрдэнэс тавантолгой"-н хувьцааны ногдол ашиг ямааны ноолуурын үлгэрийг давтахгүй гэх баталгаа байна уу.

Л.ОЮУ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж