“Глоб Интернэшнл” төвөөс сонгуулийг үнэн зөв, ёс зүйтэй зарчмын дагуу хэрхэн мэдээлэх талаар залуу, эмэгтэй сэтгүүлчдэд мэдлэг олгох зорилготой онлайн сургалтыг тавдугаар сарын 25-наас 29-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Онлайн сургалтанд хамрагдах сэтгүүлчид “Шударга сонгууль ба сонгуулийн санхүүжилт”, “Сонгууль ба ёс зүйт мэдээлэл”, “Сонгууль ба жендэр”, “Сонгуулийн үе дэх хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг” гэсэн дөрвөн үндсэн сэдвийн хүрээнд санал бодлоо солилцож, мэдээлэл авах юм.
Мөн чуулганд оролцож буй сэтгүүлчид дээрх сэдвийн хүрээнд тав хоногийн турш видео хичээл бусад сургалтын контенттэй танилцаж ёс зүйт, шударга сонгуулийн талаарх мэдлэгээ дээшлүүлнэ. Видео болон онлайн хичээлийн чиглүүлэгч багшаар их дээд сургуулийн эрдэмтэн багш, сэтгүүлчдийн мэргэжлийн байгууллагын судлаач, иргэний нийгэм, олон улсын байгууллагын төлөөлөл болсон 13 хүн ажиллах юм.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн тусламжтайгаар зохион байгуулж онлайн сургалтад видео хичээл, сонгогчдын боловсролд зориулсан цуврал баримтат кино, сэтгүүлчдэд зориулсан Е-зөвлөмж зэрэг 40 гаруй сургалтын материалыг бэлтгээд байна. Онлайн сургалт, марафоны төгсгөлд оролцогчдын идэвх оролцоог үнэлж шилдэг оролцогч буюу онлайн марафоны ялагчийг тодруулж урамшуулах ажээ.
А.СҮРЭН