Цөмийн цахилгаан станц "Академич Ломоносов" ажиллаж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.05.25-нд нийтлэгдсэн

Цөмийн цахилгаан станц "Академич Ломоносов" ажиллаж эхэллээ

Цөмийн цахилгаан станц "Академич Ломоносов" ажиллаж эхэллээ

ОХУ-д бүтээсэн дэлхийд ганц гэгдэх усан дээр хөвдөг цөмийн цахилгаан станц Арктикийн алслагдсан бүсэд үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. “Алс Дорнодын Чукотка мужийн Певек нэртэй жижиг хотод “Академич Ломоносов” ашиглалтад орлоо” гэж Оросын цөмийн агентлаг Росатом өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ. Ийнхүү "Академич Ломоносов" энэ жилийн гол зорилгуудын нэгийг гүйцэлдүүлж, алслагдсан нутгуудыг эрчим хүчээр хангах боломжтой болж байна.

“Өнөөдөр бид усан дээрх цөмийн цахилгаан станц бүтээх ажлыг бүрэн дуусгалаа. Ийнхүү дэлхийн хамгийн умард нутгууд эрчим хүчээр хангагдаж, Орос орон 11 дэх цөмийн цахилгаан станцаа хүлээн авлаа” хэмээн төслийг удирдан гүйцэтгэсэн Росатомын эрчим хүчний салбарын ерөнхий захирал Андрей Петров ярьжээ.

"Академич Ломоносов" өнгөрсөн жилийн сүүлээс эхэлж ойролцоох нутгуудаа эрчим хүчээр хангаж эхэлсэн ч ийнхүү бүрэн ажиллахын тулд зарим засвар, эрх баригчдын зөвшөөрөл хэрэг болж байсан юм. Харин шалгалтын үр дүнд тус станц аюулгүй байдал болон байгаль орчинд хоргүй байх гэх мэт улсын бүх шаардлагад бүрэн нийцсэн тул Оросын техник технологи, цөмийн болон байгаль орчны хяналт болон бусад эрх баригч байгууллагуудын зөвшөөрлөөр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлж буй нь энэ ажээ.

“Энэ гайхалтай байгууламж маш олон чухал үүрэгтэй. Тухайлбал, тус станц алслагдсан нутгийн иргэдийг зөвхөн эрчим хүч төдийгүй дулаан, ундны цэвэр халуун, хүйтэн усаар хангана” хэмээн Росатомын барилгын салбарын захирал Витали Трутнев ярьжээ.

Арктикын жижиг хот, тосгодын иргэдэд ийнхүү эрчим хүчний шинэ эх үүсвэр гарч ирж буй нь туйлын чухал үйл явдал билээ. Жишээ татвал, Певек хотод л гэхэд 75 гаруй жилийн турш нүүрсэн цахилгаан станц ажиллаж байсан гэнэ. Нүүрсэн цахилгаан станц ойр орчны агаарыг бохирдуулж, иргэдийн санааг ихээр зовоож байжээ.

“Бид маш их баяртай байна. Бидний амьдрах орчин, нөхцөл дээрдлээ. Түүнээс гадна шинэ цахилгаан станцын ачаар олон шинэ ажлын байр үүсч, цалин ч нэмэгдэнэ гэдэгт бид итгэж байна” хэмээн нутгийн эмэгтэй Элена ярьжээ.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш "Академич Ломносов" 47.3 сая квт эрчим хүч үйлдвэрлэсэн нь бүс нутгийн нийт эрчим хүчний 20 хувьтай тэнцэж буй гэнэ. Станцад хоёр КЛТ-40С мөс ханзлагч реактортой бөгөөд тэдгээр нь нэг цагт 70 мвт эрчим хүч, 50 гигакалор дулаан үйлдвэрлэх чадалтай аж.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ГайхмаарГайхмаар
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж