Монгол Улсын гарамгай баатар Л.Дандарын баатарлаг гавьяаг өгүүлсэн "Бууны сумыг буцааж болдоггүй" уран сайхны кино олон улсад албан ёсоор гарахаар болжээ. Тодруулбал, уг кино "Marked Man” нэрээр АНУ, БНСУ, ХБНГУ, Швейцарь, Бельги, Австри, Люксембург, Лихтенштейн, Канад улсуудад гарахаар гэрээ хийсэн талаар киноны уран бүтээлчид дуулгасан юм.
"Бууны сумыг буцааж болдоггүй" кино зохиолыг Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид бичиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Солонго, Г.Төрбат нар продюсерээр ажилласан бол найруулагчаар П.Дэлгэрбаяр ажиллажээ. Харин Л.Дандар баатрын дүрийг залуу жүжигчин Ж.Алтаншагай бүтээсэн байна. Цар тахлын улмаас 2020 оны сүүлчээр олон улсад нээлтээ хийхээр төлөвлөж буй гэнэ.
Домогт баатар Л.Дандарын тухай мэдэхгүй хүн Монголд байхгүй биз. Тэрээр 1914 оны тавдугаар сарын 28-нд Булган аймгийн Бүрэгхангай сумын Рашаант гэдэг газар төржээ. 19 насандаа эх орон, газар нутгаа хамгаалахаар Ардын цэрэгт татагдаж, 1935 онд ЗХУ-ын Тамбов хотын нэгдүгээр морин армийн нэрэмжит цэргийн дунд сургуульд хуваарилагдан очиж суралцсан байдаг. Тамбовын морин цэргийн дунд сургуулийн сонсогч эх орондоо ирэхэд Монгол Улсын зүүн хязгаарын түгшүүр улам нэмэгдэж, эх орон нь дайны өндөржүүлсэн бэлэн байдалд угтжээ. Л.Дандар баатар нь Тамсагийн зургадугаар дивизийн 17 дугаар морьт хороог удирдаж гарамгай гавьяа байгуулсан түүхтэй.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ