Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2015.12.16-нд нийтлэгдсэн

Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа

Шүүхийн тамгын газруудын 2015 оны ажлын үнэлгээг танилцуулах, 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээ өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Энэхүү арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн Д.Дамдин-Од, Д.Эрдэнэчулуун, Ж.Эрдэнэчимэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан болон ажлын албаны бүтцийн нэгжийн дарга нар оролцов.

Ажлын үнэлгээгээр Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газар 92.95оноогоор "Бүрэн хангалттай” үнэлгээ авч нэгдүгээр байранд шалгарсан ба Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж Говьсүмбэр аймаг дахь шүүхийн тамгын газрын дарга Д.Сувдад тэргүүн байрын өргөмжлөлийг нь гардуулж, ажлын амжилт хүссэн юм.

Удаах байранд 91.75оноогоорДорнод аймаг дахь шүүхийн тамгын газар "Бүрэн хангалттай” үнэлгээ авч шалгарсан бөгөөд өргөмжлөлийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ж.Эрдэнэчимэг, тус шүүхийн тамгын газрын дарга Ц.Мөнхсайханд гардуулан баяр хүргэлээ.

Харин гуравдугаар байранд 90.90оноогоорОрхон аймаг дахь шүүхийн тамгын газар "Бүрэн хангалттай” үнэлгээ авч шалгарсан ба Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од, тус шүүхийн тамгын газрын дарга М.Ганчулуунд өргөмжлөлийг гардууллаа.

Улиран одож буй 2015 оны ажлаа үнэлүүлсэн төсвийн шууд захирагч, шүүхийн тамгын газрын дарга нартай Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, төсвийн ерөнхийлөн захирагч Н.Лүндэндорж 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулж, гарын үсэг зурах ёслол болсон юм.

Арга хэмжээний төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж шүүхийн тамгын газрын дарга нарт хандаж хэлсэн үгэндээ "2015 онд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд хичээл чармайлт гарган ажиллаж, шүүхийн шинэтгэлийг урагшлуулсан он байлаа. Бид гурван жил тэмцэл хийсний үр дүнд шүүгчийн цалинг баталгаажуулж, албажуулж, хүлээн зөвшөөрүүлж чадлаа. Монголын түүхэнд шүүгчийн цалинг анх удаагаа Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүн, сайд нарын цалингаас дээгүүр тогтоолгож чадсан нь шүүхийн шинэтгэл амжилттай явж байгаагийн тод илрэл юм.

Мөн 2015 онд Монголын шүүхийг бүхэлд нь дагнуулж, мэргэшүүлж чадлаа. Эдийн засгийн ухаанаар хаана хөдөлмөрийн хуваарь тогтоно тэнд бүтээмж, үр дүн, хариуцлага тогтддог. Шүүхийн захиргаа бие дааж, хөдөлмөрийн хуваарь тогтоож чадсан нь 2015 онд хийсэн бас нэгэн том дэвшил юм.

Гуравдугаарт, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг Монгол Улсын түүхэнд байгаагүйгээр авсан он байлаа. Энэ үр дүнг бататгах ёстой. Уулзаж, учирсан хүн бүрт бид шүүхийн шинэтгэлийг тайлбарлаж, ойлгуулах учиртай. Ингэж тайлбарласны дараа эд асуудлаа ойлгож байгаа юм байна, ийм асуудалтай байдаг юм байна гэдгийг хүмүүс ойлгож, хүлээж авдаг. 2001 оноос хойш шүүхэд итгэх итгэлийн талаар хийсэн нэлээд хэдэн судалгаа байдаг. Би судлаач хүнийхээ хувьд харж байхад, шүүхэд итгэх олон нийтийн итгэл 45 хувиас хэзээ ч их байгаагүй. Харин 2015 онд "Хөгжлийн эрэлд” хөндлөнгийн судалгааны байгууллагаар хийлгэсэн судалгаагаар шүүхээр үйлчлүүлсэн иргэдийн 81,2 хувь нь шүүхээр үйлчлүүлж байгаагүй иргэдийн 60,2 хувь нь шүүхэд итгэдэг гэсэн байна. Энэ судалгааны дүнг хараад би цочирдож хүлээж авсан. Гэхдээ надад хөндлөнгийн байгууллагын судалгааны дүнг нийтэд зарлахгүй байх эрх байхгүй. Шүүхийн ерөнхий зөвлөл өөрсдөө зохион байгуулж гэж хүртэл бичсэн. Бидэнд тэгэх шаардлага байгаагүй. Хөндлөнгийн судалгааны байгууллагын гаргасан судалгааг засах, дарах эрх ч бидэнд байхгүй. Тийм учраас нийтэд зарласан.

Тийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилж эхлүүлсэн шүүхийн шинэтгэл маш том алхамаар урагшилсан он байлаа. Бид саяхан "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал хийж, Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнг анх удаа зарласан. Цаашдаа нэвтрүүлэг, сурталчилгааны материалуудыг ч бас хийж олон нийтэд тараана. 2015 онд шүүхийн захиргаа гэдэг шинэ айл бүрэн төлөвшиж, хүлээн зөвшөөрөгдсөн он байлаа. Шүүхийн захиргааг татан буулгахыг санаархдаг, Хууль зүйн яаманд нэгтгэхийг мөрөөдөж явдаг хүмүүсийн мөрөөдөл алсарсан он байлаа. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад та бүхний хийсэн ажил, оруулсан хувь нэмэр их юм. Товчхондоо бол 2015 он бидний ялалтын он байлаа.

Гэхдээ бидэнд цаашид анхаарах 2016 онд хийж, хэрэгжүүлэх, засч сайжруулах ажлууд бас бий. Ялангуяа шүүхийн захиргааг мэргэшүүлэх, хэргийн хөдөлгөөнийг зөв зохион байгуулах тал дээр анхаарах ёстой. Тамгын газрын дарга нарын хувьд шүүгчтэй хүндэтгэлтэй харьцах нь зөв. Гэхдээ хууль ёсны шаардлага тавихад айдастай байж болохгүй. Тухайн шүүхийн ачаалал хэргийн хөдөлгөөний удирдлагын арга барилаас шууд хамааралтай. Тиймээс хэргийн хөдөлгөөнийг зөв зохион байгуулах тал дээр анхаараарай. Дотоод аудит байгуулагдсаны үр дүнд бүх шүүхийн тамгын газруудад очиж ажилласан. Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэдээллээс харахад Тамгын газрын дарга нарын санхүүгийн баримт бүрдүүлэх, гарын үсэг зурж байгаагийн хариуцлагыг мэдрэх асуудал хангалтгүй байна. Хяналт дутуу тавих, нягтландаа хөтлөгдсөн байдал их ажиглагдаж байсан. Тиймээс энэ тал дээр анхаарч ажиллаарай. 2016 он хэмнэлтийн жил байх болно. Шүүхийн төсөв 5.8 тэрбум төгрөгөөр буурсан. Ийм жил болно гэдгийг шүүгч, ажилтнуудад сайн ойлгуулах хэрэгтэй. 2016 онд бид шүүгчийн сургалтад онцгой ач холбогдол өгнө. Шүүгчийн боловсролд анхаарсан, эргэлт гаргасан он болгохоор зорьж байна. 2016 онд шүүхийн тамгын газар, шүүхийн захиргааг бэхжүүлэх, мэргэшүүлэх он болгоно. 2016 оныг шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас ажлын хариуцлага, сахилга бат нэхсэн жил болгоё. Бид итгэ, эцэст нь шалга гэдэг зарчмаар ажиллаж, хяналт шалгалтыг тавина, хариуцлагыг шаардана. Түүнчлэн шүүхийн захиргааны ажилтнуудад харилцан туршлага солилцуулах, шинэ санал санаачлага бүрийг ширхэгчлэн үнэлж, ажлаа сайжруулан, засч залруулах он болгоё. 2016 он мөдхөн гарах гэж байна. Та бүхэнд шинэ жилийн халуун мэндийг хүргэе” гэв.

Ийнхүү шүүхийн тамгын газруудын 2015 оны ажлын үнэлгээг танилцуулах, 2016 оны үр дүнгийн гэрээ байгуулах арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж