Үндэслэлгүй ажлаас халсан гэх гомдол нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.12.16-нд нийтлэгдсэн

Үндэслэлгүй ажлаас халсан гэх гомдол нэмэгджээ

Хөдөлмөрийн зах зээлд хийсэн 20 гаруй судалгааны тайланг өнөөдөр Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн төвөөс /ХЭҮСМТ/ танилцууллаа. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцүүлж байгаа үетэй давхцаж байгаагаар онцлог юм байна. Учир нь сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргаан, иргэдийн гомдол нэмэгдэх хандлагатай болжээ. Ялангуяа санхүү, эдийн засгийн хувьд тогтворгүй үед иргэдийг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэх гомдол нэмэгджээ. Тиймээс нэн тэргүүнд хөдөлмөрийн салбарт эрхзүйн орчноос эхлээд шинэчлэл хийх шаардлага тулгарсан гэдгийг салбарын сайд онцолсон. Ялангуяа энэ удаагийн шинэчилсэн найруулгын төсөлд хүнээ, хөдөлмөрчнийхөө эрхийг хамгаалах асуудлыг онцолж байгаа юм.

ХЭҮСМТ-өөс хөдөлмөрийн маргаан, цалин хөлсний бүтэц гэсэн хоёр үндсэн асуудлаар судалгаа хийсэн байна. Энэ судалгаанд дурдсанаар хөдөлмөрийн маргаан, тэр дундаа үндэслэлгүй ажлаас халагдсан гэх гомдол тасралтгүй нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

Ер нь хөдөлмөрийн маргаан үүсэх нь тухайн жилийн эдийн засгийн нөхцөлтэй салшгүй холбоотой байдаг гэж судалгаанд дурджээ. Жишээ дурдахад 2011-2012 онд хөдөлмөрийн маргаан буурсан үзүүлэлттэй гарч байжээ. Учир нь тухайн жил Монгол Улсын эдийн засаг  өсөлттэй, улс төрийн байдал тогтвортой, дотоодын нийт бүтээгдэхүүн өндөр байжээ. Харин 2013-2014 онд эдийн засгийн байдал тогтворгүйтэж эхлэхэд хөдөлмөрийн маргаан нэмэгдсэн байна. Мөн сонгуулийн өмнөх болон дараах жилд хөдөлмөрийн маргаан нэмэгддэг гэж судлаач дурдсан юм.

Хоёр дахь судалгаа нь цалин хөлсний бүтэц.

Сүүлийн жилүүдэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн цалингийн ялгаа буюу жендэрийн асуудал ихээр сөхөгдөх болсон. Тэгвэл сүүлийн жилүүдэд эрэгтэй, эмэгтэйчүүдийн цалингийн зөрүү 3-7 пунктээр буурсан буюу илүү ойртож байгаа үзүүлэлт ажиглагджээ.

Дараагийн судалгаа нь Монгол Улс Цалин хөлсийг хамгаалах тухай 95 дугаар конвенцэд нэгдэх талаар яригдаж байгаатай холбоотой юм. Тэгвэл энэ конвенцэд орох боломж хэр байгаа талаар судалжээ. Цалин хөлсийг хамгаалах олон улсын конвенцэд нэгдэн орсноор нэн тэргүүнд хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах боломж бүрдэх юм. Тэгвэл энэ конвенцийн 45 зүйл заалтын 39-ийг Монгол Улс эрхзүйн орчноороо баталгаажуулж өгсөн гэх үр дүн гарчээ.

Ямартай ч эдгээр судалгаа шинжилгээ нь цаашид Хөдөлмөрийн зах зээлийн эрхзүйн орчныг боловсруулахад дөхөм болж өгч байгаа гэв. Цаашид Хөдөлмөрийн тухай хууль тэргүүтэй эрхзүйн орчны суурийг бүрдүүлж өгвөл хөдөлмөрийн маргаанаас эхлээд энэ салбарт тулгамддаг олон асуудлын шийдэл болно хэмээн салбарынхан харж байна.

Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж