Улаанбаатар-Пүсаны чиглэлд шууд нислэгтэй болно

Хуучирсан мэдээ: 2015.12.16-нд нийтлэгдсэн

Улаанбаатар-Пүсаны чиглэлд шууд нислэгтэй болно

Бүгд Найрамдах Солонгос Улс /БНСУ/-ын 44 дэх Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр Бүгд Найрамдах Лаос Улсад хийсэн төрийн айлчлалаа өндөрлүүлээд өчигдөр Монгол Улсад ирсэн билээ. Айлчлал өнөө өглөө албан ёсоор эхэлж, Ерөнхий сайд Хван Гё Аныг Төрийн ордны баганат танхимд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Засгийн газрын гишүүд өглөөний 10 цагт албан ёсоор хүлээн авсан. Энэ үеэр БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан хүндэт зочны дэвтэрт гарын үсгээ зурсан юм.

БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Дон 2001 онд манай улсад айлчилснаас хойш 14 жилийн дараа Ерөнхий сайд Хван Гё Ан манай улсад дахин айлчилж байна. Энэхүү айлчлал Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд өрнөж байгаагаараа онцлог юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг урьсан зочноо хүлээн авч ганцаарчилсан уулзалт хийсэн. Үүний дараа авто зам болон төмөр зам, нисэх онгоцны буудал, цахилгаан станцын бүтээн байгуулалт зэрэг зам тээвэр, дэд бүтэц, эрчим хүч, ашигт малтмалын салбарт хоёр орны хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэж, V цахилгаан станцын төслийг саадгүй хэрэгжүүлэх, тус салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаар болж албан ёсны хэлэлцээ хийсэн юм. Түүнчлэн, Ерөнхий сайд нар хоёр орны хоорондын агаарын нислэгийн тоог нэмэгдүүлэх шаардлагын талаар санал нэгдэж, нэн түрүүнд ирэх оны 3 дугаар сараас Улаанбаатар-Пүсаны хооронд нислэг үйлдэхээр тогтлоо.

Ерөнхий сайд Хван Гё Ан Солонгосын компанийн хэрэгжүүлж буй Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын болон хөрс ашигласны төлбөрийн асуудал, Смарт картыг бусад бичил төлбөр тооцоонд нэвтрүүлэхэд Монголын талыг анхаарч, дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ойрын хугацаанд нааштай шийдвэрлэх талаар ажиллахаа илэрхийлсэн юм.

Мөн Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаар хэрэгжүүлэх “Хот хоорондын авто тээврийн үйлчилгээг сайжруулах” төсөл болон мэдээлэл технологийн салбарт буцалтгүй тусламжийн төслийг хэрэгжүүлэхэд Солонгосын талын дэмжлэгийг хүссэн бөгөөд Ерөнхий сайд Хван Гё Ан хөгжлийн хамтын ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд туслалцаа үзүүлэх, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхийн ач холбогдлыг үнэлж, Монголын тал үндэслэлтэй, тодорхой төслийн төлөвлөгөөг өгсөн даруйд дотоод журмын дагуу холбогдох байгууллагуудаараа нааштай судлуулахаа илэрхийлсэн юм.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд Хван Гё Ан Улсын Их Хурлын дарга З.Энхболдод бараалхахдаа "Эрхэм Улсын Их Хурлын дарга Та цаг зав гарган биднийг хүлээн авсанд талархаж байна. Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа үеэр Монгол Улсад айлчилж байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна. Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол Улсын парламентын дарга нарын харилцан айлчлал болон парламент хоорондын идэвхтэй хамтын ажиллагаа нь хоёр орны дипломат харилцаанд чухал нөлөө үзүүлдэг" гэлээ. Түүнчлэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлсэн "Е-парламент" төсөл нь хоёр орны найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байсан юм.

Энэхүү албан ёсны айлчлалын хүрээнд хоёр орын сайд дарга нар дөрвөн төрлийн санамж бичигт гарын үсэг зурсан юм. Тодруулбал Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас авах зээлийн хугацааг сунгах тухай захидал, далайн тээвэр логистикийн салбарт хамтран ажиллах тухай, Жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн сан, БНСУ-ын Жижиг дунд үйлдвэрийн корпораци хооронд хамтран ажиллах тухай, Эрчим хүчний хөгжлийн төв болон БНСУ-ын Аж үйлдвэр гадаад худалдаа баялгийн яамны Технологи, техникийн стандарт-ын үндэсний хүрээлэнгийн харьяа солонгосын нийцлэлийн лаборатор хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт тус тус гарын үсэг зурсан юм.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж