"Хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгах санал гаргалаа"

Хуучирсан мэдээ: 2020.05.25-нд нийтлэгдсэн

COVID-19

"Хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгах санал гаргалаа"

Posted by News.mn on Sunday, May 24, 2020

 

НЭМЭЛТ:

Улсын онцгой комиссийн өргөтгөсөн хуралдаан хаалттай хуралдаж, өндөрлөлөө. Улсын онцгой комисс хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгах санал гаргасан. Энэ саналыг Лхагва гаригт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх ажээ.


НЭМЭЛТ:

Сангийн сайд Ч. Хүрэлбаатар: Эрүүл мэндийн салбарт Covid-19 үед 213.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн.  Үүн дээр нэмээд улсын төсвөөс эрүүл мэндийн салбар дахь төслийг онцгойлон тэргүүн ээлжинд санхүүжүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд Эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг дурдая:

  • Covid-19-д зориулж эм, эмнэлгийн хэрэгслийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлсөн.
  • Хувийн хэвшилд ажиллаж буй иргэдийн цалингаас орлогын албан татварын суутгалыг зургаан сар чөлөөлсөн.
  • НӨАТ буцаан олголтыг улиралд тутам олгож байна. Энэ хүрээнд 5.6 тэрбум төгрөгийг зарцуулав.
  • Ипотекийн зээлийн төлбөрийг зургаан сараар хойшлуулсан.
  • Хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийг хойшлуулсан.
  • Халамжийн сангаас тэтгэвэр авдаг иргэдийн тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн.
  • 241 мянга гаруй иргэнд хүнсний талоныг таван сарын хугацааны туршид сар бүр хоёр дахин нэмэгдүүлэн олгож байна.
  • 1 сая хүүхдэд зургаан сарын хугацаанд сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж олгож байна.
  • 1 кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгож байна. Үүнд 203 мянга гаруй малчин хамрагдана.
  • Жилийн 1.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой ААН-ийг зургаан сарын хугацаанд орлогын албан татвараас чөлөөлсөн.
  • Нийгмийн даатгалаас ААН-ыг чөлөөлсөн. Нийт ААН-ийн 94.3 хувь нь энэ хөнгөлөлтөд хамрагдсан.
  • Бизнес эрхлэгчдийн төлөөгүй татварт тооцох алдангийг долоон сарын хугацаанд чөлөөлсөн.
  • Түрээсийн төлбөрийн хэмжээг бууруулсан.
  • Зээлийн батлан даалтын эх үүсвэр, хүртээмжийг нэмэгдүүлсэн.
  • Бодлогын хүүг хоёр удаа буулгаж, 11 хувиас 9 хувь хүргэсэн

УОК-ын хуралдаанд тавьсан илтгэлтэй холбоотойгоор салбарын сайдууд тулгамдаж буй асуудлаа танилцууллаа.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар: Гадаадад буй иргэдийн байдал хүндэрч байна. Тэр тусмаа Туркт нөхцөл байдал хүндэрч байна. Гадаад харилцааны яам иргэдэд туслах сангаараа дамжуулан мөн ТББ-ын санаачилгаар хөрөнгө мөнгө босгосон. Хамтарч чадах чинээгээрээ дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. Гэхдээ иргэд эх орондоо ирэхийг нэн тэргүүнд хүсч байна.

Боловсролын сайд Ё.Баатарбилэг: УОК-ын шийдвэрийн дагуу 12 дугаар ангийн хүүхдүүдэд давтлага өгч эхэлсэн. Давтлагад хүсэлт гаргасан сурагчид хамрагдаж байна. ЭЕШ-ийг долдугаар сарын 2-5 өдрүүдэд зохион байгуулахаар товлосон. Иймээс энэ огноог албажуулж өгөхийг хүсч байна.

ЭЕШ материалыг бэлдэх багийг зургадугаар сарын 2-оос тусгайлан бэлтгэсэн газарт байрлуулж, ЭЕШ материалыг бэлтгэхээр болж байна. Үүнийг УОК-ын тэмдэглэлд тэмдэглэж өгнө үү.

Жайка-ийн төсөлд хамрагдсан оюутнууд Японд хөл хорионд байна. Хөл хорионд байх хугацааны зардал хэмээн 820 гаруй сая төгрөгийг төслөөс зарцуулсан. Япон улс руу тусгай үүргийн онгоц нисгэвэл энэхүү төсөлд хамрагдаж буй оюутнууд, багш нарыг хамруулж өгнө үү.

Хувийн сургууль, цэцэрлэгийн хувьсах зардал болон нийт 10 мянга гаруй багш, ажилтны цалин хөлсний асуудал байна. Өнгөрсөн долоо хоногт жагсаал зохион байгуулсан гэдгийг бүгд мэднэ. Нэгэнт яамд төсөвт байгаа юм чинь хувьсах зардлыг олгох асуудлыг нь шийдье гэсэн саналтай байна.

Шадар сайд Ө.Энхтүвшин: Гадаад буй иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулна. Нэгдүгээр сарын 6-наас хойш бид татан авах ажиллагаа зохион байгуулж, иргэдийг эх орондоо ирэхийг уриалсан. Энэ хугацаанд 62 мянган иргэн эх орондоо ирсэн. Цаашид нөөц бололцоогоо тооцон, татан авах ажиллагааг зохион байгуулна. Сүүлийн арав хоногт нөхцөл байдал хүнд болж байна. Тухайлбал, ОХУ-аас ирсэн оюутнуудын 57 –оос вирус илэрсэн. Энэтхэгээс  иргэдээ татсан. Турк руу нислэг хийсэн. Өнөөдөр ОХУ руу нислэг хийж байна. Дотуур байрнаас гарсан, гарахаас өөр замгүй болсон оюутнуудын байдал хүнд байгаа. Тэднийг өнөөдөр авчирна.  Дөрөвдүгээр сарын 30, тавдугаар сарын 2,3 чиглэлд нислэг үйлдэж, 870 гаруй иргэнээ татсан. Тэдгээр иргэд дараагийн хяналтад шилжиж байгаа тул тусгаарлах байр суларч байна. Иймээс дараа дараагийн нислэгээ хийхээр болж байна.

УОК-т Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараах үүрэг чиглэл өглөө. Тухайлбал:

  • Цар тахлын хуулийг хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан иргэдэд сурталчлах.
  • Covid-19-ийг илрүүлэх, оношлох, эмчлэх чиглэлд эрүүл мэндийн салбарын бэлэн байдалд онцгойлон анхаарал хандуулж, нөөцийг бүрдүүлэх, эмч мэргэжилтнүүдийн ар гэрт мөнгөн урамшуулал олгох.
  • Улс, нийслэл, аймгийн түвшинд Covid-19 эрсдэлийн үнэлгээг байнга хийж, эрсдэлийн үнэлгээнд суурилсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх, ямагт анхаарч ажиллах.
  • УИХ-ын 2020 сонгуулийг зохион байгуулахдаа халдвараас хамгаалах, ариутгалыг хийх чиглэл, зөвлөмжийг СЕХ-нд өгөх. Сонгууль зургадугаар сарын 24-нд болно. Сонгуулийн сурталчилгааны үеэр аюулгүй байдал, халдваргүйжүүлэлтийг сайтар хийх. Нэр дэвшигчид олон нийттэй уулзахдаа УОК –ын журмыг чандлан сахих шаардлагатай байна.

  • Эрүүл ахуйн ухамсар, соёлыг нэмэгдүүлэх “Амны хаалтаа зүүцгээе” аяныг үргэлжлүүлэн зохион байгуулах, ард иргэдээ уриалан дуудах, ойлгуулах
  • Хэвлэл мэдээллийн байгууллагууд хариуцлагатай байж, баталгаат эх сурвалжаас мэдээлэл авахыг уриалж байна.
  • Өндөр эрсдэлт нөхцөлд үүрэг гүйцэтгэж буй төрийн албан хаагчийн гэр бүлийг урамшуулах ажлыг зохион байгуулна. Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн асуудалд онцгойлон анхаарал хандуулж, зохион байгуулах. Эх орондоо ирэх хүсэлтэй 72 мянган иргэн байгаагаас 62 мянга нь эх орондоо ирээд байна. Нэгдсэн удирдлага, дор бүрнээ сахилга баттай байж, бэлэн байдлаа бүрэн хангаж байж эрсдэлээс урьдчилан сэргийлж чадна.
  • Бүх иргэдээ нэг дор татан авах боломжгүй. Бид улс үндэстний аюулгүй байдлаа бодох хэрэгтэй. Иймээс УОК аюулгүй байдлаа нэн сайн ханган байж, иргэдээ татан авна.
  • Улсын хилийг одоогоор нээхгүй. Хэзээ нээхийг нь хэлж мэдэхгүй байна. Коронавирусийн эсрэг вакцин эм тариа гарсан цагт манай улсын өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдана.

Ийнхүү УОК-ын өргөтгөсөн хурал хаалттай горимд шилжиж, үргэлжилж байна.


НЭМЭЛТ: 

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьж байна. "Монгол Улсад өнөөдрийн байдлаар дотооддоо Covid-19 халдвар тархаагүй, зөөвөрлөгдөж, лабораториор батлагдсан 141 тохиолдол байна. Өнөөдрийг хүртэл 6474 иргэн ажиглалтад байснаас 4950 иргэн ажиглалтаас гарч, 1500 гаруй иргэн тусгаарлах байранд байна.

Гадаадад буй иргэнээ татан авах тусам, эх орондоо ирэх хүсэлтэй иргэд олширч байна. Анх 3000 гаруй иргэн эх орондоо ирэхээр байсан бол өнөөдөр 11 мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлжээ. Гадаад буй иргэдээ татан авах ажиллагааг цаашид байнга зохион байгуулна. Гэхдээ тусгаарлах байрны хангамж, тээврийн хэрэгсэл, нисэх багийн нөөц боломжийг харгалзан үзэж, гадаад оронд буй иргэдээ ээлж дараатай татна.

ДЭМБ-ын ирүүлсэн мэдээгээр, эрсдэл улам өндөр байна. Тайвшрах шалтгаан алга гэдгийг улс орнуудад мэдэгдсэн. ДЭМБ-ын мэдээгээр, коронавируст халдварын цар тахал 216 улсыг хамарч, 5 сая гаруй хүн халдвар авсан бөгөөд 346 мянга гаруй амиа алдаад байна. Дэлхийн 60 орчим улс онц байдал зарлаж, 50 орчим улс хөл хорио тогтоогоод байна. Уг халдвар газарзүйн байрлал,  цаг агаарын нөхцөл байдлаас үл хамаарч, жилийн дөрвөн улиралд тархах эрсдэлтэй байна. Залуучууд халдвар авах тохиолдол нэмэгдэж байгаа нь хөл хориог үл тоон, нийгмийн харилцаанд орж байгаатай холбоотой.

ЭМЯ коронавируст халдварын эрсдэлийн үнэлгээг найм дахь удаагаа хийхэд Монгол Улс өндөр эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан тул тавдугаар сарын 31 хүртэл сунгасан хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгах санал гаргаж байна"

COVID-19 ДОТООДДОО АЛДААГҮЙ ТУСГААР ТОГТНОСОН ЦОР ГАНЦ УЛС БОЛЛОО

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Өнөөдрийн байдлаар 141 тохиолдлоос 121 нь ОХУ, Англиас 7, Солонгосоос 3, Польш, Швейцарь, Бангладеш улсаас тус тус 1 тохиолдол бүртгэгдсэн. Хоногт 150-200 эмч мэргэжилтэн тусгаарлалтад ажиллаж байна. Тусгаарлах байранд 1141 хүн байна. Гэрийн тусгаарлалтад байгаа иргэдтэй өрх, сумын эмч нар байнгын холбоотой ажиллаж, зөвлөгөө өгч байна. Гадаадад буй иргэдээс 13 нь эдгэрсэн байна. Шведэд эмчлүүлж байгаа нэг иргэний биеийн байдал нь дээрдэж байна. Бусад иргэдийн биеийн байдал хэвийн байна гэж мэдээлсэн.

Өнөөдрийн байдлаар хүн амын дунд Covid-19-ийн халдвар тархаагүй гурван улс байна. Үүнээс Монгол Улс хүн амын дундаа Covid-19 алдаагүй цор ганц тусгаар тогтносон улс боллоо. Хоёр нь арлын улс байна.

Covid-19-ийн шинжилгээг Зооноз өвчин судлалын төв, ХӨСҮТ, Дархан-Уул аймагт хийж байгаа бол цаашид ЭХЭМҮТ, Ховд аймаг зэрэг зургаан газарт хийх боломжтой. Нөхцөл байдал цаг тутамд өөрчлөгдөж байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай байна.  Цаашид хийх шаардлагатай ажлыг дурдая

  • Эхний ээлжинд эрүүл мэндийн ажилтнуудыг орон сууцад оруулах
  • Халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлэх. Тухайлбал, хүн амын нэг хувь буюу 32 мянга гаруй хүн халдварт өртөнө гэж тооцоолж, эмийн нөөцийг 30 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нөөцлөх. Эмнэлгийн хэрэгсэлд 182 сая төгрөг, хувийн хамгаалах хэрэгсэл буюу N95 маскад 37.7 тэрбум төгрөг зарцуулах зэргээр санхүүжилтийг шийдэж өгөх
  • Түлэнхийн төвийг яаралтай ашиглалтад оруулах хүсэлтэй байна.

Эдгээр зүйлийг бэлдсэн тохиолдолд хүн амын дунд  Covid-19-ийн халдвар тархахад бид эрсдэл багатай даван туулах боломжтой.

Э.Уранцэцэг


Улсын онцгой комисс өнөөдөр /2020.05.25/ өргөтгөсөн байдлаар хуралдана. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоно.

УОК-ын ээлжит хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд авсан хөл хорионы хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ. Мөн энэ өдөр УОК байгуулагдсаны 30 жилийн ойн өдөр тохиож байна.

УОК 20 дахь удаагийн хуралдаанаараа хөл хориог тавдугаар сарын 31-нийг дуустал сунгасан билээ. Ингэснээр  олон улсын нислэгүүд мөн нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, кино театр, үзвэр үйлчилгээнүүдийн үйл ажиллагааг түр хаагаад байгаа билээ.

Ш.Адъяамаа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
108
ЗөвЗөв
90
ТэнэглэлТэнэглэл
18
БурууБуруу
16
ХарамсалтайХарамсалтай
8
ХөөрхөнХөөрхөн
5
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж