УИX -ын гишүүн Д.Батцогттой ярилцлаа.
-УИХ-ын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл орж ирсэн. Шинэ хуулийн төслийн талаар танилцуулахгүй юу?
-Засгийн газраас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2015 оны зургадугаар сарын 15-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-ын гишүүн А.Тлейханаар ахлуулсан ажлын хэсэг таван удаа хуралдаж, зарчмын зөрүүтэй 52, найруулгын чанартай 51 саналыг гаргаж, Байнгын хорооны хуралдааны анхны хэлэлцүүлэгт оруулсан. Харин өнгөрсөн долоо хоногийн УИХ- ын нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр тус Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томъёолол харьцангуй олон байсан тул уг хуулийн төслийг дахин боловсруулж, УИХ-д өргөн барихаар Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж үзээд байгаа.
Манай байнгын хороо Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг улам илүү боловсронгүй болгох хүрээнд 1999 оны хуульд тусгагдсан нийгмийн баталгааг дордуулахгүй байх үндсэн зарчмыг баримталсан юм. Мөн нийгмийн түншлэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг гурван талт бүтцийн харилцааг салбарын болон орон нутгийн түвшинд идэвхжүүлэх, хөдөлмөрийн харилцааны шинэ эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар онцгой анхааран ажиллалаа.
-Шинэчилсэн өөрчлөлтөөр ямар, ямар зүйл, заалт шинээр нэмэгдэж байгаа вэ?
-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг зохицуулахдаа хөдөлмөрийн гэрээг хугацаагүй, хугацаатай, контракт, ажиллах хүч нийлүүлэх гэрээ, бүрэн бус цаг, зайнаас ажиллах, иргэд хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэсэн шинэ зохицуулалтыг хийхээр тусгасан. Хугацаатай гэрээг дагалдангаар ажиллуулах, улирлын ажил, ажлын байр нь хадгалагдсан ажилтны оронд түр ажиллуулах, түр ажил үүрэг гүйцэтгүүлэх, туршилтаар ажиллуулахад байгуулахаар зохицууллаа. Ажлын цагийг ажлын найман цаг, бүрэн цаг, ажлын уян хатан цаг, жасаа, ажлын цаг нэгтгэн бодох журам, дуудлагын цаг, богиносгосон цаг гэж нарийвчилж өгсөн.
-Өмнөх хуулиар ажилтнаа халсан байгууллага гэнэт халагдсаны мөнгө гэж өгдөг байсан. Энэ заалт шинэ хуулиар өөрчлөгдөж байгаа юу?
-Шинэ хуулийн төсөлд аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан эсвэл орон тоо цөөрсөн, ажил мэргэжил, мэргэшлийн түвшин, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болсон нь тогтоогдож ажил олгогч Хөдөлмөрийн гэрээгээ цуцалбал Нийгмийн даатгалын сангаас нэг удаагийн тэтгэмж олгохоор тусгасан. Мөн ажилтан эрүүл мэндийн хувьд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нь эрх бүхий байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, түүнийг шилжүүлэн ажиллуулах өөр ажлын байр байхгүй гэх үндэслэлтэй бол ажилгүйдлийн тэтгэмж авч байгаагаас үл хамааран нэг удаагийн тэтгэмж авах юм.
-Нэг удаагийн тэтгэмжээр хэдэн төгрөг авдаг юм бэ?
-Тухайлбал, зургаан сараас нэг жил хүртэл ажилласан бол ажилтанд нэг ба түүнээс дээш сарын, 1-5 хүртэл жил ажилласан бол хоёр ба түүнээс дээш сарын, тав ба түүнээс дээш жил ажилласан бол гурав ба түүнээс дээш сарын дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгохоор оруулсан. Гэхдээ миний ярьж буй хуулийн төсөлд тусгагдсан дээрх зохицуулалтыг Засгийн газар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дахин УИХ-д өргөн мэдүүлэхдээ хэрхэн өөрчлөхийг сайн мэдэхгүй байна. Төслийг илүү боловсронгуй болгож, УИХ-д дахин өргөн мэдүүлэх нь зүйтэй гэсэн шаардлагыг хууль санаачлагчид өгөхөөр яригдаж байгаа.
-Шинэ хуулийн төсөлд амралтын хоногийг өөрчилж байгаа заалт орсон гэсэн, Шинээр ажилд орсон хүн олон ажил ажилласан ажилтантай адил хугацаанд амардаг болж байгаа юм уу?
-Ажилтны ээлжийн амралтын талаар ажил олгогчдоос болон МҮЭ- ийн байгууллагаас ээлжийн амралттай холбоотой маш олон санал хүсэлт ирүүлсэн. Тийм учраас ажлын хэсгийн гишүүд харилцан ярилцаад 1999 оны Хөдөлмөрийн тухай хууль дахь ээлжийн амралт, түүний хугацааг хуучин хэвээр нь байлгах зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, ажилтны ээлжийн амралтын үндсэн хугацаа нь ажлын 15 өдөр байхаар түүний ажилласан хугацааг харгалзан үндсэн амралт дээр ажлын 3-14 өдөр нэмж амрахаар тусгасан. Харин хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан нийт жилийг харгалзан ажлын 5-18 буюу түүнээс дээш өдрийн нэмэгдэл амралтыг олгохоор төсөлд оруулаад байна.
-Ижил мэргэжилтэй хүн ижил цалин авдаг болно гэсэн. Тэгэхээр олон жилийн туршлагыг үнэлэхгүй гэсэн үү. Анх ажилд орж ирж байгаа хүн, 10 жил ажилласан мэргэжилтэнтэй ижил цалин авах уу?
-Ажилтны үндсэн цалинг тогтоохдоо ажил олгогч үндсэн цалингийн сүлжээг ажлын байрын ангилал, зэрэглэл, ажилтны мэргэшлийн зэрэгт үндэслэн цагаар болон хийснээр албан тушаалын цалин хэлбэрээр ялгаатай боловсруулж мөрдөнө. Аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд цалин хөлсийг хамтын гэрээгээр, салбар, үйлдвэрлэл, мэргэжлийн түвшинд ажил олгогч болон ажилтны төлөөллийн байгууллага харилцан тохиролцож хамтын гэрээгээр зохицуулж болохоор тусгасан. Цалин хөлсийг тогтоохдоо хэд, хэдэн зарчим баримталъя гэж тогтсон юм.
Нэгдүгээрт, адил үнэ цэнтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа ажилтны үндсэн цалингийн хэмжээг ижил тогтоох. Хоёрдугаарт, цалин хөлсний худалдан авах чадварыг хадгалах. Гуравдугаарт, цалин хөлсийг ажилтны ур чадварын түвшин, үр ашиг, хөдөлмөрийн бүтээмжтэй уялдуулах. Дөрөвдүгээрт, ил тод ойлгомжтой байх. Тавдугаарт, ялгаварлан гадуурхалтаас ангид байх зохицуулалтыг хийж өгсөн. Ерөнхийдөө цалин хөлсийг хөдөлмөрийн гэрээгээр талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр цаг, өдөр, долоо хоногоор тооцож олгох боломжтой.
-Албан байгууллагуудад шинээр ажилд орж байгаа хүмүүсийг туршилтын хугацаатай ажиллуулдаг нь анзаарагддаг. Энэ хугацаанд цалингаа бүрэн өгдөггүй. Үүнийг хуулиар зохицуулж болох уу?
-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 30 дугаар зүйлд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд туршилтын хугацаа хэрэглэх талаар оруулж өгсөн. Туршилтын хугацаа зургаан сараас дээшгүй байх бөгөөд талууд хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл болон цалин хөлсийг хэрхэн олгох талаар харилцан тохиролцоно. Хөдөлмөрийн харилцаанд энэ хуульд заасан шударга бус үйлдэл, эс үйлдэл гаргасан бол ажил олгогч, тэдгээрийн төлөөлөгчид, үйлдвэрчний эвлэл, ажилтны төлөөлөгчдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр шүүгч торгохоор хуулийн төсөлд тусгасан байсан.
Хэдийгээр энэ хуулийн төсөлд хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын асуудлыг ингэж тусгасан боловч УИХ Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг баталсантай холбогдуулан бусад хуулиуд дахь хариуцлага хүлээлгэх заалтууд ирэх оны есдүгээр сарын 1-нийг хүртэл хүчин төгөлдөр байхаар болсон. Иймээс шинээр батлагдах Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын асуудлыг Эрүүгийн, Иргэний болон Зөрчлийн тухай хуулиар тус, тус зохицуулахаар Засгийн газар өргөн мэдүүлэх болно.
ЭХ СУРВАЛЖ: "ӨДРИЙН СОНИН"