Нефть, байгалийн хий Хятад, Оросыг ойртуулав

Хуучирсан мэдээ: 2020.05.25-нд нийтлэгдсэн

Нефть, байгалийн хий Хятад, Оросыг ойртуулав

Нефть, байгалийн хий Хятад, Оросыг ойртуулав

Covid-19 цар тахал газрын тосны салбарт өмнө нь байгаагүй шокийг авчирлаа. Зах зээл дэх газрын тосны хэт нийлүүлэлт дээр хөл хорионоос үүдэлтэй хэрэглээ буурснаар түүхий нефтийн ханш үнэгүйдсэн юм. Энэ нь ОХУ-ын хувьд ч өмнө нь тулгарч байгаагүй сорилт болжээ. Улмаар ОХУ нь газрын тос экспортлогч орнуудын бүлэгтэй (OPEC+) олборлолтоо 10 сая баррель танахаар хэлэлцээрээ шинэчилсэн юм. Энэхүү гэрээ нь газрын тосны үнэд бага зэрэг нөлөөлсөн. ОХУ-ын эдийн засаг газрын тосны зах зээлээс нэлээд хамааралтай. Улмаар газрын тосны хямрал нь ОХУ-ын эдийн засгийг Хятадаас улам бүр хамааралтай болгосоор байна.

Эдийн засагчдын тооцоолсноор газрын тосны олборлолтыг танаж, үнэ нь унаснаас ОХУ-ын нефтийн фирмүүдийн орлого 18-20 тэрбум ам.доллароор буурч, улсын төсөв 50 тэрбум ам.доллараар дутах тооцоо гарчээ. ОХУ нь тавдугаар сарын 8-ны байдлаар 562 тэрбум ам.долларын валютын нөөцтэй бөгөөд өрийн хэмжээг 55-62 тэрбум ам.долларт хүргэж хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. ОХУ-ын газрын тос, байгалийн хийн экспортын хамаарал 2014 оноос хойш бага зэрэг л өөрчлөгдсөн. Петро-доллар, петро-еврогийн орлого нь төсөв, рублийн ханшийг тогтвортой байлгах, эдийн засгийг өсгөх чухал хүчин зүйл хэвээр байна. Харамсалтай нь, ОХУ нь цаашид ам.долларын зарцуулалтаа хянах шаардлагатай тулгарч байна. Түүхий нефтийн ханш өнгөрсөн онд баррель нь 64 ам.доллар байхад ОХУ нь газрын тос болон нефтийн бүтээгдэхүүний экспортоос 188 тэрбум ам.долларыг олжээ. Гэтэл газрын тосны ханш баррель нь 40 ам.долларт хүрч унаснаар орлого нь 125 тэрбум ам.долларт хүрч буурсан байна.

Коронавирусийн халдвараас үүдсэн эдийн засгийн хямралын эсрэг ОХУ-ын засгийн газраас зарласан хоёр багц нь Дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь (ДНБ) 2.8 хувьтай тэнцэж байна. Харин гурав дахь 800 тэрбум рублийн багц нь өнгөрсөн долоо хоногт зарлагдсан ба ажлын байраа хадгалсан компаниудыг татвараас чөлөөлөх, бага насны хүүхэдтэй хувиараа бизнес эрхлэгчдэд бэлэн мөнгө тараах зэрэгт зориулагджээ. Энэ бол амин шаардлага болохоос урамшуулал биш юм. Олныг хамарсан дампуурал, эдийн засгийн гүн хямралаас  сэргийлэн ОХУ нь хөл хориогоо цуцлах бодлого баримталжээ. Зах зээл дээр газрын тос, байгалийн хийн үнэ сэргэснээр л зарлагагүйгээр урамшуулал олгох боломжтой. Гэвч үүний тулд олон улсын эдийн засаг сэргэх шаардлагатай.

Оросын удаан үргэлжилж буй Азид тэлэх бодлогын ачаар Европын газрын тос, байгалийн хийн хэрэглээний хамаарлыг бага зэрэг бууруулсан. Гэхдээ энэ нь бүрэн дуусаагүй. ОХУ-ын 2019 онд өдөрт үйлдвэрлэсэн 5,4 сая баррелийн гуравны хоёрыг европчууд хэрэглэжээ. ОХУ нь өнгөрсөн онд ойролцоогоор 2019 тэрбум метр байгалийн хийг экспортолсны 80 хувь нь Европ руу нийлүүлэгджээ. Оросын газрын тос, байгалийн хийн орлого  нь өнгөрсөн онд 160 тэрбум ам.доллар болсон ба нийт гадаад худалдааны дүнтэй (164 тэрбум ам.доллар) бараг тэнцэж байна. Иймээс Европын эрчим хүчний эрэлт нь ОХУ-ын макро-эдийн засгийн бодлогын төв юм.

Газрын тос, байгалийн хийн салбарт шинэчлэлт явуулж чадаагүйгээс сүүлийн 10 жилд ОХУ-ын эрчим хүчний харилцаа Хятадтай улам ойртжээ. Хятадын газрын тосны эрэлт 2008 оноос хойш өссөөр 10 жилийн дотор Европын холбоог гүйцэж, өдөрт 14 сая баррельд хүрсэн юм. Хятадын газрын тосны импорт нэмэгдсээр өнгөрсөн онд өдөрт 10 сая баррельд хүрснээр ОХУ нь Бээжингийн хамгийн том нийлүүлэгч болжээ. ОХУ-ын Хятад руу нийлүүлсэн байгалийн хийн экспортын дүн 2019 онд нийтдээ 45-50 тэрбум ам.долларт хүрсэн байна. Цаашид энэ нь “Сибирийн хүч” байгалийн хийн хоолой ашиглалтад орсноор өсөх хандлагатай байна. Үүний зэрэгцээ Хятад нь газрын тосны импортын хамаарлыг бууруулахын тулд олборлолтод зарцуулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлжээ. Ингэснээр импортын хамаарлыг 20 хувь бууруулахаар тооцсон байна. Мэдээж энэ нь Оросын экспортын орлогод дарамт болно.

Эх сурвалж: Diplomat

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж