Р.Амаржаргал: ТТ-г дараагийн УИХ-д шилжүүлж болно

Хуучирсан мэдээ: 2015.12.16-нд нийтлэгдсэн

Р.Амаржаргал: ТТ-г дараагийн УИХ-д шилжүүлж болно

УИХ-ын гишүүн Р.Амаржаргалтай Тавантолгой төсөл, мөн намын гишүүддээ хандаж бичсэн захидлынх нь талаар ярилцлаа.

 

 

-УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын боловсруулсан Тавантолгойн ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж 40 гишүүн гарын үсэг зурсны нэг нь та. Дэмжсэн үндэслэл нь яг юу вэ. Төсөлд туссан заалтуудыг харахаар амаргүй нөхцөл шаардаж байгаа. Жишээ нь, төмөр замын суурь бүтцийн 51 хүртэл хувь, Тавантолгой ордын 51 хүртэл хувиа төр эзэмшье гэх. Эдийн засаг хямарчихсан үед төр эзэмшил хувьдаа хөрөнгө гаргах боломж байхгүй. Үүний оронд гэрээ байгуулах компани нь хөрөнгөө 100 хувь гаргаад төр татвараа аваад явах нь зөв хувилбар биш үү?

 

-Өөрийн чинь хэлээд байгаа Тавантолгойн ордоо 100 хувь хөрөнгө оруулагчид өгчихье, улс хэдэн төрлийн татвар байдаг юм түүнийгээ авъя гэдэг санаа бол нэг хувилбар нь. Байж болох хувилбар. Гэхдээ сүүлийн хэдэн жил өрнөсөн үйл явдлыг харахаар Тавантолгой ордыг нэг компани хөдөлгөж явуулах боломжгүй байгаа. Гайхамшигтай шийдэл олсон ч явуулж чадахгүй. Бусад нь хүлээн зөвшөөрөхгүй. Яасан гэж нэг компани онцгой эрх эдэлдэг юм, бусад нь заавал оролцох ёстой гэсэн байр сууринаас хандаж гацааж ирсэн. Ийм тохиолдолд шийдэл хэрэгтэй. Тэгэхээр дундын хувилбар л олох ёстой юм шиг байгаа юм. Тэр нь төрийн төлөөлөл байна. “Эрдэнэс Тавантолгой” компани нь ард иргэдэд ногдож байгаа 1072 ширхэг хувьцааг төлөөлж оролцох юм гэсэн энэ хувилбар зөв юм болов уу. Би энийг төгс төгөлдөр хувилбар гэж хэлж байгаа юм биш. Гэхдээ л дундын хувилбар олохыг оролдсон учраас дэмжсэн. Олон нийт санаа оноогоо дэвшүүлээд явж байна, зөв шийдэл гарна л гэж бодож байна.

 

Цагийн юмыг цагт нь хийж чадаагүй, үнэ хүргэж чадаагүйн зовлонг бид одоо үүрч байна. Гэхдээ энэ бас хамаг юм зогсоод, Монголын нүүрс ямар ч ирээдүйгүй, ач холбогдолгүй болж хоосон хоцорлоо гэж сандрах хэрэггүй. Нүүрсээ дахин боловсруулах, баяжуулах, бусад нүүрстэй хольж нефть химийн үйлдвэр байгуулах. Орчин үеийн техник технологид тулгуурласан шингэн түлш гаргаж ирэх юм бол хүрэн нүүрс гэдэг юм уу, металлургын төмөрлөгийн коксжсон нүүрс гэснээс илүү чанартай нүүрс дараагийн шатандаа гараад ирэх бололцоо бий. Тэрийг ч бас бид давхар бодох ёстой.

 

Ерөнхий баримталж байгаа зарчим маань бол уул уурхай Монгол Улсыг хөгжүүлэх ёстой, Монголд хөгжил дэвшил авчрах учиртай. Тэрнээс Монголыг хагаралдуулах, бутаргах, улс хооронд асуудал үүсгэж болохгүй. Хэрвээ эрх барьж байгаа хүмүүс өнөөдөр шийдэл олж чадахгүй байгаа бол дараагийн долоо хоног руу, дараагийн сар руу, дараагийн жил рүү, дараагийн парламент руу шилжүүлж болох шүү дээ.

 

-УИХ тодорхой шийдвэр гаргаж чадахгүй явснаас Тавантолгойн нүүрс өнөөдөр үнэгүйдчихлээ. Хугацаа алдах нь илүү хохиролтой тусахгүй юу?

 

Мэдээж цаг тухайд нь шийдвэрээ гаргасан бол ашигтай байсан. Ялангуяа нүүрсний супер циклийн үед нэг тонн нь 200 ам.доллар хүрч байсан тэр үед ашиглалтад оруулсан бол ашигтай л тусах байсан. Өнөөдөр зах зээлийнх нь үнэ ханш уначихлаа.

 

Дээр нь уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахины анхаарал татах асуудал болж хувирлаа. Парист өнгөрсөн арваннэгдүгээр сард улс орнуудын удирдагчид оролцсон чуулга уулзалт болж, дээрх асуудалтай холбоотойгоор эцсийн баримт бичгээ баталлаа. Түүгээр бол сэргээгдэх эрчим хүч рүү илүү анхааръя, нүүрснээсээ татгалзъя гэдэг байр суурь барьж эхэллээ. АНУ, Европ нүүрснээс татгалзчихлаа. Өмнөд хөрш хараахан татгалзаж чадахгүй байгаа ч аажмаар нүүрсний хэрэглээгээ багасгахаа мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, цагийн юмыг цагт нь хийж чадаагүй, үнэ хүргэж чадаагүйн зовлонг бид одоо үүрч байна. Гэхдээ энэ бас хамаг юм зогсоод, Монголын нүүрс ямар ч ирээдүйгүй, ач холбогдолгүй болж хоосон хоцорлоо гэж сандрах хэрэггүй. Нүүрсээ дахин боловсруулах, баяжуулах, бусад нүүрстэй хольж нефть химийн үйлдвэр байгуулах. Орчин үеийн техник технологид тулгуурласан шингэн түлш гаргаж ирэх юм бол хүрэн нүүрс гэдэг юм уу, металлургын төмөрлөгийн коксжсон нүүрс гэснээс илүү чанартай нүүрс дараагийн шатандаа гараад ирэх бололцоо бий. Тэрийг ч бас бид давхар бодох ёстой. Энэ удаа түр зуур хойшилсон нь илүү дэвшилттэй хувилбар луу орох үүд хаалга нээж өгч байгаа ч юм билүү, хэн мэдлээ.

 

-Тавантолгой ордыг ашиглах тогтоолын төслөөр Засгийн газраас санал авах хугацаа өнгөрчхөөд байдаг. Хариуг нь өгөхгүй байх шиг?

 

Процедурын хувьд Засгийн газар заавал хариу өгөх ёстой. Яамдаас санал авах хэмжээнд яваа юм болов уу. Өгөхгүй бол төсөл санаачлагч хуулийн төслөө УИХ-д өргөн барих боломж нь нээлттэй.

 

-МАН-ынхан “Чалко”-той байгуулсан гэрээг Шинэчлэлийн Засгийн газрын үед цуцалснаас болж, Тавантолгойн нүүрсийг үнэгүйдүүллээ. Эдийн засаг хямарсан үед ч нүүрсний үнэ буухааргүй тогтвортой маш сайн гэрээ байгуулсан байсан. Ардчилсан намынхнаас боллоо” гэх нь бий?

 

-Би тэгж бодохгүй байна. Хэрвээ ашигтай гэрээ байгуулсан бол ямар ч эргүү хүн очоод алдагдалтай болгохгүй шүү дээ. Ашигтай гэрээ ашигтайгаар л үлдэнэ. Тухайн үед байгуулсан гэрээ нь дутуу дулимаг, цаг хугацаанд шахагдсан, хязгаартай байсан болов уу. Тодорхой хэмжээний урьдчилгаа авсан байсан. Тэр бүхэн давхцаад дахиад гэрээний нөхцлийг эргэж харах нөхцөл үүссэн. Хэрвээ би андуураагүй бол “Чалко” компанитай гэрээ байгуулахдаа нэлээд их хэмжээний мөнгө урьдчилж аваад түүнийгээ ард иргэдэд тараагаад өгчихсөн. Сонгуульд ялах зорилгоор хүүтэй авсан урьдчилгааг бэлнээр тараасан ч зорилгоо биелүүлж чадалгүй эдийн засагт их хүнд ачаа болохоор өр л үлдээсэн. Тэр өрийг дахиж хэлэлцэх, өөрчлөх шинэчлэх хувилбар луу оруулах чиглэлээр ажилласан ч хүссэн хэмжээнд үр дүн нь гарахгүй л байна.

 

-Арванхоёрдугаар сарын 6-нд таван нам нэгдэж, Ардчилсан намыг байгуулсан баярын өдөр тохиосон. Тэр өдөр та “Ардчилсан нам хэдхэн хүний компани болж хувирлаа, цэвэрлэгээ хийх цаг нь болсон” гэсэн захидал бичсэн нь нэлээн шуугиан тариад намжиж байна. Энэ үед олон хүн “Р.Амаржаргал гишүүн УИХ-д байх ёстой хүний нэг. Намын даргынхаа үйл ажиллагааг эсэргүүцсэнээс болоод 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж чадахгүй болчихвол яана вэ” гэж их эмээсэн. Та намын даргаасаа айхгүй байна уу. Сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ намын дарга л мэднэ?

 

-Хэ хэ, арай ч тийм юм болохгүй байлгүй дээ. Захиа бичсэн учир шалтгаан бол угаасаа нам дотор болж байгаа үйл явдлыг би өөрийнхөө нүдээр л харж бичсэн. Шийдэл нь ийм юм байх юм гэсэн. Ерөнхий утгаар нь аваад үзэх юм бол намын үйл ажиллагааг яаж сайжруулах вэ, яаж чанарын шинэ шатанд гаргах вэ гэдэг асуудал л байгаа. Хоёрдугаарт, тэр захидал дээр бичсэн Ардчилсан нам гэдэг үгийг МАН болгочихвол тус намынханд ч хамааралтай л болно. Гэхдээ хүний намыг шүүмжлээд байлтай нь биш, өөрийнхөө намын болохгүй байгаа юмыг л гаргаж тавьсан. Түүнд аймшигтай зүйл байхгүй. Намаа шинэчилж, шинэ шатанд гаргах хүсэл эрмэлзлээр л бичсэн захиа. Сайн ч бай, муу ч бай, энэ намыг байгуулахад гардан оролцсон хүн нь би. Тухайн үедээ хамгийн том намыг даргалж байсан. Миний дэмжлэг байгаагүй бол явахгүй л байсан.

 

Гуравдугаарт, намын үйл ажиллагааг цааш нь авч явахын тулд юу хэрэгтэй вэ гэдгийг бид анхаарах ёстой. Яагаад гэвэл өнөөдрийн улс төрийн намууд байх ёстой шугамдаа байж чадаж байна уу, үгүй юу. Ард иргэд аль ч улс төрийн намуудад итгэхээ байлаа, сэтгэл маш дундуур болсон. Нам дагасан хэсэг хүмүүс л шуугиад байгаа болохоос биш жирийн ард иргэд ам их муутай болсон.

 

Намын гишүүн байхаас өөр ажил хийж мэддэггүй давхарга бий боллоо. “Хэн бэ” гэхээр “Намын гишүүн” л гэдэг. Төр захиргааны ажил ч хийж мэддэггүй, бизнес ч эрхэлж мэддэггүй. Тэдэнд өөрийн гэсэн ашиг сонирхол л байдаг. Тэр эрх ашиг нь нэг хэсэгтээ улс орны эрх ашигтай давхцаж болно, нэг хэсэгтээ зөрөөд явах магадлал ч байгаа. Энэ асуудлыг би хөндөж тавьсан. Дөрөвдүгээрт, олон нийтийн дунд намын нэр хүндийг унагаж байгаа хүмүүс намаас сайн дураараа татгалзах хэрэгтэй. Хууль хяналтын байгууллагаар шалгуулж нэр төрөө сэргээлгэсний дараа намдаа дахин элсэх боломжийг нь нээлттэй болго. Ардчилсан намын хүрээнд том, том өөрчлөлтийг хийж өөрөө үлгэрлэж явахгүй бол болохоо байчихлаа шүү гэсэн хэдэн санаа л илэрхийлсэн.

 

-Дайвар хүмүүсээс намаа цэвэрлэвэл яасан юм бэ гэсэн санаа захидалд туссан байсан. Энэ нь өөр намаас Ардчилсан намд элсэж орж ирсэн хүмүүсийг хэлээд байна уу?

 

-Зөвхөн өөр намаас орж ирсэн гишүүдийг хэлээд байгаа юм биш. Замд дайгдаж орж ирж байгаа хүмүүс байна шүү дээ. Угаасаа бид ямар үнэлэмжтэй юм, анх бид юун дээр нэгдсэн юм. Нэгтгэж нийлүүлсэн ямар философи байсан юм. Түүнийгээ эргээд нэг харчихъя. Магадгүй нэг хэсэг нь төөрөөд явчихсан байж болно, нэг хэсэг нь тэр зарчим дээрээ тууштай зогсож байж болно. Янз янзын л нөхцөл байдалд байж болно. Гэхдээ ямар ч байсан цөмөөрөө цагаа тохируулъя, чиний цаг хэд болж байна, хэдэн минутаар түрүүлж яваа юм, хэдэн минутаар хоцорч яваа юм. Цөмөөрөө нэг цагаар явж байна уу, үгүй юу гэдгээ харъя гэдэг санааг л хэлсэн.

 

Шаардлагатай бол намын үзэл баримтлал, ерөнхий философи стратегийн шинж чанартай зүйлүүдээ эргэж харж болно. Тэр бүгд дээрээ нэгдүгээрт төвлөрье. Хоёрдугаарт, нэгдсэн байр сууриа тодорхойлоод авч чадах юм бол хамт байх хүмүүс нь хамтдаа цаашаа явъя. “Байхгүй ээ, болохгүй байна аа, би та бүхнээс өөр үзэл бодолтой” гэж үзэж байгаа нь замаа бодоод яваг л дээ. Хүчээр байлгах шаардлагагүй шүү дээ. Зарим нэг нь төөрөөд ороод ирсэн байж болно. Энэ бүхнээ цэгцэлье л гэсэн юм.

 

-Танд намын удирдлагын зүгээс шахалт дарамт ирсэн үү?

 

-Үгүй, үгүй, надад тийм шахалт дарамт ирээгүй. Харин ч манай намын удирдлага “Юу нь буруу байгаа юм, зөв зүйтэй асуудал хөндсөн байна” гэж хэлсэн. Намын даргын зүгээс “Наад хөндөөд байгаа асуудлыг чинь би ойлгож байна. Дэвшүүлсэн санаанд чинь тулгуурлаад Үндэсний зөвлөлдөх хороондоо өөрчлөлт оруулъя, дараа дараагийн алхмуудаа хийе. Сонгуулийн өмнө намаа нэлээн шинэчилж орох нь зөв юм шүү” гэдэг байр суурь илэрхийлж байна лээ. Би их олзуурхаж байгаа.

 

Намын анхан, дунд шатны гишүүд маань маш их дэмжсэн.

 

Надад харамсах юм алга. Амаржаргал нэг асуудал гаргаад тавьж байгаа нь тухайн цаг үедээ анхаарал хандуулах ёстой асуудлууд энэ байна л гэж хэлж байгаа юм. Хэрвээ би эдийн засгийн тухай ярьж байгаа бол энэ асуудалд онцгой анхаараач гэсэн санаа. Ялангуяа өнөөгийн эдийн засгийн бэрхшээлтэй холбоотой асуудал нь нарийн ярих юм бол 2012 оноос өмнөх юм. Бид түүнийг нь нэлээн гүнзгийрүүлсэн юм бий.

 

-Ардчилсан намын дарга Бодлогын зөвлөл байгуулах шийдвэрийг гаргасан. Та дэмжиж байгаа юу. Зарим гишүүн “Энэ мэдээг сонсоод оймстой хөл минь гуталдаа багтахгүй боллоо” гэж бачимдах юм билээ?

 

-Тэр бол шинэ хэлбэр. Тийм хэлбэрээр намаа цааш нь авч явъя гэж байна. Байгуулаад үзье, яагаад болохгүй гэж…

 

-Жилийн өмнө таныг Ерөнхий сайдад нэр дэвшиж байх үетэй харьцуулахад эдийн засаг улам муудлаа. Та Ерөнхий сайд болоогүйдээ харамсаж байна уу. Эрх мэдэл нь байсан болоосой ийм арга хэмжээ авах байсан юм гэж бодогдох үе гардаг уу. Үе үе та чухал асуудал хөндөж бичдэг?

 

-Чи анх тохирсон асуудлаасаа халиад өөр асуулт тавиад эхэлчихлээ.

 

-Тийм ээ, би боломжийг ашиглахыг л хичээж байна?

 

-Надад харамсах юм алга. Амаржаргал нэг асуудал гаргаад тавьж байгаа нь тухайн цаг үедээ анхаарал хандуулах ёстой асуудлууд энэ байна л гэж хэлж байгаа юм. Хэрвээ би эдийн засгийн тухай ярьж байгаа бол энэ асуудалд онцгой анхаараач гэсэн санаа. Ялангуяа өнөөгийн эдийн засгийн бэрхшээлтэй холбоотой асуудал нь нарийн ярих юм бол 2012 оноос өмнөх юм. Бид түүнийг нь нэлээн гүнзгийрүүлсэн юм бий. Ялангуяа 2013 оны төсвийг батлахдаа холион бантан хутгасан. 2014, 2015, 2016 оны улсын нэгдсэн төсөв эдийн засгийн амьдралыг сайжруулах биш улам хүндрүүлсэн, макро эдийн засгийн орчныг хүнд байдалд оруулсан төсөв болсон. Тэр бүгдийг асуудал болгон тавьж ирсэн. Тэрийг шийдэл олоод, олсон шийдлээ хэрэгжүүлээд боловсон хүчнээ сонгоод аваад явах нь намын мэдлийн асуудал, хамт олны мэдлийн асуудал байсан. Тухайн үедээ “Р.Амаржаргал аа чи хэрэггүй юм аа” гэж үзсэн. Сонголтод нь би эмзэглэдэггүй, эмзэглэдэг нас өнгөрсөн, тийм юм тоохоо больсон шүү дээ. Өөр хувилбар байсан уу гэвэл байсан. Өөр шийдэл байсан уу гэвэл байсан. Гэхдээ би энэнтэй холбоотойгоор бас нэг зүйл хэлэхэд Ерөнхий сайд хөөрхий өгөгдсөн өгөгдлийнхөө хүрээнд чадлынхаа хэрээр л зүтгэж байна шүү дээ. Болж байгаа, болохгүй байгаа нь 30 дугаар асуудал. Ямар ч байсан зүтгэж л байна. Чадаж байгаа бол сайн, чадахгүй бол чадахгүй байна гэдгээ хэлэх л ёстой л доо.

 

-УИХ-аар 2016 оны төсөв хэлэлцэх үеэр та “Хүн рүү ороод байх юм. Бусдыг ажилгүй болгохоо урьтал болгохоор банкныхантай тулж ажилла. Засгийн газрын бондоос хүү саагаад сууж байна гэж шүүмжилсэн. Таны энэ санал ажил хэрэг болж чадсан уу?

 

-Би тэрийг ямар утгаар хэлсэн бэ гэхээр “Төсөв хүнд байна гэж ярьчхаад, тэр хүндийг ард түмэнд үүрүүлэх гээд байгаа чинь ямар учиртай юм бэ.

 

Ард түмнийхээ нуруунд хүнд хэцүүг үүрүүлж, олон түмнийг бужигнуулж, төрийн албыг бужигнуулж төсөв баталж байгаа чинь буруу. Хөрөнгө мөнгөтэй хүндээ үүрүүлэх ёстой ачааг нь үүрүүл. Тэгвэл шударга болно л гэсэн. .Харамсалтай нь, миний үгийг аваагүй л дээ. 2016 оны төсвийн хуулийг аваад унших юм бол Монголын олигархууд гэж нэрлэгдээд байгаа, хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс дээр ямар ч ачаа ирэхгүй, ард иргэд дээр л бүх ачаа нь ирж байгаа.

 

-Эдийн засгийн хүндрэлээс гарах гарц шийдлийг та яаж харж байна вэ?

 

-Шийдэл нь өнөөдөр эдийн засгийн салбарт байгаа юм биш. Макро эдийн засгийн хувьд улсын төсвийн алдагдлыг тэдэн хувиар багасгана, мөнгөний нийлүүлэлтийг тэдэн хувиар нэмнэ, ажилгүйдлийг ингэнэ, зээлийн хүү, валютын нөөц дээр ингэнэ гэдэг энэ хүрээн дотор шийдэл байгаа юм биш. Маш ойлгомжтой байгаа асуудал. Шийдэл нь улс төрийн хүрээн дотор, тэр дундаа улс төрийн итгэлцлийн хүрээнд байна. Монгол Улсын Засгийн газар өнөөдөр дотоодын ч бай, гадаадын ч бай хөрөнгө оруулагчийн итгэл даах учиртай. Хараад итгэлийг нь хүлээсэн чадвартай байх ёстой. Энийг хэрэгжүүлж чадах юм бол эдийн засгийн хямралыг давж гарч чадна. Хэрвээ итгэл олж чадахгүй л бол мянган сайхан юм яриад, мянган сайхан юм донгодоод урагшаа огт хөдлөхгүй.

 

Г.ДАРЬ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж