Алтан үеийн алдарт жүжигчдийн нэг гэгддэг Цагааны Цэгмид агсны хүү болох Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар өнөө цагийн шилдэг уран бүтээлчдийн нэг билээ. Тэрбээр “Мөнх тэнгэрийн хүчин дор”-ын Жамуха, “Говь хянганд тулалдсан нь” киноны Цэдэнбал зэрэг олон сайхан дүрээрээ ард түмний сэтгэлд хоногшиж, 25-хан насандаа Төрийн шагнал хүртэж байсан уран бүтээлч.
Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар 2020 оны УИХ-ын сонгуульд Х.Бат-Ялалтын тэргүүлдэг “Сахигтун-19” эвслээс өрсөлдөхөөр болжээ. Тэрбээр 2016 онд МАХН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшээд дуучин С.Жавхланд ялагдсан удаатай.
Ц.Төмөрбаатар 1978 онд МУБИС-ийн Кино драмын анги, 1984 онд Москвагийн Кино урлагийн дээд курс, 1986-1988 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг жүжигчин, найруулагчийн мэргэжлээр тус тус төгсчээ.
Тэрбээр сургуулиа төгсөөд 1978-1997 онд Хүүхэд залуучуудын театрт жүжигчин байв. 1999-2000 онд КУДС-д багш, 2000-2002 онд Драмын театрт жүжигчин, 2002 оноос театр, хөгжмийн "Мюзик-Холл" дээд сургууль, 2010 оноос одоог хүртэл "ОУБТ Зохиомж" дээд сургуульд багшаар ажиллаж буй юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ