Дэлхийн ТОП-ууд Оюутолгойд итгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.12.16-нд нийтлэгдсэн

Дэлхийн ТОП-ууд Оюутолгойд итгэл үзүүлэв

Оюутолгой төслийн хоёр дахь шат буюу далд уурхайн үйл ажиллагааг сэргээх төслийн санхүүжилтийн гэрээг талууд өнөөдөр байгууллаа. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад нийт зургаан тэрбум ам.доллар шаардагдахаас 4.4 тэрбум ам.долларыг олон улсын банк, санхүүгийн 20 байгууллагаас 12-15 жилийн хугацаатайгаар зээлж байна. Тус зээлийн баталгааг  “Рио-Тинто” компани гаргаж, үлдсэн 1.6 тэрбум долларыг Оюутолгой компани дотоодоосоо босгохоор болсон юм. Зээлийн хүү нь Английн банк хоорондын захын суурь хүү буюу LIBOR+6 хувь байхаар тогтжээ. Анх 4.2 тэрбум ам.долларыг босгоно гэж байсан ч 4.4 тэрбум доллар болж өссөн байна. Үүний 0.3 тэрбум ам.доллар нь шимтгэл хураамж, татварт төлөгдөж, 4.1 тэрбум доллар нь “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилтэд зориулагдах юм. Харин Оюутолгой болон “Туркойз Хилл Ресурс”  компаниуд нь жил болгон  бүтээн байгуулалтад зарцуулсын санхүүжилтийнхээ 2.5 хувийг “Рио-Тинто” компанид өгөх юм байна. Үүний 1.9 хувийг “Оюу-Толгой”, 0.6 хувийг “Туркойз Хилл Ресурс”  компани гаргана.  Хамгийн гол нь дээрх далд уурхайн хөрөнгө оруулалт зээлд ямар нэгэн улс төр ороогүй, цэвэр бизнесийн төсөл болсныг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг онцлон хэллээ. Мөн дэлхийн хамгийн том арилжааны 15 банк, хөгжлийн таван банк, Рио Тинто Монгол Улсад зээл өглөө. Энэ бол монголчууд бизнестээ буцан ирсний том илрэл гэдгийг тэрбээр тодотгосон юм.

Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил ирэх оны эхний хагас жилд эхлэх төлөвлөгөөтэй байгааг Оюутолгой компаниас энэ үеэр мэдэгдлээ. Жилд нэг орчим тэрбум долларын бүтээн байгуулалт хийх далд уурхайн ажил 5-7 жил үргэлжилж, 2021 онд олборлолтыг эхлүүлэхээр тооцжээ. Өөрөөр хэлбэл, ийнхүү хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн Оюутолгойн далд уурхайн газрын гүнд агуулагдах  20 гаруй километр үргэлжлэх хүдрийн биетийг 2021 оноос эхлэн олборлож эхэлнэ.  Далд уурхайн бүтээн байгуулалт эхэлбэл 3000 гаруй хүн ажлын байраар хангагдана. Ингэхдээ өмнө нь тус уурхайд ажиллаж байсан залуу боловсон хүчнээ буцаан авах юм байна. Эхний ээлжид өнгөрсөн наймдугаар сараас өмнө нь ажиллаж  байсан 100 гаруй инженерийг ажилд нь эргүүлж авчээ.

Энэ жилийн хувьд дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ уналттай буй ч ирэх жилээс эргээд үнэ сэргэж, тогтворжих хандлагатай байгааг “Рио-Тинто” компанийн Зэс, нүүрсний группийн захирал Жан Себастьян Жак онцлон хэллээ. Мөн тэрбээр “Ийнхүү Оюутолгойн төсөлд дэлхийн топ 20 банк, санхүүгийн байгууллага урт хугацааны зээл олгосон нь Монгол Улсын эдийн засгийн, хөрөнгө оруулалтын эерэг орчныг бүрдүүлэх олон боломжийг дагуулж байна” гэж мэдэгдсэн юм. Нөгөө талдаа удаан хүлээгдсэн төслийн санхүүжилт шийдэгдсэн ч тодорхой хариултгүй олон асуудал байна. Тухайлбал ноогдол ашиг хуваарилах хугацаа. Дүрмээрээ зээлтэй компани ноогдол ашгаа хуваадаггүй. Энэ нь 2031 оноос Оюутолгойн хувьцаа эзэмшигчид ашгаа хувааж эхэлнэ гэсэн үг. Мөн “Рио-Тинто” компани зээлийг батлан даахдаа Оюутолгойн ордын гурван тусгай зөвшөөрөл буюу лицензийн нэгийг нь барьцаанд тавьсан гэдгээ “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал хүлээн зөвшөөрсөн юм. Гэхдээ яг ямар зориулалтын лиценз вэ гэдэг нь тодорхойгүй байна.

Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд жил бүр дунджаар 2-3 тэрбум ам.доллар Монголд орж ирэх боломжтой юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж