АРХАНГАЙ: МАН хуучнаа зүтгүүлж, АН сэлгээ хийв

Хуучирсан мэдээ: 2020.05.25-нд нийтлэгдсэн

АРХАНГАЙ: МАН хуучнаа зүтгүүлж, АН сэлгээ хийв

АРХАНГАЙ: МАН хуучнаа зүтгүүлж, АН сэлгээ хийв

"News" агентлаг 2020 оны сонгуулийн тойрог бүрийн нэр дэвшигчдийн талаарх мэдээллийг хүргэж эхэлж байна. Энэ удаад  сонгуулийн 1 дүгээр тойрог буюу Архангай аймгийг онцоллоо.


Архангай аймагт долоон улс төрийн нам, эвслээс 18 хүн гурван мандатын төлөө өрсөлдөнө. 2020 оны сонгууль томсгосон тойргоор явагдахаас гадна хөл хориотой хатуу зохион байгуулалт дор явагдах нь нэгэнт тодорхой болсон. Ийм үед хууцчуул болоод олон нийтэд танигдсан улстөрчдөд таатай байх боломж.

Үүнийг тооцоолж эрх баригч намын дарга Архангай руу хуучин багаа илгээв. Тодруулбал, 2016 оны УИХ-ын сонгуулиар тус аймагт Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нар сонгогдсон. Тэднийг 2020 оны сонгуульд дахин багаар нь сойв. Архангайн гурван гишүүн гурвуулаа хоёр дахь удаагаа улс төрд "нахиж" байна.

 МАН ХУУЧЧУУЛАА ИЛГЭЭВ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд Их сургуулиа төгсөнгүүтээ улс төрд хөл тавьж, УИХ-ын даргын ажлын албанаас эхлээд Ерөнхийлөгчийн Тамгын газрын референт хүртэл дэвшиж ажиллажээ. Тэрбээр 2013 онд МАН сөрөг хүчин байхад Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж, улс төрийн тэмцэл, жагсаал хийж өөрийгөө танилулсан гэж тодотгож болно. Төв талбайд давхар дээлийг эсэргүүцэж жагсаал хийж, санал тооллогын хар машиныг хүртэл шатааж явсан цөстэй эр. Удаах нь буюу 2016 оны сонгуулийн дараа МАН олонх болж цагтаа давхар дээлийг эсэргүүцэж явсан түүнд Засгийн газрын гал тогоог бариулж нэг жил давхар дээл өмсүүлсэн. Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч Ж.Мөнхбат ч ЗГХЭГ-ын даргын суудлаа өгч, хэсэгтээ гомдол тээсэн тэрбээр намын дарга У.Хүрэлсүх рүү хатуухан үг чулуудаж ч байсан удаатай.

Үе үе хэл аманд өртдөг түүний хувьд "Болор цом-29" наадмын дэд байрын шагналт бөгөөд чуулган, байнгын хороон дээр үг хэлэхдээ сүүл, толгой холбох нь энүүхэнд. Тэрбээр “Долоон бурхан харвадаггүй” уран сайхны киноны зохиолыг бичиж, сүүлд “Хүмүүн фильм” НҮТББ-тай хамтран Төр нийгмийн нэрт зүтгэлтэн маршал Ю.Цэдэнбалын туулж өнгөрүүлсэн амьдралыг харуулсан “Түүх мартахгүй” уран сайхны киног бүтээж 1.3 тэрбумыг төрөөс авсан гэсэн шүүмжлэлд өртөж тэгэсгээд л намжсан.  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг гурван тэрбум төгрөгийн өртөгтэй орон сууц худалдан авсан тухай мэдээлэл хэвлэлээр цацагдахад тэрбээр няцааж эхнэрийнхээ оёмол сүлжмэлийн компанийн тоног төхөөрөмжийг зарж мөн уран бүтээлийн орлогоосоо байр худалдан авсан хэмээн тайлбар хийж байв.

Ж.Мөнхбатыг казиночин, концессчин гэсэн тодотгол үргэлж дагадаг бөгөөд түүний талаарх мэдээлэл үүгээр дуусахгүй. “Бид уучлахгүй” ТББ-аас Ж.Мөнхбат нарын нэр бүхий гурван гишүүний үндэслэгүй хөрөнгөжсөн гэж мэдэгдэн УИХ дахь Ёс зүйн дэд хороогоор тус асуудлыг хэлэлцэхийг шаардсан билээ. Энэ шаардлагын дагуу Ёс зүйн дэд хороо хуралдсан ч, гишүүд үндэслэлгүй хөрөнгөжөөгүй, техникийн алдаа гаргасан гэсэн дүгнэлт гаргаад хаасан. Түүний хувьд тойрогтоо юу хийсэн талаар сонгогдчид нь илүүтэй дүгнэж, 2020 оны сонгуульд дахин гаргах эсэхийг шийдэх биз ээ.

МАН-ын дараагийн нэр дэвшигч болох БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгийн хувьд элдэв хэл аманд өртөөд байдаггүй даруухан улстөрч. Гэхдээ сүүлд Засгийн газрын гишүүнээр сонгогдсон азтай нэгэн. Одоогийн Засгийн газрын огцрохыг дэмжиж гарын үсгээ зурж явсан түүнийг сайд болгосон нь санаанд оромгүй тохиолдол байсан болов уу. Хорио дэглэмийн улмаас хичээл сургууль цахимаар явагдаж байгаа энэ үед сайд Ё.Баатарбилэгийн зарим шийдвэрүүд шүүмжлэл дагуулсан нь олон. Бусдаар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэрбээр даруу төлөв элдэв хэл амнаас холуур явсан түүнийг хэрхэн үнэлдгийг сонгогчид нь шийднэ.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хувьд МАН-ын залуу боловсон хүчний нэг. Архангай аймгийн уугуул тэрбээр 2003 онд АНУ, American university сургуулийг Олон улсын харилцааны чиглэлээр төгссөн.  Сургуулиа төгсч ирсэн даруйдаа  Ашигт малтмал газрын тосны газрын  мэргэжилтнээр орж энэ үеэс төрийн албан хаагч болох замналаа эхлүүлсэн түүхтэй. Түүнээс хойш улс төр, төрийн албанд ажил амьдралын гараагаа үргэлжлүүлж, Оюутолгойн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан үеийн залуучуудынхаа хувьд төрийн албаны туршлагатай.

Тэрбээр мэргэжил боловсролын хувьд намынхаа залуус дунд дөнгүүрт тооцогддог. Бусад залуустай харьцуулахад биеэ авч явах байдал болоод харилцааны хувьд хүмүүс түүнд ам сайтай байдаг.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн залуучуудын хөгжлийн бодлого, мал аж ахуй, малчдын хөгжлийн асуудлыг түлхүү хөндөж, хууль тогтоомж санаачлан ажилласан. Хааяа цаг үеэ дагаад чуулганы хуралдаануудад жинтэй үг хэлчихдэг тэрбээр нам  доторх хагарлын галыг өрддөг эсвэл дэвслэх чанар лав түүнд байдаггүй.  Гэхдээ бусдыгаа бодвол хэзээ хаана үгээ хэлэхээ мэднэ.   Элдэв хэл ам, хов живээс үргэлжид хол байдаг түүнийг эцэг эхтэй нь холбож харуулах нь цөөнгүй. Тухайлбал, түүний ээж Д.Дэнсмаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас "Спа цогцолбор" компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан асуудал ч дуулиан болж байв. Гэвч, "Эцгийн хэрэг хүүд хамаагүй" гэсэн үг бий. Ямар ч байсан зарим УИХ-ын залуу гишүүд шиг улааныг харж урваж, шарыг харж шарвадаггүй, төвийг сахисан зан нь түүнд нэмэх оноо авчирдаг. Архангайн сонгогчид нь ч гэсэн ам сайтай байдаг юм билээ.

АН-ААС ШИНЭКОВУУД НЭР ДЭВШИВ

МАН-ын гурван гишүүнтэй өрсөлдөх АН-ын нэр дэвшигчдийн хувьд УИХ-ын гишүүн асан Н.Батбаярыг эс тооцвол бусад нь шинэ хүмүүс. УИХ-ын дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал, Архангай аймгийн ҮБХ-ны гишүүн Хөх чоно группийн эзэн Пүрэвдоржийн Мөнхтулга нар өрсөлдөнө.

УИХ-ын гишүүн асан  Эдийн засгийн хөгжлийн сайд асан, “Фортуна” хэмээх хочит Н.Батбаярын хувьд 2004, 2012 онуудад Архангай аймгаас сонгогдсон. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа "Чингис" бондыг олон улсын хөрөнгийн зах зээлээс босгоход багагүй үүрэг гүйцэтгэсэн. Гэсэн ч түүнийг эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн хууль шүүхийн байгууллага шалгасан. Тэрбээр 2012-2016 онуудад Архангайчуудыг төлөөлж байхдаа тойрогтоо хийсэн ажил олон гэж нутгийнхан нь ярьдаг юм билээ. Тухайлбал, тэрбээр гишүүн байх үедээ Архангай аймагт “Гудамж” төслийг хэрэгжүүлж аймгийн төвд болон гэр хорооллуудыг засмал зам, гэрэлтүүлэг гэрлэн дохио гээд зөндөө ажил хийснийг нь одоо ч гэсэн сонгогчид нь ярьдаг.

УИХ-ын дахь АН-ын бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргалын тухайд Архангай аймгийн Хотонт сумын уугуул. Саяхан түүнийг Архангай аймгийн Ардчилсан намын даргаар томилсон. Өмнө нь төрийн байгууллагуудад ажиллаж байсан. С.Эрдэнийн хүн гэгддэг тэрбээр, намдаа төдийгүй улс төрд  ялгарсан имижгүй

Харин П.Мөнхтулга нь "Хөх чоно" группийн үүсгэн байгуулагч, Эрчим хүчний дэд сайд асан Ө.Пүрэвбаатарын ууган хүү. Тэрбээр аавынхаа компанийг удирддаг. Өдгөө 30 настай түүнийг нам нь дэмжиж, Архангайд дэвшүүлэв. Загвар өмсөгч хүүхнүүдтэй нэр  холбогдож, салж нийлж явснаас өөр түүний талаар мэдээлэл хомс.  Эртнээс Архангайг эргэж тойрч "усалж" байсан гэдэг.

Н.УДВАЛААС БУСДЫГ НЬ ҮЛ ТАНИХ

Бусад нэр дэвшигч 12 хүний хувьд Та бидний эсвэл, Шинэ эвсэл, Зөв хүн электорат эвсэл, Сахигтун, Үндсэн хуулийн 19 эвсэл, Зон олны намаас тус тус дэвшиж байгаа. Дийлэнх нь шинэ хүмүүс, төдийлөн мэдэхгүй. МАХН-ын нэгдсэн Та бидний эвслээс нэр дэвшиж буй Н.Удвалын хувьд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшин, 6.5 хувийн санал авсан. Түүнээс хойш хэсэгтээ улс төрөөс  нам гүмхэн байсан Н.Удвал Архангайд нэр дэвших эрхээ авчээ. Их эмч мэргэжилтэй тэрбээр Архангай аймгийн Хотонт сумын эмнэлгийн салбараас ажлын гараагаа эхэлж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж