Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 50 жилийн ой тохиолоо

Хуучирсан мэдээ: 2015.12.16-нд нийтлэгдсэн

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны 50 жилийн ой тохиолоо

Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо, Нийслэлчүүд бидний нэрлэж заншсанаар “120 мянгат”-ын 50 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Анх 1964-1965 онд 120 мянгатын 22 байшинг ашиглалтад оруулж хүлээлгэж өгсөн бөгөөд  улмаар 1992 онд Засаг захиргааны шинэчилсэн бүтцээр Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо хэмээн нэрлэсэн аж.  

Хан-Уул дүүргийн 157 га газар нутагт орших тус хороо ажилчны дүүрэгт зориулсан анхны орон сууцны хороолол гэдгээрээ онцлогтой юм. 2010 онд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор нэгдүгээр хороо, 15 дугаар хороо болон хуваагдаж, өнөөдрийн байдлаар нийт 120 мянгат, 19 дүгээр хорооллын 2299 өрх бүхий 9498 хүн амтай, 45 байрыг хамруулсан  том хороолол болтлоо өргөжин тэлжээ. Нэгдүгээр хороо нь энэ онд Нийслэлийн тэргүүний хороо болсон юм.

Тус хороонд Ерөнхий боловсролын 52 дугаар дунд сургууль, 53, 67 дугаар цэцэрлэгүүд, Богд хан уулын дархан цаазат газрын захиргаа мөн 115 аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж, нутаг дэвсгэрийнхээ хөгжил дэвшлийн төлөө хамтдаа хөдөлмөрлөж байна. Ойн баярын хүрээнд хорооныхоо иргэдийг хүлээн авч, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Уг хүндэтгэлийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Батбилэг, НИТХ-ын төлөөлөлгч Д.Байдраг, ДИТХ-ын дарга нэгдүгээр хорооны Засаг дарга Б.Болд, хорооны ИНХ-ын дарга М.Тогтохням нар оролцлоо. 50 жилийн ойгоо тохиолдуулан НИТХ-ын төлөөлөгч Д,Байдраг, Хорооны Засаг дарга Б.Болд, ИНХ-ын дарга М.Тогтохням нар үг хэлсэн юм. Хүндэтгэлийн концертод УДБЭЧ-ийн бүжигчид, дуучид мөн Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын жүжигчин Г.Хайдав, хүүхдийн дуучин МУГЖ М.Долгор нар ая дуугаа өргөлөө. Түүнчлэн хорооныхоо ууган иргэдэд хүндэт иргэн жуух бичиг гардуулж, хорооныхоо 50 жилийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргажээ. Мөн 50 жилийн түүхийг өгүүлсэн баримтат киног толилуулсан юм.

ЭХ СУРВАЛЖ: ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗДТГ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж