Нийгмийн сэтгэл зүйг пропоганда хаашаа хөтөлнө вэ?

Хуучирсан мэдээ: 2020.05.25-нд нийтлэгдсэн

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Нийгмийн сэтгэл зүйг пропоганда хаашаа хөтөлнө вэ?

Нийгмийн сэтгэл зүйг пропоганда хаашаа хөтөлнө вэ?

Сонгуулиар дамжуулан авдаг төрийн эрх мэдлийн төлөөх тэмцэл сонгуулиас сонгуульд ширүүсч байна. 15 нам, дөрвөн эвслийг төлөөлсөн, мөн бие даагчид нийлээд урьдчилсан байдлаар 700 орчим нэр дэвшигч өрсөлдөх магадлалтай байна.

Сонгуулийн албан ёсны сурталчилгаа зургадугаар сарын 2-ны өдөр эхлэх боловч сонгогчийн нүдэнд өртөж, зүсээ таниулах гэсэн фотошопийн зургаар нийгмийн сүлжээ хахаж байна.

Телевизийн дэлгэцээр орой бүр таних танихгүй ухаантнууд ярьж эхэллээ. Эрх баригчид нь унасан эдийн засгийг сэргээсэн, хүмүүсийг орлоготой болгож, бүх зүйлийг бүтээсэн, хийсэн, амжуулснаа сайрхдаг бол эрх мэдлээс гадуур байгаа нь бүх зүйл болохгүй байгааг шүүмжилдэг нөгөө л танил дүр зураг давтагдаж байна.

Энэ удаагийн сонгуулийн өмнө нэг зүйл анхаарал татаж байгаа нь социализмын үзэл суртлын хэмжээнд хүртэл төгсөрч байгаа пропоганда юм. Пропоганда гэдгийг үзэл суртал гэж хөрвүүлж болох, бас тархи угаалт гэж нэрлэж болох ч пропоганда гэсэн үгээр одоогийн үйл явцыг нэрлэх нь зүйтэй санагдлаа. Түүхийг шинээр бичих гэсэн, монголчуудын 30 жилийн өмнө хийсэн сонголт буруу байсан, тэр сонголтыг баталгаажуулах гэсэн хүмүүс нийгмийн дайсан гэсэн гол чиг шугам энэ пропогандагийн цөм бололтой. Нэгэн үе инээдмийн нэртэй болхи киногоор дагнадаг байсан киночид сүүлийн үед өнгөрсөн түүхийн тодорхой цаг үед зориулсан киног улс төрийн хандиваар хийж, түүнийгээ өргөн хүрээнд сурталчлан хүмүүсийн далд ухамсарт нөлөөлж эхэлж байгааг анхаарахгүй орхиж болохгүй. Нийгмийн санаа бодол, төлөвшлийг шинжлэх ухаанчаар судлах ажил орхигдож зөвхөн улс төрийн зорилгоор түүвэрлэсэн судалгаа, санал асуулгыг хийж, үр дүнг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн тайлбарлаж, олон нийтэд мэдээлдэг гаж үзэгдэл энэхүү пропогандагийн хөрс болж байна.

Урлагаар дамжуулан нийгмийн ухамсарт нөлөөлөх нь хаа ч байдаг зүйл. 2008 оны сонгуулийн өмнө гарсан “Нянгар хаданд гарсан нь” кино нь тухайн үеийн Монголын улс төр, нийгмийн доройтлыг харуулсан ч тэр үед эрх барьж байсан МАХН, одоогийн МАН-ынхан энэ киног аль ч кинотеатр гаргахгүй хааж байсан. Энэ киног ардчилсан хүчнийхний зүгээс санхжүүжүүлэн хийсэн нь эрх баригчдыг айлгасан. Хүний нийгмийн мөн чанар, ёс суртахуун, бурууг залруулах, нүгэл хийсэн нь гэмээ хүлээх зэрэг амьдралын ерөнхий зүй тогтлуудыг урлагаар, тэр дундаа киногоор дамжуулан хүмүүсийн ухамсарт хүргэх хамаагүй үр дүнтэй.

Социализмын үеийн кинонууд хэдийгээр МАХН-ын үзэл суртлын нарийн шүүлтүүрээр хянагдан дэлгэц рүү шилжиж байсан ч хөдөлмөрийг шүтэх, ёс суртахуунтай байх, бүтээн байгуулалтыг магтан дуулах чиг шугамууд нь нийгмийн ухамсарт зөв нөлөөлж байсан.

Харин одоо бүтээгдэж байгаа киноноос өнөө үеийнхэн ямар хүмүүжил авч байна вэ? Хүчирхийлэл, хууран мэхлэлт, мөнгөний төлөөх шунал, задгай амьдрал, амар хялбараар амьдрах гэсэн хүсэл, хар яр хийсэн харилцан яриа- ийм л ерөнхий чигээр тодорхойлж болмоор. Харин сүүлийн үед гарч байгаа кинонууд эрх баригчдын далд үзэл суртлын захиалгад нийцэж гарч байгааг олон хүн анзаарч, шүүмжилж байна. “37-р точка”, “Зура” гэсэн хоёр киног залуу, дунд, ахмад үеийнхэн тэс өөр өөрөөр хүлээн авч байна. Нянгарыг хааж, хориглож байснаа МАН мартсан бололтой.

Боловсрол, ажил, цалин, орон гэрийг нь бэлдээд өгснийх нь хариуд үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй сэтгэх эрхийг булаагаад авчихсан байсан нийгмээс хар толгойгоо даан амьдрах зах зээлийн хатуу нийгэм рүү шидэгдэн, үүнийг дагаад нийгмийн сэтгэл зүй ч булингартсан. Нийгмийн сэтгэл зүй рүү хандсан зөв бодлогыг Монголын эрх баригчид хийж байгаагүй, зөнгөөр нь орхисон. Ходоодыг нь дүүргэх бодлого барьснаас сэтгэл зүй, оюун санаанд чиглэсэн бодлого барьж байгаагүй. Улстөрчдийн зориуд дэврээдэг эх оронч, үндсэрхэг үзлийг эс тооцвол. Үндсэрхэг үзлийн хөрсөн дээр үзэл суртлын дайралт хийх нь эцэстээ залуурдагдах аргагүй нөхцөл байдал руу аваачих аюултай.

Энэ удаагийн сонгуульд өрсөлдөх хүслээ илэрхийлж байгаа нэр дэвшигчдийн дүр зургийг харвал сүүлийн 20 гаруй жил эрх барьж ирсэн улс төрийн хүчнүүд нэг талдаа, нөгөө талдаа эдгээр улс төрийн хүчний улс засаглаж ирсэн зам буруу байсныг нотлохыг оролдож байгаа шинэ хүчнийхэн хэмээн ангилж болохоор байгаа нь Монголын өнөөгийн хөгжилд сэтгэл ханамжгүй хэсгийнхэн цаашид тэвчиж суух аргагүй болсны дохио гэж харж болно.

Олон удаагийн сонгуулийн санал хураалтын дүнгээс ажиглахад МАН, АН-ыг дэмжигчдээс гадна аль тал руу хөрвөх магадлалтай 20-30 хувийн сонгогчид байсаар ирсэн.

Энэ хөвөгч хэсэг хаашааа ханарахаас сонгуулийн үр дүн шийдэгддэг байсан бөгөөд харин энэ удаад энэ хөвөгч хэсэг шинэ сонголт хийх магадлал өндөр байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж