УИХ-ын даргад Хван Гё Ан бараалхав

Хуучирсан мэдээ: 2015.12.16-нд нийтлэгдсэн

УИХ-ын даргад Хван Гё Ан бараалхав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.12.16/ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан бараалхав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд, ноён Хван Гён Ан тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүслээ.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан хэлэхдээ "Эрхэм Улсын Их Хурлын дарга Та цаг зав гарган биднийг хүлээн авсанд талархаж байна. Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байгаа үеэр Монгол Улсад айлчилж байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна. Бүгд Найрамдах Солонгос Улс, Монгол Улсын парламентын дарга нарын харилцан айлчлал болон парламент хоорондын идэвхтэй хамтын ажиллагаа нь хоёр орны дипломат харилцаанд чухал нөлөө үзүүлдэг" гэлээ. Түүнчлэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлсэн "Е-парламент" төсөл нь хоёр орны найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг хэмээн үзэж байгаагаа хэллээ.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцгой ач холбогдолтой болохыг Улсын Их Хурлын дарга тэмдэглэн хэлсэн юм. Мөн тэрээр Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайдын түвшинд 14 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гэлээ. Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Бүгд Найрамдах Солонгос Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцлоод хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байдгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн хоёр орны харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдаад, энэ харилцааг цаашид бодитой хөгжүүлэхэд парламентын гишүүд, парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар, байнгын хороод хоорондын нягт хамтын ажиллагаа, харилцан айлчлал ач холбогдолтой болохыг тэмдэглэн хэллээ.

Хоёр улс олон улс, бүс нутгийн тавцанд, тэр дундаа НҮБ, олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, харилцан дэмжиж ирснийг Улсын Их Хурлын дарга уулзалтын үеэр тэмдэглээд, Бүгд Найрамдах Солонгос Улс НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн 2016-2018 оны сонгуульд гишүүнээр сонгогдсонд баяр хүргэсэн юм. Мөн энэ үеэр улс төр, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагаа болон нийгмийн зарим асуудлаар санал солилцов.

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод бараалхах үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа болон албаны бусад хүмүүс байлцав.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж