Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөдрөөс мөрдөнө

Хуучирсан мэдээ: 2020.05.25-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөдрөөс мөрдөнө

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өнөөдрөөс мөрдөнө

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт  өнөөдөр /2020.05.25/ 12.00 цагт буюу 17-р жараны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн 3-ны морин цагаас эхлэн улс орон даяар мөрдөгдөж эхэлнэ.

2016 оны сонгуулиар ард түмэн МАН-д 65 суудал өгсөн нь Үндсэн хуулийн үнэмлэхүй олонхийн эрх өгсөн. Тэд энэхүү үүргээ биелүүлж, сүүлийн 10 гаруй жил УИХ дамжиж яригдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг ажил хэрэг болгож чадсан юм. Энэ удаагийн УИХ энэхүү үйл хэргийг гурван жилийн турш өрнүүлж, таван сарын турш буюу 158 хоног тасралтгүй хэлэлцэж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан.

Хариуцлага, хяналт-тэнцэл, тогтвортой байдал гэсэн чиглэл баримтласан уг өөрчлөлтөөр парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлж, Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтийг засаж сайжруулж байгалийн баялаг ард түмний мэдэлд байхаар, улс төрийн намууд улсын хэмжээнд бодлого дэвшүүлж ажиллах, үйл ажиллагааны үндсэн зарчим, санхүүгийн эх үүсвэр, зарцуулалт нь ил тод байх, шүүхийг тойргийн зарчмаар байгуулах, бие даасан байдлыг хангах замаар иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зэрэг зохицуулалтуудыг тусгасан.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдан Засгийн газар, УИХ-ын тухай хууль, Улс төрийн намуудын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Шүүхийн тухай хууль зэрэг 40 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт орох учиртай. Эдгээр өөрчлөлт нь Монгол Улсад хууль, эрх зүйн хувьсгал хийх эхлэл болж, нийгэмд шударга ёс, хариуцлагын тогтолцоо бэхжих үндэс суурь болох юм.

УИХ-ЫН ГИШҮҮД АЛИВАА ТББ-Д УДИРДАХ АЛБАН ТУШААЛ ХАШИХЫГ ХОРИГЛОСОН

УИХ-ын хаврын чуулган завсарлахаас өмнө дээрх хуулиудаас Засгийн газрын тухай хууль, УИХ-ын тухай хууль, Чуулганы дэгийн хуулиудын нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Мөн Төрийн аудитын хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын хөтөлбөрийг баталсан.  Үлдсэн Шүүхийн тухай хууль,  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль зэрэг Үндсэн хуулийн заалтуудыг амилуулах бусад холбогдох хуулиудыг 2020 ондоо багтааж дараагийн шинэ парламент батлах ёстой.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэг том өөрчлөлт нь татвар, төсөвтэй холбоотой асуудал мөн Эрүү, иргэн, захиргаа, зөрчлийн тухай хуулиудыг УИХ-ын гишүүд санаачлахгүй зөвхөн Засгийн газар санаачладаг  байхаар заасан. Түүнчлэн олон жил яригдсан давхар дээлийг тайлж мөн УИХ-ын гишүүд аливаа ТББ-д удирдах албан тушаал хашихыг хориглосон.

Ж.СҮХБААТАР: 1992 ОНООС ХОЙШИХ ЭРХ ЗҮЙН ХУВЬСГАЛЫН ДАРААЧИЙН ТОМ ДАВЛАГАА ЭХЭЛЖ БАЙНА

ХУУЛЬЧ Ж.СҮХБААТАР

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр хэрэгжиж байгаатай холбогдуулан УИХ-ын даргын ахлах зөвлөх, хуульч Ж.Сүхбаатараас тодруулахад тэрбээр “Энэ удаагийн УИХ бүтээлч, шинэчлэгч парламент байлаа. 1992 оноос хойших эрх зүйн хувьсгалын дараачийн том давлагаа эхэлж байгаа юм. Ойрын жилүүдэд энэхүү шинэтгэлийг амьдралд хэрэгжүүлэх, цэгцлэх шинэчлэх нүсэр хүнд ажил хүлээгдэж байгаа.  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр таван зорилтыг хангасан.

Нэгдүгээрт, маргаан дагуулж байсан засаглалын асуудлыг тодорхой болгож цэг тавьсан гэж хэлж болно. Парламентын засаглалаа бататгаж, Ерөнхий сайд Засгийн газраа удирдахаар заасан.

Хоёрдугаарт, байгалийн баялгийн үр өгөөжийг иргэд хүртэх боломжийг олгосон. Өнгөрсөн 20 гаруй жилийн турш нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлж, авилгад нөлөөлж байсан төрийн зүй бус зохицуулалтыг засаж стратегийн ач холбогдол газруудын дийлэнх өгөөж ард түмэнд ногдоно гэж тусгасан.

Гуравдугаарт, шүүхийн дотоод ардчилал, сахилга,хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд томоохон өөрчлөлтийг  тусгасан. Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог бий болгож мөн Ерөнхийлөгчийн шүүхэд нөлөөлөх нөлөөллийг  хумихад  томоохон алхам болсон.

Дөрөвдүгээрт, Нутгийн удирдлагатай холбоотой Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно. Ингэснээр хот, тосгон бие дааж хөгжих боломжтой буюу Монголчууд жинхэнэ ёсоор хот, тосгоны өөрөө удирдлагыг бий болгох нөхцөл нь анх удаа нээгдэж байна.

Тавдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр долоон өөрчлөлтийг тойрсон 20 жилийн маргааныг тасаллаа” гэв.

Давхар дээл буюу УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүнээр ажиллах тоог нь цөөрүүлж, “Ерөнхий сайд өөрөө сайд нараа томилно, Засгийн газрын 4 хүртэл гишүүн “давхар дээл” өмсөж болно” гэж тусгасан энэхүү заалт тавдугаар сарын 25-наас шууд хэрэгжих ёстой гэсэн санал, шүүмжлэл өнгөрсөн хугацаанд өрнөсөн. Уг асуудалд УИХ-ын аргын зөвлөх Ж.Сүхбаатарын мэдээлснээр,

“1992 оны Үндсэн хуулийг нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын их хурлаар батлаж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байсан. Энэ хооронд дагаж, мөрдөх хуулийг баталсан. Үндсэн хууль хүчин төгөлдөр болно гэдэг нь хууль мөрдөгдөж эхэлж байгаа гараа юм. Шууд л хэрэгжих боломжгүй,  бусад холбогдох хуулиудынхаа хамт  батлагдаж эхэлнэ. Тавдугаар сарын 25-аас Үндсэн хууль хэрэгжихээр дөрвөн гишүүн л сайд байж болно, бусад нь огцрох ёстой гэсэн шүүмжлэл байгаа. Ихэвчлэн сөрөг хүчний гишүүнчлэлтэй хуульчид ярьдаг.   Засгийн газрын бүрэлдэхүүнтэй холбоотой заалт бол шинээр байгуулагдах парламентаас хэрэгжинэ гэж Засгийн газрын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасан.

Дүгнээд хэлэхэд, тавдугаар сарын 25-аас Үндсэн хуулийг нэмэлт, өөрчлөлтийг амьдралд хэрэгжүүлэх  гараа нь эхэлнэ гэсэн үг. Хугацаанд маргах биш үзэл санаа, заалтыг амьдралд хэрэгжүүлэхийн төлөө ажиллах нь дараачийн УИХ, Засгийн газрын нэн тэргүүний асуудал” гэсэн тайлбарыг тэрбээр өгөв.

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРСОН ӨӨРЧЛӨЛТҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЪЯ

Үндсэн хуулийн 6.2-т  Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж заасныг нэмэн дэлгэрүүлж дараах байдлаар өөрчилсөн.

  • Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.
  • Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй.
  • Стратегийн ач холбогдол бүхий ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.

Улс төрийн намтай холбоотой Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд

  • Нам Үндсэн хуулийн 16.10-т заасны дагуу байгуулагдаж, улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана.
  • Намыг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй иргэд эвлэлдэн нэгдэж байгуулна.(2028 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлнэ)
  • Намын дотоод зохион байгуулалт нь ардчлсан зарчимд нийцсэн, хөрөнгө орлогын эх үүсвэр, зарцуулалт нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно.

УИХ-ын Сонгуулийн талаар дараах өөрчлөлтүүдийг оруулсан

  • УИХ-ын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.
  • УИХ-ын сонгуулийг явуулахаас өмнөх нэг жилийн хугацаанд УИХ Сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.

УИХ-ын онцгой бүрэн эрхтэй холбоотой орсон өөрчлөлт

  • Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогыг тодорхойлох асуудлыг УИХ-ын онцгой бүрэн эрхэд зааж өгсөн.
  • Улсын төсвийг хэлэлцэн батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчилж болно. Ингэхдээ Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн алдагдал, зарлагын хэмжээг нэмэгдүүлж үл болно.
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна.
  • УИХ ээлжит чуулган хагас жил тутамд 75-аас доошгүй ажлын өдөр чуулна.
  • Хуулийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн батална. Өөрөөр хэлбэл, 39-өөс доошгүй гишүүний саналаар хууль батална.
  • Хуулийн биелэлтийг хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар УИХ-ын нийт гишүүний 1/4-ээс доошгүй нь хянан шалгах түр хороо байгуулах санал тавибал УИХ цөөнхийн төлөөллийг оролцуулан уг хороог байгуулна.

Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан өөрчлөлт

  • Монгол Улс өөрийн тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг үгүйсгэх аливаа оролдлогыг үл зөвшөөрөх бөгөөд мөнхүү зорилгоор ард нийтийн санал асуулга явуулахыг хориглоно.

Ерөнхийлөгчтэй холбоотой өөрчлөлтүүд

  • Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ хязгаарыг хуулиар тогтооно.
  • Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан Монгол
  • Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно (2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлээд хэрэгжинэ).
  • Ерөнхийлөгч тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 33.4-т заасан хүрээнд л Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхээ эдэлнэ. Үүнээс хэтэрсэн аливаа эрхийг эдлэхгүй байхаар тусгасан. Одоо бол Үндсэн хуулиас гадна тодорхой хуулиудаар өөртөө бүрэн эрх авах байдлаар нийт 46 хуулиар Ерөнхийлөгч бүрэн эрх авсан байдгийг зохицуулах заалт оруулсан.

УИХ-ын гишүүнтэй холбоотой

  • УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчвөл түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно.
  • УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Тухайн гишүүн гэмт хэрэгт холбогдсоныг шүүх тогтоовол УИХ-ын гишүүнээс эргүүлэн татна.

Засгийн газартай холбоотой

  • Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ.
  • Ерөнхий сайд болон Засгийн газрын 4-өөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно.
  • Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна.
  • Засгийн газрын гишүүн УИХ-д тангараг өргөнө (Эдгээр заалт 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдах парламент бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс дагаж мөрдөнө гэж  Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд заасан).

Шүүхтэй холбоотой

  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн 5 гишүүнийг шүүгчид дотроосоо сонгож, бусад 5 гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь 4 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд
  • Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно.
  • Шүүхийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын Дээд шүүхэд танилцуулна. Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.
  • Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бус шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно.

Нутгийн удирдлагатай холбоотой

  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.
  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, тухайн нутгийн иргэдийн саналыг үндэслэн Засгийн газар өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ.
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй.
  • Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж