Ерөнхий сайдын Европт хийсэн айлчлал өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдын Европт хийсэн айлчлал өндөрлөв

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын анхны албан ёсны айлчлал Бүгд Найрамдах Унгар Улсад болж өндөрлөлөө. Тэрээр Монгол-Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хийсэн айлчлалаараа тус улсын Ерөнхийлөгч Шойом Ласло, Улсын хурлын дарга Катона Бела, Ерөнхий сайд Байнаи Гордон, Будапешт хотын захирагч Д.Габор, Эгэр хотын засаг дарга Хабиш Ласло зэрэг албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж цаашид хэрхэн хамтран ажиллах талаар тохиролцоонд хүрлээ.

Айлчлалын гол зорилго Европын стандартуудыг монголд нутагшуулах, энэ чиглэлээр бодит ойлголцол, тохиролцоонд хүрэхэд чиглэгдэв. БНУУ-ын Ерөнхий сайд Байнаи Гордонтой хийсэн хэлэлцээрийн үеэр хөндөж ярьсан гол асуудлуудын нэг нь Европын стандартыг Монголд нэвтрүүлэх, үүнтэй холбогдсон туршлагаас суралцах тухай байв. Хоёр Ерөнхий сайд эн тэргүүнд Европын холбоотой байгуулах Түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрт энэ тухай тусгай заалтыг оруулж, санхүүжилтийнх нь асуудлыг шийдэх тал дээр хамтран ажиллахаар тохиров. Мөн 2011 оноос БНУУ Европын холбоог тэргүүлэх болж байгаа нь энэхүү тохиролцоог урагшлуулахад тус дэмтэй болохыг хоёр тал цохон тэмдэглэлээ. 

Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд Унгар улсад суугаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэдний нийгмийн даатгалын асуудлаарх зохих хэлэлцээрийг энэ ондоо багтаан шийдвэрлэхээр тохиролцов. БНУУ Улаанбаатар хотод байнгын оршин суух төлөөлөгчөө ажиллуулах мөн Улаанбаатар дахь Европын Холбооны аль нэг гишүүн улсын ЭСЯ-аар дамжуулан виз олгож байх зэрэг томоохон асуудлуудаар айлчлалын хүрээнд ойлголцолд хүрэв. Хоёр улсын худалдааны эргэлтийг бодитойгоор нэмэгдүүлэх, боловсролын салбарт хамтран ажиллах, Улаанбаатарын инженерийн шугам сүлжээг шинэчлэх, геофизикийн хамтарсан хүрээлэн байгуулах, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтарсан зөвлөл байгуулах, 25 сая ам. долларын хүүгүй зээлийн хэрэгжилтийг түргэтгэх зэрэг асуудлуудыг ярилцан шийдвэрлэхээр боллоо. 

Унгар улсад ажиллаж, сурч байгаа Монгол иргэдтэй Ерөнхий сайд С.Батболд уулзаж, төр засгийн явуулж буй бодлого үйл ажиллагааг танилцуулж, тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудыг хоёр орны Засгийн газрын хүрээнд шийдвэрлэх талаар байр сууриа илэрхийлэв. Ерөнхий сайд С.Батболдын айлчлал тусламж, дэмжлэг хүсэхээс илүү чанар стандартад нийцсэн бараа, бүтээгдэхүүн хийдэг арга, технологи шинэ менежмент, ноу-хаугаас суралцах чиглэлийг гол болгосноороо онцлог болж өндөрлөв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж