"Хөл хориогоо 2022 он хүртэл үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзсэн"

Хуучирсан мэдээ: 2020.05.25-нд нийтлэгдсэн

"Хөл хориогоо 2022 он хүртэл үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзсэн"

"Хөл хориогоо 2022 он хүртэл үргэлжлүүлэх шаардлагатай гэж үзсэн"

Covid-19 халдвар тархсанаас хойш дэлхийд 20 мянга гаруй судалгаа хийгджээ. Дээрх судалгаануудын талаар Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухаан, технологийн нарийн бичгийн дарга, анагаах ухааны доктор Э.Оюунсүрэнтэй ярилцлаа.


-Covid-19 халдвараар өвдөөд эдгэсэн хүмүүст ямар өөрчлөлт ажиглагдаж байна вэ. Зарим тохиолдолд амт мэдрэхгүй болж байгаа, мөн Японд уг халдвараар өвчлөөд ой санамжаа алдсан талаарх мэдээллүүд гарч байна. Энэ бүхнээс харахад уг халдвар нь мэдрэлд нөлөөлдөг гэсэн үг үү?

-Covid-19 халдвараар өвчилсөн хүн амт, үнэр мэдрэхээ больсон талаарх судалгаа одоогоор байхгүй байна. Японд ой санамжаа алдах тохиолдол гарч байгаа нь тухайн орны онцлогтой холбоотой. Монгол өндөрлөг газарт оршдог учраас артерийн даралт ихдэх нь элбэг байдаг бол Японд өндөр наслалтаас шалтгаалсан альцгеймерийн өвчин их байдаг. Энэ нь ихэвчлэн өөх, тосны солилцооны алдагдалтай холбоотой байж болно. Дэлхий дахинд альцгеймерийн өвчлөл бүрэн эмчлэгдээгүй байгаа.

-Чихрийн шижин, артерийн даралттай хүмүүс ихэвчлэн өвчилж байна. Үүнд ямар шалтгаан байна вэ?

-Вирус нь бүрэн судлагдаагүй байгаа болохоор энэ бүхний шалтгааныг нарийн тодорхойлж хэлэх боломжгүй байна. Тиймээс судалгаанд тулгуурлан яръя.

БНХАУ-ын Ланзоу их сургуулийн судлаачид коронавирусийн халдвар авсан 1576 иргэнд хийгдсэн долоон төрлийн судалгаанд тойм судалгаа буюу дүн шинжилгээ хийсэн байна. Судалгаанаас харахад эдгээр өвчтөнүүдийн 21.1 хувь цусны даралт ихсэлттэй, 9.7 хувь чихрийн шижинтэй, 8.4 хувь нь зүрх судасны өвчинтэй, 1.5 хувь нь амьсгалын замын архаг хууч өвчтэй байсан. Судалгаанд дурдсанаар коронавирусийн халдвар авснаас биеийн байдал хүндрэх магадлал цусны даралт ихсэлттэй өвчтөнүүдийн дунд 2.4 дахин илүү, амьсгалын замын архаг хууч өвчтэй өвчтөнүүдийн дунд 2.5 дахин илүү, зүрх судасны өвчтэй өвчтөнүүдийн дунд 3.4 дахин илүү байгаа юм. Өөрөөр хэлбэл, зүрх судасны өвчтэй хүн Covid-19-өөр өвчилбөл хүндрэх  магадлал 3.4 дахин их байгаа.

Уг халдварын шинж тэмдэг нь ч өөрчлөгдөн, нэмэгдэж байгаа. Тухайлбал, тохиолдлын судалгаагаар Covid-19-ийн халдвар авсан 20 настай, эрэгтэй, архаг өвчингүй өвчтөнд халуурах, бүтэн биеэр туурах шинж тэмдэг илэрсэн байна. Хэдийгээр биеэр туурах шинж тэмдэг нь Covid-19 халдварын үед тун (2/1099) ховор тохиолдож байгаа ч эмч, эмнэлгийн ажилтнууд бүтэн биеэр туурах шинж тэмдгийг анхааралдаа авах нь зүйтэй хэмээн энэхүү судалгаанд зөвлөсөн байгаа.

-Уг халдвар нь хүүхдүүдэд олон эрхтнийг хамарсан хүндрэл үүсгэж байгаа нь батлагдсан. Энэ утгаараа эдгэсэн ч хүүхдэд илүү хүндрэл өгч байна гэсэн үг үү?

-Хүүхэд Covid-19-ийн халдвар авсны дараа, өвчлөөд  эдгэсний дараа буюу хожуу үед биеэр тууралт гарах зэрэг шинж тэмдгээр хүндрэл үүсч байгаа.

Тухайлбал, дөрөвдүгээр сарын сүүлээр Их Британи, АНУ, Итали зэрэг улсын эрдэмтэд 7-17 насны хүүхдүүдийн дунд коронавирусийн халдвартай холбоотой олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинж илэрч эхэлсэн талаар мэдээлсэн. Биеэр битүү тууралт гарч, хүзүү болон хоолойн булчирхай цочих, халуурах зэрэг шинж тэмдгүүд эдгээр хүүхдүүдэд илэрсэн. Эрдэмтэд энэ нь коронавирусийн халдвар авснаас хэдэн долоо хоногийн дараа илэрч буй удааширсан хариу илрэл байж болно гэж үзсэн.

Гэхдээ тархвар зүйн судалгаагаар коронавируст халдвараар хүүхэд хүнд хэлбэрээр өвдөх нь тун ховор, нас баралтын түвшин бага гэж гарсан.

-Эдгэсний дараа хариу урвал илэрч байгаагаас харахад өвчилсөн хүмүүсийн удмын санд сөргөөр нөлөөлж магадгүй гэж зарим судлаачид үзэж байгаа юм билээ. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Хүний удмын санд хэрхэн нөлөөлж байгааг нотлох нь бүү хэл уг вирусийнхээ генетикийг ч бүрэн судлаагүй байгаа. Тиймээс энэ талаарх мэдээ, мэдээлэлд болгоомжтой хандах шаардлагатай. Эцсийн байдлаар батлагдаагүй мэдээлэл нь хүнд сэтгэл түгшилт бий болгодог.  Фэйсбүүк, сошиал орчин дахь баталгаагүй мэдээллээс үүдэн сэтгэл түгших хам шинж өндөр байгаа.

-Хүмүүсийн сэтгэхүйд Covid-19 хэрхэн нөлөөлж байгаа талаарх судалгаа байна уу?

Их британид бүртгэлтэй 1369 сэтгэлзүйчийн дунд явуулсан судалгаагаар 43 хувь нь ард иргэдийн дунд сэтгэцийн эрүүл мэндийн яаралтай тусламж авах тохиолдол ихэссэн гэж хариулжээ. Судлаачид сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлж буй түгээмэл шалтгаануудаар нийгмийн харилцаанаас хол байх, халдвар авахаас айх, гэр бүлийн гишүүнээ халдварын улмаас алдах, орлогын эх үүсвэргүй болох, ажлаа алдах зэргийг нэрлэжээ. Цар тахлын үеээр сэтгэцийн эрүүл мэнд нь өндөр эрсдэлтэй байгаа хүмүүсийг дурдвал:

  • Хүүхэд, өсвөр үеийнхэн
  • Өндөр настай иргэд
  • Гэр бүлийн хүчирхийлэлд өртөх эрсдэлтэй иргэд
  • Бага болон дунд орлоготой, санхүүгийн хувьд эрсдэлд орж буй иргэд
  • Цар тахалтай нүүр тулан өндөр ажлын ачаалалтай, халдвар авах өндөр эрсдэлтэй ажиллаж буй эрүүл мэнд, батлан хамгаалах зэрэг салбарын албан хаагчид гэсэн судалгаа гарсан.

-Энэ сарын 18, 19-нд болсон ДЭМБ-ын 73 дугаар чуулганаар Covid-19 халдварын эсрэг вакциныг тусгай ангилалд оруулсан гэсэн. Ингэснээр ямар өөрчлөлт гарах вэ?

-Вакцин гарган авахад дунджаар 20 жил шаардлагатай байдаг. Эмнэлзүйн туршилт судалгаа нь нарийн дүрэм, удирдамжтай өндөр хяналтанд хийгддэг судалгаа байдаг.

Вакцин, шинэ эм зохион бүтээхээр БНХАУ, АНУ, ХБНГУ, Их Британий Умард Ирландын Нэгдсэн вант улсын эрдэм шинжилгээний байгууллага, биотехнологийн хүрээлэн, эмийн компаниудын хамтарсан судалгааны ажлууд үргэлжлүүлсээр байгаа. ДЭМБ-ын мэдээлж буйгаар 120 гаруй вакцин зохион бүтээх судалгааны ажил дэлхийд хийгдэж байна. Одоогийн байдлаар долоон судалгаа эмнэл зүйн туршилт судалгаа хийх эрх авсан байна. Үүнээс гурав нь Бээжин хотод хийгдэж байна. Вакцины эмнэл зүйн туршилт хийж буй долоон судалгаанд;

CanSino Biological вакцины компани болон Бээжингийн биотехнологийн хүрээлэн хамтарсан судалгаа хоёрдугаар шатандаа явж байна.

  • Бээжин дэх Синовак вакцины компани туршилт судалгаа эхлүүлсэн байна
  • Бээжингийн Биологийн бүтээгдэхүүний хүрээлэн болон Уханий Биологийн бүтээгдэхүүний хүрээлэн хамтарсан туршилт судалгаа хийж байна
  • Их британи улсын Оксфордын их сургуулийн эрдэмтдийн баг туршилт судалгаа эхлүүлсэн байна
  • АНУ-ын Inovio Pharmaceuticals компани туршилт судалгаа эхлүүлсэн байна
  • АНУ-ын Модерна эмийн компани Харшил болон халдварт өвчний үндэсний хүрээлэнтэй хамтран туршилт судалгаа эхлүүлсэн байна
  • Герман улсын биотехнологийн компани БиоНТек дөрвөн төрлийн вакцин боловсруулж туршилт судалгаа эхлүүлэх гэж байна.
  • ДЭМБ-аас коронавирусийн вакцин зохион бүтээх ажилд оролцож буй эрдэмтэд, эмийн үйлдвэрүүдэд зориулж таван төрлийн шалгуур үзүүлэлтүүдийг гаргасан. Одоогоор дэлхий дахинаа хийгдэж буй 120 гаруй вакцин бүтээх туршилт судалгааны үр дүнг эдгээр таван шалгуураар эрэмбэлэн дүгнэнэ. Үүнд;
  • Аюулгүй байдал буюу вакцин хийлгэсэн иргэдийн бие махбодид сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэх
  • Үр дүн буюу коронавирусээс хамгаалах үр дүнтэй дархлаажуулалт хүний биед үүсгэж байгаа эсэх
  • Тогтвортой байдал буюу энгийн хадгалах орчинд тус вакцин нь чанараа алдахгүй тогтвортой байх эсэх
  • Вакцин хийлгэх явц буюу хэдэн удаа, ямар дозоор хийлгэх шаардлагатай
  • Вакцин их хэмжээгээр үйлдвэрлэх, түгээх чадвар зэрэг багтсан байна.

-Вакцинаас гадна уг халдварыг эмчлэх эм гаргаж авах нь чухал. Одоогоор уг халдварыг эмчлэхэд ямар эм ашиглаж байна вэ?

-ДЭМБ-ын уриалгаар “SOLIDARITY TRIAL” буюу “Эв санаа” судалгааг дэлхийн эрдэмтэд нэгдэн 90 гаруй улсад SARS-CoV-2 вирусийн эсрэг өндөр үр дүнтэй эм гаргаж авахаар судалгааны ажлууд эхлээд байна.

Эм бүтээх судалгаа нь олон жилийг шаарддаг бол “Эв санааны” эмнэл зүйн туршилт судалгаа нь нэг зорилго, нэг санаа, эв нэгдлийн хүрээнд дэлхийн эрдэмтдийг нэгтгэснээр судалгааны хугацааг 80 хувиар богиносгох боломж бүрдэж байгаа. Энэхүү судалгаанд дөрвөн эм туршигдаж байна. Тухайлбал, вирусээр үүсгэгддэг Эбола, ДОХ, Хумхаа ба үе мөчний эмгэг, тархалтат склероз өвчний үед хэрэглэгдэж байгаа үр дүн өндөртэй эмнүүд юм.

Ремдесивир -Эбола

Ритонавиртай Лопинавир -ДОХ-ын эмчилгээнд

Chloroquine or Hydroxychloroquine -Хумхаа ба үе мөчний эмгэгийн үед

Ритонавир болон интерферон бета 1а-тэй лопинавир – Тархалттай склероз өвчний үед тус тус хэрэглэгддэг.

Эдгээр дөрвөн төрлийн эмээс гадна дэлхийд бусад 10 төрлийн эм, эмчилгээний аргыг туршиж байна. Тухайлбал,

Уушгины өвчин болон вирусын эсрэг үйлчилгээтэй  Интерферон бетта (IFN-β) Синажин (Synairgen) эмийг Англи улсын COVID-19-ийн халдвар авсан өвчтөнүүдэд эмнэлзүйн туршилт хийх судалгаа эхлүүлэх ёс зүйн зөвшөөрлийг өгчээ.

Япон улсад бүтээсэн томуу, томуу төст өвчний үед хэрэглэдэг Фавипиравир (Avigan) эмийг БНХАУ-д эмнэлзүйн туршилт судалгаа хийж COVID-19-ын эсрэг үр дүнтэй болохыг тогтоожээ.

Авиген эмийг Япон улс төдийгүй БНХАУ,АНУ эмнэлзүйн туршилтыг хийж үр дүнтэй байгаа талаар тэмдэглэж байна.

ОХУ-ын САРС  өвчнийг эмчлэх патент авсан томуугийн вирусийн эсрэг гаж нөлөө багатай  эм болох Юмифэновирыг  БНХАУ-д эмнэлзүйн туршилтанд оруулж үр дүнг судалж байна.

-Монгол Улсын эрдэмтэд Covid-19-ийн талаарх судалгаа хийж байна уу. Тийм бол судалгаа хэр үр дүнтэй явна вэ?

-Улсын онцгой комиссын 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ны өдрийн хурлаар шинэ төрлийн коронавирусийн генийн болон тандалт, тархалт, эмнэлзүйн судалгаа хийх, цаашид эмчилгээний тактик боловсруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор АШУҮИС болон бусад эрдэм шинжилгээний байгууллагуудыг хамтран оролцуулан уг вирусийн нарийвчилсан судалгаа хийлгэх ажлыг зохион байгуулж, санхүүжилтийг БСШУСЯ-ны шинжлэх ухаан, технологийн сангаас шийдвэрлэх гэсэн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн сайдын тушаалаар коронавируст халдвар, COVID-19-ийн судалгааны долоон тэргүүлэх чиглэлийг боловсруулан баталж, эрдэм шинжилгээний байгууллагууд төвүүдийн хамтарсан ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ, ЦСССҮТ, ЗӨСҮТ, АШУҮИС, МАУА, АУХ, ШУА байгууллагуудаас бүрдсэн багуудыг гаргасан.

Судалгааны тэргүүлэх чиглэл:

  • SARS-CoV-2-ын нутгийн омгуудын геномын бүтцийг тодорхойлж, молекул эпидемиологийн онцлогийг тогтоон, онош, тандалт, сэргийлэлтийн манай орны нөхцөлд тохирсон арга, хэрэгслэл зохион бүтээх;
  • Хүн амын янз бүрийн давхрага, эмзэг бүлгийнхний дотор аnti-CoV, anti-SARS-CoV2 IgM, IgG тархалтыг судалж, онош, тандалт, сэргийлэлт ашиглах чиглэлийг тодорхойлох;
  • Манай оронд тохиолдож буй KOVID-19 халдварын эмнэлзүйн илрэлийг судалж, онцлогийг тодорхойлон эмчлэн илааршуулах оновчтой аргыг боловсруулах;
  • Манай оронд тохиолдож буй улирлын CoV-ийн халдварын эпидемиологи, эмнэлзүйн онцлогийг судлан тогтоож, сэргийлэх, эмчлэх оновчтой арга замыг тогтоох;
  • Вакцин хэрэглэх нас, хүрээ, дэс дарааллыг тогтоож, тохиолдож болох бэрхшээлийг даван туулах аргуудыг тооцоолох;
  • Манай орны нөхцөлд тохирсон, ДЭМБ-ын шаардлагыг хангасан оношлуур, эм, биобэлдмэл, бусад тоног төхөөрөмж, хэрэглүүр зохион бүтээж үйлдвэрлэн хангах;
  • Монгол орны гэрийн тэжээмэл болон зэрлэг амьтдын дунд CoV-уудын орчлыг тодорхойлж, эпизоотологи, эпидемиологийн ач холбогдлыг илрүүлэн тэмцэх аргыг боловсруулах;

-Covid-19 халдвар хэзээ зогсч, иргэд хэвийн амьдралдаа шилжиж болох вэ. Энэ талаар тархвар зүйн судалгаа байгаа байх?

-Судлаачид вакцин гартал тархалт дахин нэмэгдэх магадлалтай тул тархвар зүй, өвчлөлийн бүртгэлийг өндөр түвшинд явуулах нь зүйтэй хэмээн зөвлөж байгаа. Эрүүл мэндийн салбарын хүчин чадал хангалтгүй орнууд тусгаарлалт, хөл хорионы дэглэмийг 2022 он хүртэл үргэлжлүүлэх шаардлагатай гэж судлаачид тооцоолсон. Мөн вирусийн тархалтын судалгаагаар коронавирусийн халдвар авсан хүн нуугдмал үе болон эмнэлзүйн шинж тэмдэг илэрч эхлэх үедээ бусдад халдвар тараах магадлал хамгийн өндөр байгааг тогтоосон. Судалгаагаар КОВИД-19-өөр өвчлөгсдийн 44 хувь нь шинж тэмдэг илрээгүй халдвар тээгчээс халдварыг авсан байна.

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
65
ТэнэглэлТэнэглэл
26
БурууБуруу
19
ЗөвЗөв
18
ГайхмаарГайхмаар
12
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж