“Хөл хорионд орж, нэг хэсэгтээ гэрээс гараагүй байгаа болохоор тогломоор санагдаад тоглоомын талбай орсон. Тэр гулсуурыг дээрээс уначихна гэж огт бодоогүй. Гулсууранд даруулаад, гэмтээд аймшигтай их өвдсөн. Амьсгалж, хөдөлж чадахгүй байсан. Дахиж тэнд очихгүй” хэмээн арван настай Б.Анунгоо охин нүд дүүрэн нулимстай ярьсан юм. Охин Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд байрлах тоглоомын талбайн гулсууранд даруулснаас болж, хоёр хавирга, эгэм нь хугарч, уушги нь бяцарчээ. Энэ бол зөвхөн нэг жишээ. Ийм эмгэнэлтэй жишээ Монголд олон. Тоглохоор гэрээсээ гарсан хүүхдүүд эргэж ирээгүй эмгэнэлт явдал өнгөрсөн жил гэхэд цөөнгүй гарсан билээ.
11 НАСТАЙ ХҮҮ ХААЛГАНД ДАРУУЛЖ ЭНДЭВ
2018 оны зугадугаар сарын 18-нд Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөл бөмбөгийн талбайн хаалганд 11 настай хүү даруулж амь насаа алдав. Ойр орчимд нь сургуулийн талбайгаас өөр тоглох газар байхгүй тул тэр хавийн хүүхдүүд тэнд тоглож, өдрийг өнгөрүүлдэг байжээ. Тухайн үед хөл бөмбөгийн талбай нээлттэй, сургуульд жижүүрээс өөр хүн байгаагүй аж. Хүү төмөр шонгоос барьж, бөмбөг өшиглөх үед хаалга дээрээс нь унаж, амиа алдсан байдаг.
ЦАХИЛГААН УТАС ЕСӨН НАСТАЙ ХҮҮГИЙН АМИНД ХҮРЭВ
Энэ үйл явдлын дараахан /2018.06.25/ есөн настай хүү гэрийнхээ ойролцоо буюу Сүхбаатар дүүргийн VII хороонд байрлах эмийн сангийн хажууд тоглож байгаад мөн л зуурдаар, бас харамсалтайгаар амиа алдав. Хөөцөлдөж явсан хүү "Эко шинэс" эмийн сангийн хаалганаас барьснаар тогонд цохиулан амиа алдсан. Эмийн сангийн цахилгааны утас ил гарснаас төмөр хаалганд цахилгаан цэнэг үүсч, ийнхүү нэгэн хүүгийн аминд хүрсэн юм.
Эрүүл, аюулгүй байх шаардлага тавигддаг тоглоомын талбай нь хүүхдийн аюулгүй байдалд заналхийлж байна. Гэмтэж бэртсэний улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд өдөрт 100 гаруй хүүхэд ханддаг гэдгийг тус эмнэлгийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч дурдсан юм. Тухайлбал, өнгөрсөн жил 1800 хүүхэд ГССҮТ-д хандсан байна.
“АЮУЛГҮЙ ТОГЛООМЫН ТАЛБАЙ ЯМАР БАЙХ ЁСТОЙ ВЭ”
Гулсууранд даруулж бэртсэн 10 настай охины тоглож байсан талбай нь Чингэлтэй дүүргийн 17 хороонд харьяалагдана. Тус хорооны Засаг дарга В.Хүрэлбаатар “Хүүхдийн тоглоомын талбай аюулгүй байна гэхээрээ яг ямар байх ёстой юм бэ, хамгаалалттай байна гэхээр яг яаж хамгаалах ёстой юм бэ. Энэ талбайд дээр үеэс л хүүхэд тоглодог байсан. Урсгал засварыг нь хийгээд явдаг” гэж ярьсан юм. Монгол Улсад саяхныг хүртэл тоглоомын талбайн стандарт гэж байгаагүй юм. Хүүхдийн тоглоомын талбайн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд тавигдах ерөнхий шаардлага буюу UCS0002-02:2019 өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард батлагджээ. Уг стандартын дагуу баригдсан нэг ч тоглоомын талбай Монгол Улсад байдаггүй гэж хэлж болно.
“ШААРДЛАГА ХАНГАСАН ГАДАРГУУТАЙ ТОГЛООМЫН ТАЛБАЙ УЛААНБААТАРТ БАЙХГҮЙ”
Тоглоомын талбай нь стандартад зааснаар гэрэлтүүлэг, хяналтын камертай байх ёстой. Хүүхдийг гэмтэж бэртэхээс хамгаалсан байх ёстой. Хүүхдийн тоглоомын талбайн стандартын талаар Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Стандарт хэрэгжүүлэлтийн хэлтсийн дарга Б.Ариунтуяагаас тодрууллаа.
– UCS0002-02:2019 стандартад зааснаар хүүхдийн тоглоомын талбай нь ямар байх ёстой вэ. Ерөнхий стандартаас дурдахгүй юу?
-Хүүхдийн тоглоомын талбай нь аюулгүй байдлыг хангасан байх ёстой. Аюулгүй байдлын шаардлагыг хангуулах гэдэг нь хүүхэд гэрээс гараад тоглоомын талбай хүрэхэд унаж бэртэлгүй, аюулгүй очих боломжийг бүрдүүлэх. Хоёрт, байршил. Хүүхдийн тоглоомын талбай нь авто замаас зайтай, эргэн тойронд нь аюул учруулах зүйлгүй байх шаардлагатай. Гуравт, зай талбайн хэмжээ чухал. Зай талбайн стандартын шаардлага хангаагүйн улмаас буюу бага зайд олон төрлийн тоглоом байршуулснаас хүүхэд гэмтэх бэртэх эрсдэлтэй. Дөрөвт, тоглоомын талбайн арчлалт, хамгаалалт, нөхөн сэргээлт. Манайд арчлалт, засварын асуудал хамгийн их тулгамддаг. Мөн тоглоомын эрэг, боолт хамгаалагдсан, суурь нь бетон биш байх шаардлагатай.
-Арчлалт, засварыг ямар давтамжтай хийх ёстой вэ?
-Улирал бүр хяналт тавьж, жил бүр нэгдсэн хяналт, засвар хийх шаардлагатай. Үүнийг хийгээгүйгээс тоглоом хуучирч, элэгдсэнээс болоод эрсдэл дагуулдаг. Мөн хүүхдийн тоглоомын талбайн гадаргуу буюу суурь гадаргууг элс, хайраг, эсвэл резинэн зөөлөвчтэй хийх ёстой. Энэ стандарт Улаанбаатар хотод байгаа хүүхдийн тоглоомын талбайд алдагдсан. Шаардлага хангасан гадаргуутай тоглоомын талбай байхгүй. Хүүхэд үсэрч, гулгаж газардахад гадаргуу нь элс, хайраг, эсвэл зөөлөвчтэй байх ёстой байтал манай тоглоомын талбайн гадаргуу ихэвчлэн цементэн байдаг.
-Улаанбаатарт байгаа тоглоомын бүх талбай шаардлага хангадаггүй гэсэн үг үү. Нийт хэдэн тоглоомын талбай байдаг вэ?
-Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргасан судалгаагаар 600 гаруй тоглоомын талбай байдаг юм байна. Бидний хийсэн судалгаагаар 301 хүүхдийн талбайг шинэчлэх, шинээр байгуулах шаардлагатай гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, 50 хувийг нь шинэчлэх шаардлагатай байна.
-Шинэчлэх шаардлагатай талбайд одоо хүүхдүүд тоглож байгаа юу?
-Орон сууцнуудын дунд байгаа ийм талбайнуудыг шууд хааж болохгүй. Тиймээс аюулгүй байдлыг хангуулж, эвдэрсэн тоглоомыг чөлөөлж, засвар хийлгэж байгаа.
-Зай талбайн стандарт ямар байх ёстой вэ?
-Хүүхдийн тоглоомын талбай нь хамгийн багадаа 150 ам метр талбайтай байх ёстой. Тоглоом бүр нь аюулгүй бүсэд буюу 1.8 метр зайтай байрлана. Өөрөөр хэлбэл, тоглоом тус бүрийг 3.6 метрийн зайтай байрлуулах шаардлагатай.
-Хүүхдийн тоглоомын талбайн стандартад хаанаас хяналт тавих шаардлагатай вэ?
– Хүүхдийн тоглоомын талбайг СӨХ-д хариуцдаг ч аюулгүй байдалд хяналт тавих хүмүүс нь ээж, аав, асран хамгаалагчид. Өдөр тутамдаа байнга хяналт тавьж байх шаардлагатай. Манайхаас гаргасан товхимлыг хараад тоглоомын талбайгаа шаардлага хангаж байгаа эсэхийг мэдээд СӨХ-дөө шаардлага тавьж болно. Хүүхдийн тоглоомын талбайн стандартыг мөрдүүлэхэд эцэг, эхийн оролцоо чухал.
-Эцэг, эхчүүд шаардлага тавьсан ч тухайн СӨХ, хариуцаж байгаа газар нь шаардлагыг хүлээж авахгүй бол яах вэ. Хуулийн хариуцлага гэж байна уу?
-СӨХ нь шаардлагыг хүлээж авахгүй бол хороондоо, цаашлаад дүүрэгтээ мэдэгдэж болно. Мэргэжлийн хяналтын газар ч юм уу зохих хяналтын байгууллагад хандаж болно. Түүнээс биш тоглоомын талбай шаардлага хангаагүй тохиолдолд хүлээлгэх хуулийн хариуцлага байдаггүй. Тиймээс анхнаасаа стандартын шаардлагын дагуу баригдсан тоглоомын талбайг хүлээж авах нь зөв. Иргэд тоглоомын талбай нь стандартын шаардлага хангасан эсэх талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Энэ талаарх мэдээллийг манайхаас гаргасан товхимлоос авч болно.
-Анхнаасаа стандартын дагуу баригдсан байх шаардлагатай гэхээр энэ нь улсын комиссын (Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс) ажил юм биш үү?
-Орон сууцны хороолол зурагт тусгагдсаны дагуу буюу шаардлага хангасан тоглоомын талбайтай баригдсан эсэхийг Улсын комисс шалгаж хүлээн авах ёстой.
-Энэ онд нийслэл тоглоомын талбай барина гэсэн. Эдгээр тоглоомын талбайнууд стандартын дагуу баригдаж чадах уу. Танайхаас энэ тал дээр анхаарал тавьж байна уу?
-Орон нутгийн хөрөнгө оруулалтаар 2020 онд 42 байршилд хүүхдийн тоглоомын талбай баригдана. Эдгээр газарт стандартыг мөрдүүлэхээр бид ажиллаж байгаа.
Тоглоомын талбайг хариуцаж буй газар нь буюу СӨХ, хороо, дүүрэг нь хүүхдийн тоглоомын талбайн стандартыг мөрддөг, стандартаа мөрдөж байгаа эсэхэд эцэг эхчүүд онцгойлон анхаарч, хяналт тавьдаг байх шаардлагатай байна.
Холбоотой мэдээ