Мэргэжлийн холимог тулааны зартай эрчүүдийн нэг Конор МакГрегор твиттер хуудсаараа дамжуулан өөрийн UFC холбооны "Бүх цаг үеийн шилдэг тулаанч"-ийн жагсаалтаа олон нийтэд танилцуулжээ. Тэрбээр энэхүү гаргасан жагсаалтынхаа эхний байрт Бразилын домогт Андерсон Силваг оруулан "Бүх цаг үеийн шилдэг тулаанч" хэмээн тодотгосон байна. Харин өөрийгөө хоёрдугаар байрт оруулж, гуравдугаар байрт Канадын алдарт тулаанч Жорж Сайнт Пьерриг багтаасан бол дөрөвдүгээрт өнөө цагийн шилдгүүдийн нэг Жон Жонесыг багтаажээ.
Андерсон Силва UFC холбооны дунд жингийн аваргын бүсээ 2,457 өдрийн турш хадгалснаараа түүхэнд нэрээ үлдээсэн агуу тулаанч. Тэрбээр 2006-2013 онуудын хооронд аваргын бүсээ хамгаалах нийт 16 тулаан хийж ганц ч ялагдаагүй.
Өдгөө 31 настай ирланд тулаанчийн хувьд хамгийн сүүлд өнгөрөгч нэгдүгээр сард UFC 246 өдөрлөг дээр америк тулаанч Дональд Серронег хүнд цохилтоор ялж, эргэн ирснээ зарласан юм. Өдгөө 22-4 гэсэн амжилттай яваа түүний хувьд UFC холбооны түүхэнд хоёр жингийн аваргын бүс эзэмшсэн анхны тулаанч болсон. Харин энэ бүгдийг харсан Хабиб Нурмагомедов өөрийн твиттер хуудсаараа дамжуулан Конор МакГрегорыг "Твиттерийн бүх цаг үеийн шилдэг тулаанч" хэмээн тодотгожээ.
Холбоотой мэдээ